Ардчилсан намд “цүнх барьсан” арван жил



-Адил гараанаас эхэлсэн Ардын намын үе тэнгийнхэн нь өнөөдөр гишүүд, сайд нар болчихоод урагшилж явахад Ардчилсан намын 40 настнууд арван жил "цүнх барьсан” хэвээр явж байна. Үнэндээ тэд авьяас чадвараараа ард нь хоцорсон хэрэг огт биш. Ардчилсан нам ардчилалгүй болсны л амьд гэрчүүд юм- 

Сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан намын гишүүдийг дээр дооргүй дэвэлзүүлж байсан "намаа шинэчлэх” тухай гал цогтой ярианы эрч сааран саарсаар өнөөдөр намын даргыг солих тухай болтлоо намсаад буй. Юутай ч шинэчлэл нь шинэ даргыг төрүүлэх үү, эсвэл шинэ дарга нь шинэчлэлийг эхлүүлэх үү гэдэг асуултад тус намын гишүүд ирэх сарын 6-нд болох Их хурлаараа хариулт өгөх юм. 
Энэ удаагийн Их хурал нь намын даргын асуудлыг хэлэлцэхээс гадна арваад жилийн дараа ахин хуралдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Үнэндээ арван жил тасалдсан Их хурлаа хуралдуулж, үүд хаалгаа эгэл жирийн гишүүддээ дахин нээх гэж байгаа нь өөрөө бараг "шинэчлэл”-ийн хэмжээнд яригдах үйл явдал байх.
Их хурал хуралдахаа больж, Их хурлын хооронд намын эрх барих үүрэгтэй байгууллага болох ҮЗХ-ныхоо дотоод сонгуулийг ч ном дүрмээр ч явуулахаа байсан Ардчилсан намын сүүлийн арван жил нь тус намын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэх харанхуй он жилүүд гээд хэлчихвэл хилсдэхгүй байх. Ах нарын хэн нь ч анзаарахыг хүсэхгүй л байгаа болохоос биш ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийг нь бараадан тус намд гишүүнээр элссэн 30-тай залуус өнөөдрийг хүртэл ҮЗХ-ны сонгууль болохыг хүлээсээр байгаад амьдралынхаа арван жилийг өнгөрөөчихсөн байна. Ардчилсан намд 30 настай элсээд 40 нас хүртлээ дагаж гүйсэн тэдэнд "цүнх барих”-аас цааш боломж олгоогүй тус намыг ардчилалтай, залгамжтай гэж хэлэхэд үнэхээр хэцүү биз ээ. Сүүлийн арван жил хаалгаа түгжиж байгаад хамаг асуудлаа өөр зуураа тохирсоор ирсэн хэдхэн дарга нараас өөр шинэ лидер, шинэ нүүр царай, шинэ санаа бодол энэ намд төрөөгүйн нэг шалтгаан нь энэ юм.
Ардчилсан намыг ийнхүү "ардчилалгүй”-гээр арван жил амьдрах хооронд Ардын нам дотоод дахь шат шатны сонгуулиа журам, дүрмийнхээ дагуу явуулж, шинэ хуучин хүмүүсээ жам ёсоор нь хэдэнтээ сольж амжсан байх юм. Үүнийг нотольё гэвэл УИХ дахь Ардчилсан намын гишүүд, МАН-ын гишүүдийг хооронд нь харьцуулаад харахад л ойлгомжтой болно. Адил гараанаас эхэлсэн Ардын намын үе тэнгийнхэн нь өнөөдөр гишүүд, сайд нар болчихоод урагшилж явахад Ардчилсан намын 40 настнууд арван жил "цүнх барьсан” хэвээр явж байна. Үнэндээ тэд авьяас чадвараараа ард нь хоцорсон хэрэг огт биш. Ардчилсан нам ардчилалгүй болсны л амьд гэрчүүд юм. Саяхныг хүртэл бидний ижил сэтгүүлч хийгээд гүйж явсан шилэн Цогоо намын гишүүнээсээ дэвшээд дэд сайд болчихоод явж байхад МАН-ыг коммунистаар нь дуудна гэдэг ёстой л шоглосон хэрэг болох биз. 
Ардчилсан нам удахгүй болох Их хурлаараа алдаагаа ярилцана, дараа нь алдааг засах шинэ даргаа сонгоно, түүний дараа тус намд жинхэнэ утгаараа шинэчлэл эхэлнэ гэсэн давхар хүлээлт ч бий. Харин тэрхүү шинэчлэлийн давлагаа нь Ардчилсан намдаа "цүнх барьсаар” өтөлж яваа дөчин настнуудыг дээш нь гаргах болтугай гэж ерөөе.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.