270 өвчтөндөө ДОХ халдаасан эмчийн хэрэг шуугиан дагуулсаар байна


270 өвчтөндөө ДОХ халдаасан эмчийн хэрэг шуугиан дагуулсаар байна

 

270 өвчтөнөө Дархлалын олдмол хомсдол өвчний вирусээр халдварлуулсан эмчийн хэрэг Камбож улсад гарсан билээ. Эмчлэх эрхийн лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж, олон хүнийг хохироосон 55 настай гэмт этгээдийг "Бусдыг шууд бусаар хөнөөсөн” хэрэгт буруутай гэж үзэн 25 жил хорих ял ногдуулжээ. Баттабанг мужийн нэгэн тосгонд гарсан энэ хэрэг Камбожид ихэд шуугиан дэгдээж, эрүүл мэндийн салбарын шинэчлэх асуудлыг хөндөх хүртлээ өндөр аваад байгаа юм.

Шүүгдэгч нэг удаагийн тариурыг олон удаа хэрэглэдэг байсан гэдгээ хүлээсэн ч өвчтөнүүдийнх нь дунд дархлалын олдмол хомсдолтой хүн байгааг мэдээгүй хэмээн өөрийгөө зөвтгөсөн. Гэвч нэг удаагийн тариур нь чухам энэ эрсдлээс л сэргийлэх зорилготой учраас түүний мэдүүлгийг хэрэгсэлгүй зохих шийтгэлийг нь оноожээ.

Эмчийн буруугаас болж ДОХ-ын вирус авсан 270 өвчтөний 10 нь нас бараад байгаа юм байна.

Тус улсад энэ өвчний тохиолдол 1990-ээд онд анх бүртгэгдсэн ч төрөөс дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар бол хичнээн хүн өвчилсөн гэсэн бодитой тоо үгүй, бараг хяналтгүй байсан аж. Харин энэ хэргийн дараа улстөрчид ДОХ-той тэмцэхээр ханцуй шамлаж байгаа гэнэ.

ДОХ өвчин тархах болсон шалтгааны талаар олон гаргалгаа байгаа ч санхүүгийн асуудал гол нь гэдгийг "Ройтерс” хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн зардал маш бага учраас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл байнга гачигддаг юм байна. Орон нутгийн хэвлэлд ч энэ тохиолдлыг "Анхных биш. Эмнэлгийн стандарт мөрддөггүй өөр эмнэлгүүд ч байгаа, сайн шалгах хэрэгтэй” гэсэн утгатай нийтлэлүүд гарсныг агентлаг иш татжээ.  Харин The Guardian сонин иргэдийн ядуу зүдүү байдал, мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай илүү хамаатай гэж үзсэн байна. Дэлхийн банкны судалгаагаар, Камбожийн 100 мянган иргэнд 0.2 эмч ногдож байгаа нь Афганистантай зэрэгцэх үзүүлэлт ажээ. Тэгвэл Монголд 10 мянган хүнд 27 эмч, 36 сувилагч ногддог.    

 

С.Алдар

http://news.zindaa.mn/1uz3


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.