Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдах тов гарчээ. Үүгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталж, хэрхэн оролцохоо ярилцах учиртай. Мөн намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах сурагтай. Гэхдээ ирц бүрдэж, хуралдаанаа хийж чадвал шүү дээ. Өмнө нь зарласан ҮЗХ хуралдаж чадаагүй. Тиймээс "ҮЗХ хуралдаж чадах уу, үгүй юү” гэсэн эргэлзээ бий болчихоод буй юм.
Улс төрийн намууд энэ сард багтаан сонгуульд оролцох, эсэхээ СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүний өмнө мөрийн хөтөлбөрөө баталж, бас бус асуудлаа шийдсэн байх нь чухал. Тиймээс яаж ийгээд ирцээ бүрдүүлэхээс аргагүй тул намын дарга З.Энхболд өчигдөр фракцуудынхаа тэргүүнүүдийг "зөвшилцлийн уулзалт”-ад урив.
Өмнө нь фракц тус бүрээр уулзъя гэсэн ч тэд татгалзаж, бөөндөө суугаад ярилцах нь зөв гэсэн аж. АН-ынхан хоорондоо "дайн”-тай, нөхцөл байдал эвгүй байгаа учир дарга нь нэлээд ур чадвар гаргаж, нухацтай тохиролцоо хийх хэрэгтэй болж буй юм.
Н.АЛТАНХУЯГ БА Х.БАТТУЛГА
Одоогоор хамгийн их зөрчилтэй байгаа хүмүүс нь тэд. Ойрын үед "хохирогч”- оор тодроод буй хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Түүний туслахуудыг эрүүгийн хэрэгт шалгаж буй. "Баянгол” зочид буудалд байрлах хоёр ч компанид шалгалт хийж, бичиг баримтыг нь хураасан. Тусгайгийнхан олуулаа очиж дэврээсэн, Х.Баттулгыг саатуулах гэж байна хэмээн хардсан түүний талынхан хамгаалалтад гарав. Аль аль талдаа л сүржигнэчих шиг боллоо. Өөрийнх нь эргэн тойрны хүмүүсийг оролдоод, хориод буй учраас Х.Баттулга гишүүн тун ууртай байна. Тэрбээр УИХ-д сонгож болохгүй хүмүүсийг нам харгалзахгүй нэрлэсэн.
Мөн өнгөрсөн даваа гаригт бүлгийнхээ хуралдаан дээр "хуурай агсам” тавьж, гомдлоо хэлсэн аж. "Би Ардчилсан намыг муухай харагдуулаад байвал гарчихъя. Бие даагаад нэр дэвшихэд гараад л ирнэ” гэжээ. Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар эдийн засгийн томоохон бүлэглэлийн эсрэг дуугарч буй болохоор нь түүнийг оролдож байна хэмээх тайлбар бий. АН-ын дарга З.Энхболдын "Шонхор” фракц МоАХ-той найзархдаг. Тэрбээр Х.Баттулгыг тойрсон баривчилгааны дараа "Томилгоог би биш, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр л хийдэг шүү дээ” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ бол тэдний санаа нэг гэдгийн баталгаа.
Х.Баттулгын өмнө намынхандаа "тонгоруулсан” эрхэм бол Н.Алтанхуяг. Түүний Засгийн газрыг МоАХ болон "Шонхор” фракцынхан МАН-тай хүч хавсарч огцруулсан билээ. "Алтангадас” фракцын төлөөлөл болох гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг буруутгасан мэдэгдэл хийгээд авсан. АН-ыг талцуулж, хуулийн байгууллагыг эрх ашгийнхаа төлөө ашиглаж, хуйвалдааны төр бий болгож буй хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн тэр зарласан.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл