"Амь нь тэмцсэн хүмүүс" үү Х.Баттулга, Н.Энхбаяр нар


 

Сүүлийн үед хэн хүний хаврын синдром хөдлөөд сүйд. Тэр дунд манай хэдэн улстөрчдийнх бүр илүү хөдлөх нь аргагүй. Нөгөө юмтай хүнийг хажууд нь юмтай гэж болдоггүй юм шүү гэгчээр аашлагсдыг МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын МоАХ фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар тэргүүлж байна. Тиймээс энэ цагийн хамгийн их шагшаан шуугианы эзэд болох тэднийг онцолж байна.

Х.Баттулга фракцийнхнаа "хөл дээр нь” босголоо

Дайны үед хэд хоног байлдаад ядарсан цэргүүдийг дарга нар нь хөл дээр нь босгох гэж яддаг байсан гэдэг. Тэгвэл АН-ын фракцийн дарга нар яг тийм маягаар аашилж байна. Хамгийн эхэнд нь өнгөрсөн намраас эхлээд АТГ болон цагдаагийнханд "ангуучлуулсан” "Женко” хэмээх Х.Баттулга зогсож байна.

Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш бараг л дэрэн дээр "толгой тавиагүй” байх. Учир нь түүнийг Зам тээврийн сайд байхад Монголын төмөр зам компанийн ерөнхий захирал асан /зарим нь сайдынхаа бие хамгаалагч байсан гэдэг/ Б.Батзаяа тэргүүтэй нөхдийг АТГ-аас дайчлан баривчилсантай холбоотой юм.

Х.Баттулга үүнийг өрсөлдөгч компанийн явуулга гэсээр өдий хүрсэн. Тэр нь ч нэг талаар үнэн байх. Мэдээж өрсөлдөгч "Энержи ресурс” байнга түүний мэдэгдлийг үгүйсгэж ирсэн.

Тэгвэл энэ дөрвөн сарын хугацаанд Х.Баттулга нөхдөө уг хэргээс бараг мулталж авчээ. УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ч.Сайханбилэгийг биеэрээ ирж хамгаалсан. Үүний хариуд Б.Батзаяа нарыг наранд гаргаж, уг хэргийг хөшигний цаад руу оруулахыг оролдсон.

Гэвч иймэрхүү явдал үргэлж тохирсноороо байдаггүй араншинтай тул эдүгээ түүний ойр тойрныхныг хайр найргүй баривчилж байна. Нөхцөл байдал нэгэнт иймдээ тулсан тул Х.Баттулга өнөөдөр өөрийнхөө нэрийг барьдаг бүхнийг босгож байна.

Тухайлбал, УИХ-ын байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист шаардлага хүргүүлэв. УИХ-ын бас нэг байнгын хорооны дарга Д.Ганбат Хууль зүйн сайд Д.Дорлигжавт "Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” бичиг илгээлээ.

Энэ сацуу түүний "хувьчилж" авсан гэгддэг Баянхонгор аймгийн АН-ынхан ч бас мэдэгдэл гаргаж амжлаа. Тэр дунд засаг даргынх нь нэр цохиж явааг харвал үнэхээр асуудал хурцадсан бололтой.

Ийнхүү Х.Баттулга өөрийн "талынхныг” болон өөрийгөө хэргээс мултлахын тулд бүгдийг хөл дээр нь босгоод байна.

Н.Энхбаяр ч, АТГ ч хуучных шигээ л...

Та бүхэн гайхаж магадгүй л дээ. Н.Энхбаяр анх удаа бор оймс гозойлгон байж ачигдах үед АТГ-аас тайлбар "Мэдүүлэг авч, байцаах гэж удаа дараа дуудахад ирээгүй” гэж тайлбарлаж байв.

Нээрээ ч тухайн үед Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч биш жирийн иргэн болоод байсан Н.Энхбаяр АТГ-аас дуудаад байхад очоогүй байдаг.

Тиймээс ч хүч хэрэглэн баривчилж, улмаар ял өгөөд, Ерөнхийлөгч Ц.Элбэгорж уучлаад гээд тоглолт өрнөөд явчихсан. Эдүгээ Н.Энхбаярыг өөрт нь үүсгэсэн гурван хэрэг, бас намынх /МАХН/ нь генсек асан Г.Шийлэгдамын хэрэгт мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч Н.Энхбаяр гүрийгээд очихгүй байгаа аж.

Тиймээс өчигдөр Төрийн ордон дахь Шадар сайдын өрөөнд ирэхэд нь түүнд уг бичгээ өгөхөөр шийдэж. Гэвч АТГ-ын байцаагчид өөрсдөө эвгүй байдалд орчихлоо. Учир нь Шадар сайдын Төрийн ордон дахь өрөөнд дураараа дайрч орсон нь буруутахаас аргагүй байдалд оруулав.

Энэ бүхнээс харахад Н.Энхбаяр болон түүнийг "ангуучилж” байгаа АТГ аль аль нь өнөөдөр хуучных шигээ л байдалд ороод байх шиг.

Н.Энхбаярыг намынхан тэр дундаа залуус нь түүнийг өмгөөлөх гэж энд тэнд уйлж явна. Энэ үйл явц дундаас дахиад "оймсны хавчуурганууд” төрөх юм биш байгаа.

Gereg.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.