Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг шинэ өнцгөөс харвал


Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг шинэ өнцгөөс харвал

 

Монгол Улс Орос, Хятадын дунд хавчуулагдсан локаль шинжтэй "зөөлөвч” улс байх уу, жижигхэн ч гэлээ глобаль улс байхын төлөө явах уу-

Зургаадугаар сарын сонгуулийн дүнд парламентын төрх бүрмөсөн өөрчлөгдөв. Өмнөх эрх баригч нам есөн суудал авахаас хэтэрсэнгүй. Ялагдлын шалтгааныг янз бүрээр хэлж болох биз ээ.

Ялагдлаа гээд өмнөх бүх бодлого тэр чигээрээ үгүйсгэгдэж буй хэрэг мэдээж биш. Ялангуяа, дотоод бодлогоос ялгаатайгаар гадаад бодлогод залгамжит чанарыг чухалчилдаг нь аль ч улсад адилхан.

Тиймээс энэхүү эссэний гарчигт буй, Ардчилсан намын хэрэгжүүлж ирсэн "Гуравдагч хөршийн бодлогыг” дахин нэг эргэцүүлж үзье. Яагаад гэвэл, дэд гарчигт байгаачлан Монгол Улс локаль улс байх уу, глобаль улс болохыг зорих уу гэдэг сонголттой тулгараад байна гэж хэлж болно.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ (ЕХ) ИРЭЭДҮЙГ БОДОЛЦОЖ ҮЗЭХЭД ШИНЭЭР УРГАН ГАРЧ ИРЭХ ТОДОРХОЙГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Зургаадугаар сарын 23-нд Их Британи улсад нийт ард түмний санал асуулга явагдаж, багахан саналын зөрүүгээр ЕХ-оос гарах тал нь дийлсэн. Энэ үр дүн ЕХ-г бүрдүүлэгч улсуудад гүнзгий нөлөө үзүүлж магадгүй. Их Британи улсын ард түмний энэхүү шийдвэр ЕХ-ны гол хүч болсон.

Франц, Германы ард түмэнд ч гэсэн улсынхаа ирээдүйг зураглах шийдвэр гаргахад гол нөлөөлөгч хүчин зүйл болох болов уу. Агуу том улс болох зорилго бүхий ЕХ-ны цаашдын үйл ажиллагааны талаарх бүрэлдэхүүн улсуудын ард түмний эсэргүүцэл улс бүрийн дотоод улстөрд анхаарахгүй байж боломгүй хүчин зүйлс болж эхэллээ.

МОНГОЛЫН ГЕО-ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН ДАХЬ ШИНЭ ХҮЧИН ЗҮЙЛС

Евразийн эх газар гэдэг хүрээн дотор асуудлыг томоор харвал Их Британийн ЕХ-оос гарах шийдвэртэй ач холбогдлоороо адил гэж үзэж болохоор бас нэг шийдвэр Орос, Хятад, Монгол Гурван улсын хүрээнд яг нэг өдөр гарсан юм. Энэ өдөр Узбекстаны нийслэл Ташкентэд Шанхайн хамтын ажиллагааны 15 дахь жил тутмын хуралдаан явагдаж байв.

Тэнд гурван этгээд "Эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөнд” гарын үсэг зурсан юм. ЕХ-ны бүрэлдэхүүн улсуудтай адилаар гурван улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг элдэв саадгүй явуулах зорилго бүхий тодорхой төлөвлөгөөний саналыг тэнд хэлэлцжээ.

Монгол Улсын цаашдын эдийн засгийн хөгжилд шаардлага бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зөвхөн Монгол Улсын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх бус, хорш улс Орос, Хятадын төлөвлөгөөнүүдтэй нэгтгэсэн хэлбэрээр явуулна гэдэг шийдвэр байв. Их Британи улс ЕХ-той газар зүйн хувьд Доверийн хоолойгоор тусгаарлагддаг бол энэ удаагийн шийдвэр гарснаар эдийн засгийн хувьд ч тусгаарлагдах болж байна.

Монгол Улс Евразийн эх газар дээр хоёр хөрштэйгээ хамт зэрэгцэн оршдог бол цаашид эдийн засгийн суурь бүтцээ улсынхаа хилийг давуулан хамтын зохицол дунд хөгжүүлэхээр ийн шийджээ.

Энэ түүхэн шийдвэр Монгол Улсын хувьд үр жимс өгөх үү, аль эсвэл сөргөөр үйлчлэх үү гэдгийг хэлэхэд эрт. Юутай ч, гео-эдийн засгийн шинэ орчин бүтээхийн тулд тусгаар улсынхаа бүрэн эрхийг даван цоо шинэ чиглэл рүү хөлгийн жолоог залж эхэллээ.

ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АРД БУЙ "НЭГ БҮС, НЭГ ЗАМ” САНААЧЛАГА

Энэ удаагийн хэлэлцээр бол Хятадын эхлүүлж буй эдийн засгийн дипломат бодлогын гол цөм болох "Нэг бүс, Нэг зам” санаачлагын салшгүй хэсэг юм. Евразийн эх газрын эдийн засгийн суурийг хуурай газар, далайн аль аль талаас бэхжүүлнэ. Түүний тулд юун түрүүн бараа, хүн тээврийн нөхцөлийг сайжруулахыг авч үзэж байна.

Энэ удаагийн Ташкентийн хуралдаанд Энэтхэг, Пакистан оролцож Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт гишүүнээр элсэх ёслол үйлдсэн нь гүнзгий утгатай юм. Энэ хоёр улс хамтдаа алхахаар шийдвэрлэсэн учраас тэгж үзэх үндэстэй.

Энд Евразийн эх газрыг далай, хуурай газрын аль аль талаас нь том зургаар харж байгаа Хятадын гадаад бодлогын үр дүн гарч байгаа хэрэг юм.

Гэвч, Хятадын гадаад бодлого Евразийн эх газрыг нүдэндээ багтаах төдийгөөр дуусчихгүй. XX зууны геополитикт томоохон нөлөө үзүүлсэн Их Британийн газар зүйч эрдэмтэн X.Ж.Макиндер хоёр чухал ойлголтыг дэвшүүлсэн бий.

Еврафрикийг "дэлхийн арал” гээд, энэ том арлыг эрхэндээ оруулахад хамгийн чухал үүрэгтэй газрыг "heartland буюу зүрхэн тус газар” гэж нэрлэжээ. Зүрхэн тус газрыг эрхэндээ авсан нь дэлхийн арлыг эзэрхийлж, улмаар тэрхүү ялагч дэлхийн  бөмбөрцгийг засаглана гэсэн санаа юм.

Өнөөгийн Хятадын Ши Жинпиний засгийн "Нэг бүс, Нэг зам” гэх санаачлагын цаана дэлхийн арал Еврафрик буй гэж үзэхэд болохгүй юм ер үгүй.

МОНГОЛ УЛС БҮРЭН ЭРХТ ТУСГААР УЛСЫН ХУВЬД ИХ ГҮРЭН ОРОС, ХЯТАДТАЙ АДИЛ БОЛОВЧ...

Орос, Хятад бол Евразийн эх газраар тогтохгүй хэт том гүрэн билээ. Түүнтэй харьцуулбал Монгол бол газар нутгийн хувьд биш юм гэхэд, хүн амын хувьд өчүүхэн жижиг улс юм. Түүний дээр Орос, Хятадын дунд хавчуулагдсан. Бүрэн эрхт улсын хувьд эрх тэнцүү ч гэлээ, бусад үзүүлэлтээр хоёр их гүрний хаана ч хүрэхгүй. Гуравхан сая хүн амтай, Евразийн эх газар дахь жижигхэн локаль улс.

Тэрхүү жижиг улс Монгол нь Орос, Хятадын хүрээгээ хүчтэй тэлсээр буй эдийн засгийн хөгжилтэй хэрхэн зохицолдвоос зүйтэй вэ. Монголын зүгээс гаргаж чадах зүйл гэвэл их хэмжээгээр байх газрын эрдэс нөөц болох нүүрс, төмрийн хүдэр, хонины мах голлосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс өөр олигтой зүйл байхгүй.

Хятад руу чиглэсэн экспорт нийт экспортын 80 гаруй хувьд хүрээд буй. Монголын эдийн засаг Хятадын эдийн засгийн дагуул хэлбэртэй болжээ. Өмнөх хөршийнх нь эдийн засаг муудахад гадаад валютын орлого буурч.уналтын мөчлөгт шилжинэ. Хятад найтаахад, Монголын эдийн засаг ханиад хүрнэ гэх хэлц гараад буй.

ГЛОБАЛЬ УЛС БОЛГОХ "ГУРАВДАХ ХӨРШИЙН БОДЛОГО”

Гуравдах хөрш гэдэгт АНУ, Канад, Европын холбоо, Японыг оруулдаг. Эдгээр улстай харьцаагаа хүчтэй болгохын цаад шалтгаан бол Монгол нь Орос, Хятадын дундах буфер улс төдий биш, дэлхийн бөмбөрцөг дээр оршин байдаг гэдгийн илэрхийлэл юм.

Ийнхүү илэрхийлэх нь мэдээж чухал. Гэвч, түүнийг нь цаад тал сайтар сонсож хүлээж авч байна уу. Монголтой адилхан бодлого явуулдаг улс зөндөө бий. Ялгаатай нь эх газарт хавчуулагдсан буфер улс гэдэг газар зүйн нөхцөл л юм.

Монголын санаа бодлыг чих тавин сонсгох ямар схем байж болох вэ. Хүн ам тархуу суурьшсан Монголын оргон уудам нутгаа гаргаж тавихаас өөр аргагүй. Тэгэхдээ зүгээр нэг зурагт хуудас тараагаад нэмэр болохгүй.

Монгол гэдэг газар нутаг ямар түүхийг туулан оноог хүрч ирсэн бэ, тэрхүү био-орчин нь энэ дэлхий ертөнцөд ямар ач холбогдолтой вэ, тэр бүхнийг бүхэлд нь багц бүтээгдэхүүн болгон худалдан борлуулах хэрэгтэй.

Түүхэн ой санамжаа дахин сэргээнэ гэсэн үг. Чухам энэ л өөрийн гэсэн "зөөлөн хүчийг” бий болгоно. Үүнийг бодит биелэл болгох нэг арга зам нь туризм байх боломжтой. Үе үеийн засгийн газар энэ салбарыг хөгжүүлэх тодорхой төсөв бүхий нарийвчилсан бодлого төлөвлөгөө гаргасангүй явж ирлээ.

Яаж ажиллавал цаг улирлаас үл хамааран бүтэн жилийн туршид гуравдах хөршүүдээс жуулчин ирүүлэх вэ гэдэг асуултад хариулсан системтэй бодлого алга. Хэрхэн амьд тэсч үлдэх вэ гэдэг асуудлыг чухалчилж ухамсарлахгүй байгаа учраас тэр биз. Мэдэхгүй чадахгүй зүйл олон гэдгийг ойлгож байна. Тэр дутуугаа нөхөхийн тулд ердөө гуравдах хөршөөс мэргэжилтэн уриад ажиллуулахад л шийдэгдэх зүйл билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.