Хятад барьцалдуулагчийн УГААРЫН ХИЙ монголынхоос ХОЁР ДАХИН өндөр гарсныг нуужээ


Хятад барьцалдуулагчийн УГААРЫН ХИЙ монголынхоос ХОЁР ДАХИН өндөр гарсныг нуужээ

 

Шахмал түлшний барьцалдуулагчийн чанар стандарт шаардлага хангахгүйгээс угаарын хий их гарч, агаар орчныг бохирдуулж байгааг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл угаарын хий юунаас болж өндөр гарч байгааг эцэслэн шинжилж, түүний эсрэг арга хэмжээ авч чадахгүй байсаар байна.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат хэвлэлд ярихдаа “...Шахмал түлшний найрлага үндсэн хоёр түүхий эдээс бүрддэг. 95 хувь нь мидлинг, 4-5 хувь барьцалдуулагч буюу холбогч эдийг ашиглаж байна. Анх 2019 онд манай үйлдвэр байгуулагдсан цагаас хойш түлшний орц, найрлага огт өөрчлөгдөөгүй. Технологийн горим маш энгийн. Мидлингийг 5мм хүртэл нунтаглаж барьцалдуулагчтай хольж хэвлэж шахаад хатаагаад л болно… Бид өнөөдрийг хүртэл шахмал түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй гэдгийг л хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдсэн.

Тэгвэл “Тавантолгой түлш” компани барьцалдуулагчийг монгол, хятад хоёр төрлөөр нь ашигладаг. Өөрөөр хэлбэл, Хятадаас импортолдог, мөн дотоодын үйлдвэрүүдийнхийг ашигладаг гэсэн үг.

Нэгэнт угаарын хий их гарч байгаа шалтгаан барьцалдуулагчтай холбоотой учир барьцалдуулагчийг солих, цаашдаа шахмал түлшийг халах тухай асуудал яригдаж эхлээд байна. Гэтэл энэ асуудлаар дотоодын үйлдвэрүүд хоёр хоногийн өмнө мэдэгдэл гаргасан нь анхаарал татав.

Тэд “…Бидний үйлдвэрлэж буй “доломитийн барьцалдуулагч” нь түлшний үйлдвэрлэлд 3.5-4%-иар орж байгаа ба түлшний хаталтын температур болон хугацаа импортын барьцалдуулагчаас 2 дахин бага байгаа нь түлш үйлдвэрлэлийн зардлыг буруулах маш том давуу тал үүсгэж буй нь бүх шатанд нотлогдсон… Монгол Барьцалдуулагч нь шахмал түлшний ердөө 5% д ордог тул утаа ялгаруулах ямар ч боломжгүй болно. Харин чанаргүй Хятад барьцалдуулагч хэрэглэж, хог үйрмэг ихтэй нойтон түлшийг ард иргэдэд нийлүүлж байгаагаас үүдэн утаа ихээр ялгарч байгаа болно” гэжээ.

Үнэндээ одоогоор монгол, хятад барьцалдуулагч аль нь муу, аль нь чанартай байгаа талаар албан ёсны судалгаа, шинжилгээний мэдээллийг олон нийтэд өгөөгүй байна. Тэгвэл монгол, хятад барьцалдуулагчийг лабораторид шалгасан шинжилгээний хариуг танилцуулж байна. Энэ мэдээллийг албаныхан хав дарсан байж болзошгүй байгаа юм.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-нд Тавантолгой компанийн төвийн болон зүүн бүсийн үйлдвэрээс шинжилгээ авчээ. Шинжилгээнд шахмал түлшний:

  • Азотын исэл
  • Хүхрийн давхар исэл
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл /угаарын хий/
  • Тоосонцор гэсэн 4 төрлийг хэмжиж үзсэн байна.            

Ингэхдээ хятад барьцалдуулагч ашигласан зүүн үйлдвэр, монгол барьцалдуулагч ашигласан баруун үйлдвэрийг тус тусад нь шинжилсэн байна.

Шинжилгээний хариу маш ноцтой гарчээ. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болоод буй угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл Зүүн үйлдвэр дээр буюу хятад барьцалдуулагчтай шахмал түлшнийх 14.000 мг/нм3буюу стандартаас бараг хоёр дахин давсан хэмжээнд гарчээ. Харин Төвийн үйлдвэр буюу монгол барьцалдуулагч ашигласан шахмал түлшнийх 7368 мг/нм3буюу стандартын хэмжээндээ гарсан байна. MNS 521652016 ахуйн хэрэглээний зуухны стандартад нүүрсхүчлийн хий 9800 мг/нм3-аас ихгүй байх ёстой ажээ.

Энэ нь хятад барьцалдуулагчтай шахмал түлшний угаарын хий маш өндөр хэмжээнд байна гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнгөрсөн долоо хоногт Тавантолгой түлш компанид ажиллах үеэр энэ тухай мэдээлэл хөндөгдөөгүйгээр барахгүй, эсрэгээрээ монгол компанийн бүтээгдэхүүн чанар стандарт муу байгаа тухай онцолсон нь анхаарал татаж байгаа юм. Шинжилгээний хариу өөрөөр гарчихсан байхад олон нийтэд зориуд төөрөгдүүлсэн мэдээлэл өгч байгаа нь ямар ашиг сонирхол ард нь нуугдаж байна вэ гэж асуухад хүргэж байна!?

 

https://tsahiur.mn/n/s/22673


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.