АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуульд "Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье”, "Бид олуулаа” уриатай оролцож, үнэхээр л үнэмлэхүй биш ч бусад намынхнаас арай л олуулаа төрийн эрхийг барихаар сонгогчдоос санал авсан.
Гэвч тэд хэт олуулаа гэдгээ умартсан явдал болж орхисон. Энэ нь өдгөө илэрхий болж, намын даргаа өөрчлөхөөс эхлээд шинэчлэлийн асуудлаа хөндөхөд хүргээд байгаа.
Ардчилал, ардчилагчид гэхээр л хүн бүр олны өмнө гарч жагсаж явсан цөөн хүнийг л таньж, мэдэхээс бусдыг бол огт мэдэхгүй. Тиймдээ ч ардчиллын төлөө зүтгэсэн хүн хэт олон болж, тэдгээр олныг бий болгохын төлөө зорьж явсан АН-ын акулууд өдгөө амаа барихдаа ч тулж байх шиг. Үндэсний зөвлөлдөх хороогоо арайхийн ирэх долоо хоногт хуралдуулахаар тохирсон.
Тус намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ҮЗХ-ны хурлын товыг тогтохдоо намын Их хурал болон шинэчлэлд бэлтгэх ажлын хэсгийг хэлэлцэж, байгуулах талаар мөн тохиролцоод байгаа. Гэвч аль хэдийнээс олон фракцтай байсан АН-ынхан өдгөө бүр олуулаа болчихоод дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй, гадагшлуулж, тэгээд ч шийдэлд хүрч чадахгүй хэвээр байгаа.
Тэр ч утгаараа Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн "АН-ын дүрмийн төслийг институт, АН доторх фракц, зарим гишүүд боловсруулж байна, ҮЗХ-гоор өөрсдийн ханцуй дотор наймаалцсан дүрмийн төслөө оруулж ирэх гэж байна” хэмээн хардаж буйгаа дуулгаад байна.
Гэтэл үүнийг нь батлах мэт энэ сарын 16-нд болох ҮЗХ-ны хуралдаанаас өмнө АН-ынхан сэм уулзалт, шивнээ яриагаар тохиролцоонд хүрэхээр зүтгэж буйн илэрхийлэл гэлтэйгээр Гүйцэтгэх зөвлөлийнхэн "Чингисийн хүрээ” жуулчны баазад очиж, намын дүрмийг хэрхэн, яаж өөрчилж, шинэчлэх талаар хэлэлцүүлэг хийжээ. Тэнд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, экс дарга З.Энхболд, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар оролцсон байна. Уг нь АН-ын гүйцэтгэх зөвлөлд 33 хүн багтдаг. Харин "сэм” хэлэлцүүлэгт очсон нөхөд намын дүрмийг эхлээд Гүйцэтгэх зөвлөлөөрөө, дараа нь ҮЗХ-гоор хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай. Үндсэндээ АН-ын шинэ дүрмийн талаар хуучин дарга нар нь хэлэлцэж, ҮЗХ, Их хуралдаа оруулахаар төсөв, хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн үг. Гэвч тэдний үгэнд орж, батлахаа өргөн, шийдвэрийг нь дагах хэр олон гишүүн байгаа бол гэдгийг тооцож үзэх л хэрэгтэй болж байх шиг.
Учир нь тэд 2012 онд УИХ-ын сонгуулиар "Бид олуулаа” уриатайгаар оролцож, төрийн эрхийг барьж байх үедээ Засгийн газраа ч байгуулах гэж асуудал үүсгэн, эцэст нь хоолны ээлжээ хүлээж буй бусдадаа ч хүртээмжтэй байх хэлбэрийг сонгон Н.Алтанхуягийн танхимыг "татан унагаж” байсан нь саяхан. Энэ бол ердөө л хамгийн сүүлийн жишээ. Өмнө нь 1996-2000 онд АН-ынхан байнга өөрсдөдөө "дэгээ” тавьж унагасаар олон засгийн нүүр үзэж байсан түүх бий.
Тэд хэт олуулаа болсноо сайн мэдэлгүй, фракцийн зарчмаар явж, хот айл шиг дор бүрнээ хувиа хичээсний үр дүнд АН цаашдаа явуургүй болох нь гэдгийг ойлгосон.
Ойлгосон УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, М.Батчимэг нар "Нэг ардчилал” фракциа татан буулгаснаа албан ёсоор зарласан. Энэ шийдвэр нь АН доторх бүлэглэл, фракцийн эрх ашиг, амбийцаас намаа ангижруулж, шинэчлэлийг бодитоор өрнүүлэх санаачилгын эхлэл гэдгийг ч мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Лу.Гантөмөр, "Албан тушаал тойрсон фракц бүлэглэлүүдээс татгалзсан, нэгдмэл, нээлттэй, үзэл бодолдоо үнэнч Ардчилсан намын төлөө #Би_Ардчилсан_намын_гишүүн Challenge”-ийг санаачлан эхлүүлж буйгаа зарлан, эл давалгаанд намын дарга асан З.Энхболд, МОАХ-ын лидер Х.Баттулга, намын даргад хүчтэйгээр яригдаж буй УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, шинээр мэндсэлсэн "Чандмань” фракцийн тэргүүн Г.Батхүү нарыг дуудаад байгаа. Үнэхээр түүний санаачилгаар тэд фракциас татгалзаж чадах уу гэдэг бас л сонин. Түүгээр ч зогсохгүй нэгэтээ ардчиллын тэргүүн эгнээнд явсан хүмүүсээс бусад нь "хоолны ээлжээ” хүлээж байгаа учраас хэн хүчтэй "даргын” үгийг л дагна уу болохоос одоо нэгэнтээ нэр нь хүнд нь шаварт хутгалдсан АН-ын төлөө алхана гэдэг юу л бол. Хэт олуулаа байгаад дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол олуулаа байтугай цөөхүүлээ байсан ч хэцүү гэдгийг АН-ын дарга өдгөө эрхбиш мэдэж аваа байлгүй. Уг нь эхэндээ хүсэх зүйл нь олуулаа бус ардчилал ил тод, нээлттэй... гэдэг зарчмаас л эхлэлтэй байсан байх даа. Хэт олуулаа байх ч хүсэх зүйл биш бололтой.
Эх сурвалж:
Сэтгэгдэл