УИХ-ын даргын нөмөр нөөлгөөр дэд сайд болсон гэгддэг Ш.Лхамсүрэнгийн бизнес MCS-тэй холбоотой юу?


УИХ-ын даргын нөмөр нөөлгөөр дэд сайд болсон гэгддэг Ш.Лхамсүрэнгийн бизнес MCS-тэй холбоотой юу?

Мэргэжлийн гэх тодотголтой энэ засгийн газрын дэд сайдуудын томилгоо эхнээсээ л элгийн юм болсон гэхэд болно. Хэмнэнэ, гамнана гэчихээд хэрэг дээрээ бол хэрэг нь гарахгүй байж мэдэхээр дэд сайдын албан тушаалд нэмж хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг үнэндээ байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгвэл дэд сайд ер нь хэрэггүй байсан юм бишүү дээ гэж харахад хүргэж байгаа хүмүүсийн нэг бол Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа  Ш.Лхамсүрэн гэгч юм. Төрийн ажлын туршлагаар нойл, за харин бизнесийн туршлагаар бол сүрхий тэрбээр дэд сайдын албанд УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгээр очсон нэгэн.  М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр он удаан жил ажиллаж ирснийх уяач найзуудаа Монгол Улсын сайдаар томилж нүнжигтэй загнасан нь нууц биш. Ш.Лхамсүрэн бол Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирсэн нэгэн. Тэр ч утгаараа М.Энхболд даргынхаа ивээл хайранд өлгийдүүлж сайдын сандалд суугаад байгаа нь хэвлэлийнхний анхаарлаас гараагүй ээ.

Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд хэвлэлээр олонтаа гарчээ. Монголчууд нэр сүр муутай хүнд язгуураасаа таагүй ханддаг. Үг хийгээд үйлдэл цэвэр хүний нэр бүтэн байхаас яалтай билээ. Харин Ш.Лхамсүрэнгийн тухайд төрсөн дүү Ш.Алтанхуяг нь согтуугаар машинаа жолоодож яваад, хүүхдийн аминд хүрсэн байдаг. Уг асуудалтай нь холбоотой мэдээллүүд хэвлэлүүдээр нэлээд гарчээ. Тэдгээр нийтлэл материалуудын доор байгаа иргэдийн сэтгэгдлийг харахад ч, Монгол төрийн сайдын суудал гэдэг хэн хүн сууж болдог, хэврэгхэн суудал болсон юм байна гэсэн агуулга зонхилж байгаа юм.

Уг нь      Ш.Лхамсүрэнгийн аав Б.Шүхэрт  гавьяат эдийн засагч. Тэрбээр хүүхдүүдтэйгээ  нийлж "Нүүдэлчин”групп байгуулсан байдаг. Компани нь өргөжиж улмаар охин компаниудаар хүрээгээ тэлсэн байдаг.

"Нүүдэлчин”групптэй холбоотой мэдээллийг интернэтээс харж үзэхэд нэг сонирхолтой зүйл байгаа нь тус компани Тавантолгой  орд руу ч хуруу гараад дүрээд амжсан юм билээ.  Нүүдэлчин группын охин компаниудын нэг  "Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК нь Төв,  Өмнөговь, Булган аймгуудад алт, нүүрс, төмрийн хүдрийн орд газруудад олборлолт явуулдаг. Эрдэнэс Тавантолгойн Баруун цанхийн уурхайд олборлолт хийж ирсэн компани юм байна.

2013 онд Тавантолгойн тендерт ялсан "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нууж байгаа талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байдаг. Мэдээллээс харахад  тухайн үед "Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани олборлогчоор шалгарлаа гэх мэдээлэл гарснаар өмнөх засгийн үед шийдвэрлэгдээд байсан 40, 24, 18, 18  гэсэн харьцаа бүхий хуваарилалт бүрэн үгүйсгэгдсэн байдаг.  "Хишиг Арвин Индустриал” компанийн зүгээс ч тендерт гурван компани оролцсоноос өөрсдийгөө ялсныг мэдэгдэж, Баруун Цанхийн талбай дээр үндэсний олборлогч компани ажиллахаар боллоо гэх мэдээллийг  өгч байсан. Гэтэл тэр үед нэг компанийн нэр санаатай санаандгүйгийн аль мэдэгдэхгүйгээр орхигдоод байсан нь  "Уул уурхайн үндэсний олборлогч” буюу "Mongolian National Operator Ltd” компани байсныг хэвлэлүүд онцолжээ.

 

Уг нь бол  Баруун Цанхийн талбайд олборлолт хийгээд зогсохгүй, Тавантолгой төсөлд бүхэлд нь менежмэнт хийх эрхийг "Уул уурхайн үндэсний олборлогч” буюу "Mongolian National Operator Ltd” компани авсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм.2010 онд байгуулагдсан, хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компани гэх тодотгол бүхий  "Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойд бүрэн олборлолт хийх эрхийг авч, "Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн тухайд "Уул уурхайн үндэсний олборлогч” компанид техникийн туслалцаа үзүүлж байгаа гэх мэдээлэл байсан. Тэр үед "Уул уурхайн үндэсний олборлогч” компани нь Ухаа худаг, Заамарын төмрийн орд, Баянголын төсөл, замын төсөл гээд хэдэн төслүүд дээр ажиллаж байсан учраас Тавантолгой руу ороход хүч нь дутсан байдаг. "Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойн Баруун Цанхид хөрс хуулалтыг эхлүүлэхийн тулд "Вагнер Ази” компанид хамтрах санал тавьсан ч, тэдний зүгээс өндөр ханш хэлсэн аж. Тиймээс "Хишиг Арвин Индустриал”-тай тохиролцож,  хөрс хуулалтын ажлыг эхлэж байжээ. Тэгэхээр эндээс харахад гурван жилийн өмнө  Тавантолгойн баруун цанхид олборлолт хийх эрхийг авч байсан "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн эздийн нэг Ш.Лхамсүрэн гэж нөхөр өдгөө Барилга хот байгуулалтын дэд сайд болчихоод байна.

За мөн мэдээллээс үзэхэд  "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн оролцоотой төслүүдийг харахад  MCS-тэй хамтын ажиллагаатай байсан байдаг. "Ухаа худаг”-ийг хөдөлгөгч "Энержи ресурс” компани бол зөвхөн MCS—ийнх биш, М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын томоохон компаниуд болоод Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг хувь нийлүүлэгчидтэй компани.  Түүнчлэн "Ухаа худаг”-т бас ажиллаж байгаа  "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн ард хэн байна вэ гэдэг асуулт гурван жилийн өмнө тавигдаж байсныг эргэн сануулъя.

Тэгэхээр Миеэгомбын Энхболдын нөмөр нөөлгөөр дэд сайд болсон гэгддэг Ш.Лхамсүрэн гэгч дэд сайдтай холбоотой мэдээллийг ухаж үзвэл улстөр, бизнесийн том эрх ашгийн асуудал гарч ирж мэдэхээр байна.

У.Сайхан

Bolod.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.