Шалгуулахгүйн тулд ЗГ-ыг огцруулна гэж дайрах нь зөв үү, АН-ын хямрал ужгирч төрийн хямрал болох нь


Шалгуулахгүйн тулд ЗГ-ыг огцруулна гэж дайрах нь зөв үү, АН-ын хямрал ужгирч төрийн хямрал болох нь

АН-ын дотоод асуудал савнаасаа хальж Монгол төрийн асуудал болж байх шиг байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хууль хяналтынхан Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой хэргүүдэд сэжигтнээр татаж, шалгаж эхлээд байгаа юм. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас Женко группын охин компаниуд болох "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанийн санхүүгийн тайланг шалгах зорилгоор дээрх Баянгол дахь оффисд нь нэгжлэг хийсэн юм.

Гэвч үүнийг улстөржүүлж Х.Баттулгыг барих гэж байна гэсэн цуурхал тарааснаар олон нийтийн дунд багагүй сенсааци дэгдээгээд амжсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үүнээс хойш нэгэн сонирхолтой мэдэгдлийг хоёр ч удаа хийлээ. Тэрхүү мэдэгдэл нь Засгийн газрыг огцруулна гэсэн мэдэгдэл байв. Тэрбээр, "Ерөнхий сайд цагдаагийн байгууллагыг хууль бус үйл ажиллагаанаас татаж чадахгүй байхын болвол засгаас сайд нараа татаж Засгийн газрыг унагах үйл ажиллагаа руу явах юм шиг байна" гэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МоАХ фракциас Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам тээврийн сайд М.Зоригт, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гэсэн дөрвөн сайд бий. Цагдаагийнхан Х.Баттулга гишүүнийг шалгаж байгаагаа зогсоохгүй бол тэднийг эргүүлэн татах юм гэнэ.  Арай ч дээ, нэг хүн шалгаж эхэлсэн биш улс төр нь бужигнаж, Засгийн газар нь хүртэл тарах дээрээ тулах гэж. Эдгээр гишүүд бол МоАХ фракцид харьяалагддаг гишүүд. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын гишүүд болохоос МоАХ гэдэг намын гишүүд биш л байлтай. Аль хаана байна вэ? тэр АН-ын дарга З.Энхболдын намаа удирдаж байгаа ур чадвар. Нэгэн цул болгож бүгдийг нь бодлогоор зангидаж чадахгүй, хэдэн фракциудынхаа шантаажид автаж эрх ашгаа хамгаалах тулд чимээгүй суугаа юм уу. Хаана байна тэр фракцигүй Ардчилсан нам. Өнгөрсөн жил "бид фракцигүй нам болно" гэж сүржин даржин л зарлаж байсан. Энэ бүгд өнөөдөр үнэ цэнэгүй болж байна.

Р.Эрдэнэчимэг гишүүний дээрх хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрт хуралдсан АН-ын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлээд хаалга саваад гарсан гэх. Х.Баттулга МоАХ фракцийг удирдан чиглүүлдэг нэгэн. Түүнээс биш Л.Эрдэнэчимэг гишүүний бие дааж хийдэг улс төр энэ биш л дээ. Цаана маш том ашиг сонирхол явж байгаа учраас л фракцийнхаа тэргүүний хэлсэн үгийг л дамжуулж суугаа байх.

Ер нь буруутай бол буруутайгаа хүлээж, үнэхээр гэм буруугүй юм бол шалгуулж тогтоолгоод нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш ард түмнийг хагалан бутаргах гэсэн санаатай явуулга хийж, Ерөнхий сайдыг цагдаагийн байгууллагад нөлөөлүүлэхийн тулд Засгийн газрыг чинь тараана гэж шантаажилж байгаа нь хэр зөв үйлдэл вэ. Магадгүй буруу жишиг болж тогтвол яах вэ. Энэ улс оронд чинь хууль, дүрэм, журам гэж байхгүй болчихоо юу. Хаана байна тэр мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалт. Эрх мэдлийнхээ төлөө бүгдийг нь уландаа гишгиж байгаа хэрэг үү.

Мөн АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид өглөө. Үүнийг нь хүлээн авч өчигдөр байнгын хорооны хуралд уг асуудлыг хэлэлцүүлээд чуулганд оруулах нь зөв гэж шийдэв. Өнөөдөр чуулганаар уг асуудлыг хэлэлцэнэ. Дээрх хэргүүдийг АТГ өөр дээрээ татсан. АТГ болон цагдаагийн хамтарсан ажлын хэсэг уг хэргийг шалгаж байгаа. Гэхдээ бүх мэдээлэл, шийдвэрүүд АТГ дээр нэгтгэгдэж байгаа. Тиймээс зарим эх сурвалжууд Н.Ганболдын эрүүл мэндийн шалтгаанаар гэдэг үгэнд нэг л итгэж өгөхгүй яваа. Үүнтэй давхцаж Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд болон Н.Энхбаяр нарын хооронд шинэ тохироо хийгдсэн талаар хэвлэлүүд цуурч байна. Тэрхүү тохирооны гол утга нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ-аас санал болгож, томилдог байх хуулийн зохицуулалт юм. Товчоор хэлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэсэн үг юм. Энэ хэрэв үнэн бол өнөөдөр Н.Ганболдыг огцруулсны дараагаар хэнийг томилох вэ гэдгийг Ерөнхийлөгч биш УИХ шийдэх бололтой.

Эцэст нь хэлэхэд эрх баригчид болох АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах нь гэж элдвээр шантаажилж суух нь өөрсдөд нь халтай даа.

Г.Ган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.