Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байна


Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээхэд бэлэн байнаУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар ОХУ-ын "Ростех” компанийн мэдэлд байсан Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци” худалдан авсан тухай болон энэ үйл явцыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооны тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж дэд сайд Б.Энхбаяр оролцсон бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Засгийн газраас томилсон Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд танилцуулав. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци”-д шилжүүлж авах шатанд Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцитой холбогдох долоон зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй, Засгийн газар уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, дангаараа шийдсэнээс гадна холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн байх магадлалтай зэрэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд АТГ-т ханджээ. Түүнчлэн "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрийг шалгуулахаар Монголбанкинд хандсан тухайгаа хэлсэн. Харин энэ бүх асуудлын хариуг Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар хангалттай өгсөн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн тавьсан асуултыг томолбол:

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-"Эрдэнэт”-ийн 49 хувь дээр Засгийн газар хууль зөрчсөн байх магадлал байна. Энэ талаар тайлбарлана уу?

Ц.Даваасүрэн гишүүн:

-"Эрдэнэт” стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал болоод хоёр улсын харилцааны асуудал бий. Гэтэл Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүй дангаараа шийдсэн бэ. 49 хувийг Засгийн газар худалдаж авах эрхээс Ерөнхий сайдын хувьд татгалзах эрх байсан уу?

Ц.Нямдорж гишүүн:

-Хэний захиалгаар асуудлыг шийдсэн бэ. Захиалагч нь хэн бэ?

-О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, "Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байна. Яг хэн гэж хүний даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийсэн бэ?

Д.Тэрбишдагва гишүүн:

-Засгийн газар тухайн үед 49 хувийг худалдан авах мөнгийг босгож ирж болоогүй юм уу? Яагаад заавал хаалттай хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн юм бэ?

Ө.Энхтүвшин гишүүн:

-Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө энэ асуудлыг заавал шийдсэн байх ёстой байсан юм уу. Яваандаа улсын мэдлийн 51 хувийг авах нь гэсэн хардлага үүсэж байна. Сонгуулийн дараа ертөнц сүйрэх гээгүй. Та нар энэ 49 хувийг хувьд авах гэж эртнээс бэлдсэн байна. "Эрдэнэт”-ээс гадна Монголросцвемтет, Асгатын орд яваад өгсөн гэж үнэн юм уу?

Энэ бол УИХ-ын гишүүдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал бөгөөд үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарын хариулсныг тоймлон хүргэе.

"ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГДЭНГҮҮТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙГАА”

 

Миний бие энэ асуудлаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас тэр бүр яриад байх боломж байгаагүй. Нөгөө талаас, цаг хугацааны хувьд ч тохиромжгүй байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал, залгуулаад орон нутгийн сонгууль гэхчлэн улстөржилт өрнөж байсан учраас асуудлын гүнд орж, эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв. Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна.

"Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэхэд одоо яриад буй хоёр асуудлаар маргаан гарч байсан. Нэгдүгээрт, УИХ -аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, Их хурлын бүрэн эрхийн асуудал гэсэн байр суурь байсан. Нөгөө талд нь, асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Яагаад гэвэл худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ хүчингүй болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох газрууд, Үндсэн хуулийн цэцэд оруулж шийдвэрлүүлэх нь зөв биз. Харин би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн.

Хэдэн жилийн өмнө УБТЗ-ын асуудлыг ярихад Оросын тал 50 хувиа аваач гэхэд Монголын тал Оросгүйгээр цааш явах боломжгүй гэж шийдсэн тохиолдол байдаг. "Эрдэнэт”-ийн асуудал цаг хугаааны хувьд эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эх буюу УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе. Зургадугаар сарын 23-нд гурван улсын Төрийн тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө асуудлыг шийдэх боломж байна гэж байсан. Тиймээс цаг хугацааны ийм хайчин дунд байгаа учраас та гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд Монгол Улс "Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь аваад явчих асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргаж өгөөч. Хэрэв Их хурлын сонгуулийн дараа намрын чуулган руу асуудал шилжвэл 49 хувь нь Монгол руу ирэх нь шийдэгдэхгүй байж болзошгүй гэсэн байр суурь байгаа гэсэн учраас Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан.

"БИ "ЭРДЭНЭТ”-ИЙГ АЛДСАН БИШ, ОЛЖ АВЧИРСАН ЕРӨНХИЙ САЙД БАЙЯ ГЭЖ БОДСОН”

49 хувийг худалдаж авах эрхээс Засгийн газар яагаад татгалзав гэдэг асуултын хувьд, Засгийн газрын гишүүд энэ асуудлаар ярилцсан. Протоколд ч бий. Оросын талын байр суурийг баталсан бичиг баримтыг Засгийн газарт авчирч үзүүл гэсэн шаардлагыг тавьсан. Яагаад гэвэл, цаг хугацааны хувьд шахуу байгааг тэр хүмүүс бидэнд хэлсэн. Нөгөө нэг асуудал нь, 49 хувь бол зөвхөн бидэнтэй хийгдэх гэрээ юм. Хэн нэг өөр этгээд орж ирэх юм бол энэ гэрээ хийгдэхгүй гэсэн. Ер нь бол ОХУ-ын эзэмшлийн 49 хувь гэдэг өөрөө урт түүхтэй асуудал. Анх ОХУ-ын Засгийн газар хувьцаа эзэмшигч нь байсан. Дараа нь Сангийн яам нь болсон. Дараа нь манай ТӨХ гэдэгтэй адил тэр институци нь 49 хувийг эзэмших болсон. Эцэст нь "Орос технологи” гэдэг аж ахуйн нэгж(ААН)рүү шилжүүлсэн байдаг. Энэ үед бидэнтэй ямар нэг байдлаар асуудал яриагүй. ОХУ-ын ААН-д байсан 49 хувиа Монгол Улсын ААН-д зарах худалдан авалтын үйл явц болсон. Ц.Даваасүрэн гишүүний асууж байгаа шиг ийм асуудал гарах учраас Засгийн газрын тогтоол хоёр заалттай гарсан. Нэгдүгээрт, "49 хувийг авах давуу эрхээс татгалзаж, тухайн нөхцөлд нь худалдан авалтыг зөвшөөрсүгэй” гэсэн заалт. Хоёрдугаарт, процессын хувьд дуусгахыг Гадаад харилцааны сайдад даалгасан. Гуравдугаарт, Засгийн газрын хуралдаанд бид ярилцаад, нэмж оруулсан нэг заалт бий. Тэр нь танай ААН-д 49 хувиа зарна гэдгээ батал. Баталж чадахгүй бол бид 49 хувийг авах давуу эрхээс татгалзсанаасаа харин татгалзана шүү гэж оруулсан. Үүнийг Ажлын хэсэг харсан байх гэж бодож байна. "Ростех” компани "Бид энэ аж ахуйн нэгжээс бусад хуулийн этгээдтэй ямар нэг байдлаар яриа хэлцэл хийгээгүй” гэсэн бичиг ирүүлснийг Засгийн газарт авчирч үзүүлсэн. Мөн тэр бичигт бид цаашид ямар нэг гуравдагч этгээд, аль нэг улсын Засгийн газар, тэр дотроо Монголын Засгийн газрыг оролцуулан ямар нэг яриа хэлцэл хийгээгүй гэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг шийдэхэд ямар нэг хувилбар байгаагүй.

400 сая ам.доллар байгаагүй юм уу гэдэг асуудал онолын түвшнийх. Бидэнд ямар туршлага байсан гэхээр УИХ дээр Цагаан суваргын асуудал орж ирж байхад бид 200 сая ам.доллар өгч чадахгүй буцааж байсан. Улаанбаатар төмөр зам 100 хувь Монголын төрийн өмч болох боломжийг ч бас алдсан. Энэ бүхнийг бодсон.

Монгол Улсын эрх мэдэлд "Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь авчрахын тулд зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд, 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан. Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хамаагүй, эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан "Эрдэнэт” 100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Би энэ улсын эрх ашгийн төлөө ажиллаж байсны хувьд "Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү.

"ОРОСЫН МЭДЭЛД БАЙСАН БАЯЛГИЙГ МОНГОЛДОО АВЧИРСАН НЬ БУРУУ БОЛ ЯЛ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙНА”

Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа эд явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг. Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариуц эцэслэж гарах хүртэл ил болгож болдоггүй. Энэ зарчмуудын дагуу хаалттай хэлэлцсэн.

Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй. Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

О.ОРХОН: "РОСТЕХ” ХУВЬЦААГАА ХЭНД ШИЛЖҮҮЛЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ

Би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувийн охин компани болох "Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдпож, яаж ажилласан талаар асуултад хариулц, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж ирээгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Захиалагчийн хувьд "Монголын зэс корпораци” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо, мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд "Ти Ди Би капитал” компани зөвлөгөө өгч оролцсон. ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон.

Үйл явц хэрхэн өрнөсөн гэхээр үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн гараас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. "Ростех” компанийн Хяналтын зөвлөлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон, томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч "Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад "Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яах вэ. Ямар ч байсан "Монголын зэс корпораци”-тай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч, холбогдох гийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай, ийм нөхцөлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах, эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд "Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу "Ростех” худалдан авагчаа сонгоод, нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх, эсэх талаар сонголт өгсөн. Засгийн газраас давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан.


 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.