Х.Баттулга болон Засгийн газар, “МСS”-ийн аль ялагчаар тодрох вэ


-Х.Баттулга Н.Алтанхуягийг унаган, Тавантолгойг гацааж байсан ч энэ удаа томоохон шалаанд орчихоод сууж байна-


Х.Баттулга болон Засгийн газар, “МСS”-ийн аль ялагчаар тодрох вэ


Хоёр оны зааг дээр УИХ-ын гишүүн "Женко” хэмээх Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх нарт эрүүгийн хэрэг нээсэн тухай шуугиан дэгдсэн. Үүний учир нь Монголын төмөр зам ТӨХК-ий захирал, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг хууль хяналтынхан Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын мөнгөнөөс завшсан байж магадгүй хэмээн хорьж шалгаж байгаатай холбоотойгоор ЗТЯ-ны сайд асан эдгээр хүмүүсийг хэрэгт холбоотой гэж үзсэн бололтой.

Тавантолгойн нүүрсний орд, түүнийг дагасан шинэ төмөр замын бүтээн байгуулалт Монголын улстөр-бизнесийн хоёр бүлэглэлийн тэмцлийн талбар болж, үүнээс болоод нэг нь нөгөөгөө буланд шахахаар үзэж тарж байна.

Ер нь Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил ганцхан салбараас хэтэрхий хамааралтай болсон. Тэр нь уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар. Гэтэл "Шинэчлэл”-ийн цаашлаад "Шийдлийн” хэмээх Засгийн газартай болсноос хойш нүүрсний салбар уналтад орчихсон.

Энэ нь нэг талаар дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой. Гэхдээ хамгийн гол нь Засгийн бодлоготой холбоотой болох нь ойлгомжтой юм.

Н.Алтанхуягийг унагасан гол шалтгааны нэг нь Тавантолгой

Сайншандын аж үйлдвэрийн төв рүү нүүрсээ зөөх, улмаар нутгийн зүүн бүс рүү төмөр замыг эхлээд тавих юм болсон. Ингэхдээ ямар царигаар тавих вэ гэх маргаан хэдэн жилийн турш өрнөлөө.

Ингээд УИХ-аас 2010 онд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого буюу тогтоол батлахдаа өргөн цариг бүхий төмөр зам тавихаар шийдвэрлэсэн.

Гэсэн хэдий ч тэрхүү төмөр зам тавих ажил өмнөх Засгийн үед цаасан дээр байсаар "Шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдсан 2012 оноос хойш өнөөг хүртэл төмөр замын далан барих нэрээр л баахан мөнгө нааш цааш болгосон хэмээх хэрэг үүсээд байгаа нь энэ.

Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг ашиглах асуудал, тус ордоос хоёр тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтын ажил бараг 10-аад жил гацсаар ирлээ.

Тэгэхдээ Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн” Засгийн газар Тавантолгойгоос урагшаа хил хүртэл нарийн царигтай, хойшоо өргөн царигтай төмөр зам тавих тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн нь тэднийг унагах хамгийн том шалтгаануудын нэг байсан нь маргаангүй. Үүнээс болж, Х.Баттулга ТВ нэвтрүүлэг хийлгэж, найз Ц.Элбэгдорждоо загнуулж, улмаар давхар дээл тайлах нэрээр тус Засгийн газраас гарч байлаа.

Төмөр замыг ямар царигаар барих тухай уг тогтоолын төслийг зам тээврийн сайд нь биш өөр сайд оруулж ирсэн нь ч Засгийн газрыг унагах шалтгааны нэг мөн. Уг тогтоолын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн дэмжигдэж улмаар Тавантолгойн нүүрсний ордыг бүхлээр нь "МСS” тэргүүт бүлэглэлд өгөхөөр болсон үед Х.Баттулга нар сөрөг хүчний Н.Алтанхуягийг огцруулах төслийг дэмжсэн нь ойлгомжтой гэдэг. Уг нь түүний өмнөх жил сөрөг хүчнээс сайд нарыг огцруулахаар УИХ-д асуудал оруулахад засгийг хамтран барьж байгаа намууд тэр дундаа АН цул нягт байж аваад үлдэж л байсан. Гэвч 2014 онд тэрхүү нягтрал үгүй болчихсон нь харагдсан.

Гэвч улстөрийн тавцан дахь цаашдын тоглолт бас л Х.Баттулга ба түүний нөхдөд ашиггүйгээр өрнөсөн. Тавантолгойн шинэ хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар тодорчих нь тэр.

Тавантолгой, төмөр замыг гацаасан эрх ашиг

Х.Баттулга төмөр замыг өргөн царигтай байх ёстой гэдэг итгэл үнэмшлийг зургаан жил тархиндаа хийж, үүний төлөө тэмцэж ирсэн ч ялагдсан нь тэр.

Гэхдээ Х.Баттулга холбоотноо амархан олсон нь АН-ынх нь дарга, УИХ-ын дарга З.Энхболд байсан. Үүний хүчээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Тавантолгой дээр байгуулах гэсэн гэрээг хүчээр таслан зогсоож чадсан билээ.

Өнгөрсөн 2015 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ч.Сайханбилэг Тавантолгойг гацаах гэж байгаагийн эсрэг ард түмэнд хандаж үг хэлэх нэрийдлээр мэдэгдэл хийв. Гэвч маргааш нь чуулганы нээлт дээр З.Энхболд уг гэрээг Монголд улсад ашиггүйгээр хийх гэж байгаа учир хэлэлцээрийг ахалж ажилласан М.Энхсайханаас эхлээд гэрээнд гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д оруулна хэмээн мэдэгдэх нь тэр.

Ингээд л Тавантолгой дахин гацаж, уг гэрээг гацаах даалгавартайгаар Х.Баттулгын бүлэглэлийн Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг томилов. Гэхдээ энэ нь УИХ-ын олон гишүүдэд таалагдаагүй. Учир нь, Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад урьдчилаад ажлын хэсэг гаргасан нь зарим хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх хүмүүс бий.

Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг хаврын чуулган хаагдахтай зэрэгцээд уг гэрээг "будаа болгосон” дүгнэлт гаргаснаар Засгийн газар төслөө түр хойш тавьж, тэрхүү дүгнэлтэд нь тохируулан өөрчлөөд оруулж ирэхээр болсон юм.

Хэн нь хэнийгээ вэ гэх тэмцлийн учиг, зангилаа

Энэ хооронд Засгийн газар ч, Х.Баттулгын бүлгийнхэн ч зүгээр суусангүй. АН-ынхан энэ хооронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө тэргүүлэн гуйж гувшиж байж Засгийн газартаа оруулсан МАН-ын сайд нарыг хөөгөөд гаргачихсан. Тэгээд орны зургаан сайдыг томилох болоход Х.Баттулга өөрийн бүлэглэлийн өмнөөс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайд болгохоор зүтгүүлснийг Ч.Сайханбилэг хүлээж авсангүй.

Гэвч өөрийн хүн болох М.Зоригтыг томилуулж авсан Х.Баттулгын багийнхан тухайлбал Л.Эрдэнэчимэг хариугаа авахын тулд Тавантолгойн 51 хувиас эхлээд шинэ төмөр замын 51 хувь төрийн мэдэлд үлдэх, дахиад хувьцаа эзэмшигч 2 сая Монгол хүн бүрийн 1072 хувьцааг амилуулах УИХ-ын шинэ тогтоолын төсөл санаачлан УИХ-ын гишүүдийн олонхиор дэмжсэн гарын үсэг зурууллаа.

Харин Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газрын тухайд нам нэгт гишүүдтэйгээ тэмцэх тэмцлээ улам хүндрүүлж, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг ажиллуулан Х.Баттулгын ойр тойрны нөхдүүд болох Б.Батзаяа нарыг шалгаж, хорин бөөн асуудал дэгдээв.

Хэдий Засгийн газар болоод "МСS” тэргүүтэн үүнийг үгүйсгэж, бидэнд хамаагүй цагдаа прокурор ажлаа хийж байна гэх ч, үнэндээ энэ нь Х.Баттулга нарын эсрэг сөрөг дайралт. Үүнийг Б.Батзаяа нарыг баригдах үед ч, мөн өөрийг нь холбогдогчоор татсан мэдээллийн талаарх тодруулганд ч Х.Баттулга өөрөө удаа дараа хэлж байна. Ийнхүү Тавантолгой, төмөр замын төлөөх тэмцэл нэн хурцадмал асуудал болоод удлаа.

Харин энэ асуудал Засгийн газрыг огцруулахад хүрэхгүй нь тодорхой болсон. Одоо сонгууль болоход зургаахан сар үлдээд байгаа энэ үед мөн тийм хэмжээний настай Засгийн газраа огцруулж, сөрөг хүчний нам, улстөрчдөд боломж олгохыг АН түүний дарга З.Энхболд нар огт хүсэхгүй. Тиймээс Тавантолгойн асуудал сонгууль өнгөрч Засгийн газар шинээр бүрдэх хүртэл ийнхүү зогсонги байдалд орох нь энэ.

Харин Х.Баттулга нар өөрсдөд нь тулгаад байгаа эрүүгийн хэргээс хэрхэн мултрах нь сонирхол татах сэдэв болоод байна. Улстөрд ойр олон хүний үзэж байгаагаар уг асуудалд энэ удаа ч ялагч тодрохгүй байх гэж таамаглаж байгааг ч хэлэх хэрэгтэй байх.

Энэхүү тэмцэл хаа хүрч дуусахыг хэлэхэд хэцүү. Бүлэглэл, фракцын тэмцэлд ялагч хэн байх нь хамаагүй, гол нь Монгол Улсын эрх ашиг л хождог баймаар байна.

Г.Самбаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.