Орос улс сүүлийн хэдэн сарын турш алтыг асар их хэмжээгээр худалдаж аваад байсны нууц тайлагдлаа.
ОХУ-ын Төрийн дум буюу парламентын гишүүд одоо рублийг халж, үндэсний
шинэ валюттай болох асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Оросууд алтан баталгаатай
шинэ валютаа Алтан рубль гэж нэрлэхээр тогтсон байна.
Алтан
рубль хэмээх үндэсний, шинэ валютаа удахгүй олон улсын тооцоондоо
ашиглахаар төлөвлөж байгаа аж. Жишээлбэл BRICS, Евразийн эдийн засгийн
холбоо, Шанхайн хамтын байгууллагын гишүүн орнуудтай худалдаа наймаа
хийхдээ. Оросуудын үзэж буйгаар алтан рубль нь доллар, евро эргэлтэд
байгаа үед ч ОХУ-ын эдийн засгийг тогтворжуулах юм байх.
Оросын
Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Холбооны зөвлөлийн чуулганд
илгээмжээ хүргэхдээ үндэсний валют суларч байгаа асуудлыг яаралтай
шийдэх хэрэгтэй байгаа талаар дурдсан билээ. Үүний мөрөөр Оросын
депутатууд ажиллаад, "Шинэ валютыг эргэлтэд оруулах нь гадаадын мөнгөн
тэмдэгтүүдийг дамлахтай тэмцэх гол нөхцөл болж өгнө. Шинэ валюттай
болохын тулд Үндсэн хуулийн 75-р зүйл ангид залруулга хийж, Ерөнхийлөгч
тушаал гаргах ёстой" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дашрамд дурдахад, 2014 оны
зунаас эхлэн Оросын рубль унаж эхэлсэн билээ.
Парламентын
гишүүн Сергей Батин "Иймэрхүү төсөлд асар их хэмжээний зардал
шаардагдана" гэсэн бол депутат Сергей Гаврилов "Валютыг сольсноор
шилжилтийн үе эхэлж, улс орны эдийн засагт таатай нөлөөлөх юм. Жишээ нь
европчууд валютаа өөрчилж байсан" хэмээн дурджээ. Харин зарим шинжээч
арай өөр бодолтой байгаа бөгөөд "Олон улсын тооцоонд нөөц валют
шаардлагатай байна. Жишээ нь юанийг ашиглаж болох юм" хэмээжээ.
Орос алтан рубль гаргаж, Америкийг "дампууруулна" гэж олон улсын зарим
тоймч "зөгнөлөө". Гэхдээ доллараас татгалзах санаа эргээд санаачилсан
эзнийхээ толгойг цусдах аюултай. Олон улсын тооцоонд доллараас
татгалзахыг санал болгосон сүүлчийн Ерөнхийлөгч бол Ливийн Муаммар
Каддафи. Чухам Каддафи л алтан динарыг эргэлтэд оруулахын төлөө маш
идэвхтэй ажиллаж байсан. Гэвч Каддафи ажлаа дуусгаж чадаагүй төдийгүй
энэ зоригтой санаа түүний амийг авч одсоныг дэлхий дахин мэднэ.
Алтан рубль эргэлтэд орвол Америкийн эдийн засгийг зайлшгүй сүйрүүлнэ
гэж шинжээчид таамаглаж байна. Яагаад гэвэл, өнөөдөр ам.доллар бол ердөө
хэрчсэн цаас төдий. АНУ-ын төр засаг өөрийн доллартаа алтан баталгаа
өгдөггүй, учир нь доллар бол Холбооны нөөцийн сан хэмээх хувийн
байгууллагын гаргадаг цаас. Гэтэл даян дэлхий долларыг ашигласаар байна,
одоогоор өөр хувилбар байхгүй юм чинь. Орос улс дэлхийд хөрвөх
чадвартай алтан рубль гаргах шинэ хувилбараа хэрэгжүүлж чадах болов уу?
Сэтгэгдэл