Сүүлийн 20-оод хоногт хэд хэдэн хүнийг баривчлах үйл явц өрнөж, улмаар тэдгээрийг дарах гэсэн улстөржилтөөр "дээдэс” амьсгалж байна. Энэ дунд Монголын баялгийг ард нийтэд биш өөрсөддөө ахиухан авчих санаатай хоёр том бүлэглэлийн тулаан маш хүчтэй өрнөж байгааг анзаарах хүн тун цөөн байна. Баялгийн төлөөх энэхүү тулаан хаана хүрч өндөрлөхийг тааварлахад ч хэцүү болж эхэллээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 20 гаруй хоногийн өмнөх баасан гаригт гэрээс нь баривчилснаар энэ тэмцэл улам ширүүссэн нь тодорсон. Гэвч уг үйл явдлын дараа дараагийн баривчилгаанууд тэдгээрийг дагасан улстөржилт, тэр бүхнийг дарах гэсэн томоохон хуулиудыг УИХ-д өргөн барьсан "адал явдлууд” олны анхаарлыг хангалттай сарниулж байна.
Монголын өмнийн говьдоо асар их баялаг байгааг мэдэж, тэдгээрийг олборлож, олборлосноо худалдан ашиглах дээрээ очмогц энэхүү бүлэглэлүүдийн тулаан эхэлсэн билээ. Сүүлийн 10 гаруй, үгүйдээ 7-8 жил үргэлжилж байгаа бүлэглэлүүдийн тэмцлээс болж Монгол улсын төр, засаг цаашлаад улс орон маань гүн гүнзгий хямралд идэгдээд байна.
Энэхүү хоёр бүлэглэлийн хурцхан тэмцлийг хэтэрхий ил болгож олон түмэнд дэлгэчихгүйн тулд хууль хүчнийхэн, улстөрийн хүрээнийхэн шинэ шинэ сенсацийг өдөр бүр дэгдээн нийгмийн анхаарлыг тэр зүг рүү зайлуулахаар оролдож буй нь ажиглагдаж байна. Үүнийг Монголын улстөр, бизнесийнхнээс эхлээд интернэтийн сошиал сүлжээний "юм ойлгодог” хэсгийнхэн тун анхааралтай ажиглаж байна.
АН 2012 оны сонгуульд "олон” болж засгийн эрх авснаас хойших гурван жил, ялангуяа сүүлийн жил хагасын хугацаанд хоёр бүлэглэлийн тэмцэл улам хурцдаж "Шинэчлэлийн” Засгийн газраар сор залсан бол одоо "Шийдлийн” Засгийн газрын хувь заяа ч хутганы ирэн дээр л байх шиг. Тиймээс сүүлийн жил хагаст болсон, болж байгаа улстөрийн үйл явдлуудын холбоо хэлхээсийг аваад үзэхээр үнэхээр сонирхолтой дүр зураг гарч ирж байгааг тоймлоод үзье.
"ШИНЭЧЛЭЛИЙН” ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙГООС БОЛЖ УНАСАН
Тавантолгой, түүнийг дагасан төмөр зам тавих эрхийн төлөөх тэмцэл Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн” Засгийн газрыг унагахад хүргэсэн нь тодорхой. Өнгөрсөн жилийн өдийд Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэрхэн унагаасныг санаж байгаа байх. Тэр үед сөрөг хүчин МАН-аас болсон гэхээсээ илүү АН-ынханхантай өөрсөдтэй нь холбоотой үйл явц болоод өнгөрсөн.
Тэр дундаа УИХ-ын чуулганаар огцруулах асуудлыг хэлэлцэж дуусаад санал хураалт явагдаж дуусах хүртэл Н.Алтанхуяг унахгүй гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэвч түүнийг л унагахгүй бол өөрсдөд нь ахин боломж олдохгүйд хүрч мэдэхээс болгоомжилсон хэсгийнхэн тухайлбал "Женко” хэмээх Х.Баттулгын удирддаг МоАХ фракцид багтагсад ил цагаан шууд огцруулах кноп дарцгаасан билээ. Тэгвэл эдүгээ тэдэнтэй хамтрах болсон УИХ-ын дарга З.Энхболдын "Шонхор” фракцийнхан хуралд орж ирж саналаа өгч "амжаагүй”. Ингэж л Н.Алтанхуяг огцорсон.
Түүнийг ийнхүү огцруулсан нь Х.Баттулгын хувьд 2014 оны хаврын чуулган эхэлмэгц "давхар дээл”-ээ тайлах нэрээр ХХАА-н сайдын суудлаа өгсөнөөс эхтэй. Гэхдээ түүнээс өмнө бас нэг том хэргийн эхлэл болох үйл ажиллагаа болж өнгөрөөд байлаа. Тэр нь Х.Баттулгын продюссорлож хийсэн "100 чухал сэдэв” хэмээх нэвтрүүлэг гарч, уг нэвтрүүлэг нь эсрэг бүлэглэлээ намнахад чиглэгдсэн байсан.
Мөн уг нэвтрүүлэг нь өөрийнхөө багтаж байсан Засгийн газрын тэргүүнээс эхлээд намын нөхдөө ил цагаан хуссан. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "амин” найзаа дуудан сэтгүүлчдийн өмнө бүтэн цаг загнаж билээ. Гэвч Х.Баттулга гармагцаа уг нэвтрүүлгээ ТВ-үүдээр үргэлжлүүлэн цацуулж байсан юм даг. Яг тэндээс бүх юм Н.Алтанхуягийн Засгийн газрын эсрэг чиглэж, Хууль зүйн сайдыг нь огцруулахаар нэгэн жижигхэн "хүү”-гээр өргөн бариулж үргэлжлүүлээд Эдийн засгийн бөө сайдыг нь онхолдуулах ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ ажиллагаа хууль ёсоор яах аргагүй найр наадмын цагаар түр завсарлахаас аргагүйдсэн.
Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар наймдугаар сарын 20-нд 268 дугаартай тогтоол гаргалаа. Тэр нь "Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй. Энэхүү тогтоолыг гаргах, улмаар 2010 оноос хойш сураг алдраад байсан сонгон шалгаруулалтыг сэргээх нөхцөл бүрдсэн гэж үзэж. Энэхүү тогтоолооор 2010 онд тавьж байсан сонгон шалгаруулалтын шаардлага үндсэндээ өөрчлөгдөв.
Засгийн газрын 268 дугаар тогтоолын хамгийн гол заалт нь 1-ийн Ж дэх хэсэг. Уг заалтад ...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх... гэсэн байгаа.
Чухамдаа энэ шалгуурыг хангадаг ганц л аж ахуйн нэгж Монголд байж таарах нь тэр. Тэр нь MCS тэргүүтний дундын "Энержи ресурс”. Ингэж Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчаар MCS компаний охин тодрох нь ойлгмжтой болсон. Гэхдээ тус компани нь Тавантолгойн ордын "Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах талаар тусгажээ.
Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Хятадын "Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах ёстой. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг хүлээнэ.
Энэ мэтээр "Энержи ресурс” түүний эцэг компани болох MCS-д Тавантолгой бүхэлдээ очиж, тэд нүүрс тээвэрлэх нарийн цариг бүхий төмөр замыг хүртэл байгуулах эрхтэй болох нь эсрэг талд таалагдахгүй нь анхнаасаа тодорхой байлаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах сөрөг хүчний албан тоотыг тэд боломж гэж харсан нь тэр. Ингэж Н.Алтанхуяг огцорсон юм.
"ШИЙДЛИЙН”-ХЭН Ч ТАВАНТОЛГОЙГООС БОЛЖ ОЙЛГОМЖГҮЙ ХҮНД НӨХЦӨЛД БАЙНА
Хэдийгээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж амжсан ч эсрэг тал нь сайтар ажилласны дүнд "Шинэчлэлийн” ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг зүтгүүлсээр Ерөнхий сайд болгож чадсан. Учир нь тэр бол өнөөх 268 дугаар тогтоолын дагуу шалгаруулалтыг дүгнэх ёстой албан тушаалыг хашиж байсан тэдний бүлгийн нэг билээ. Энэ удаа түүнийг Ерөнхий сайд болохыг "Шонхор” ч дэмжсэн. Х.Баттулгын хувьд нөхдийн хамт түүний эсрэг зогссоор л байсан ч аргагүй хүчинд дийлдсэн.
Ингээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, өөрийн "Шийдлийн” хэмээх нэр өгсөн засагтаа МАН-ыг урихын сацуу М.Энхсайханыг яамгүй сайдаар авч түүнд Тавантолгойгоос эхлээд бусад томоохон төслүүдийн хувь заяаг даатгаж байгаа нь тодров.
М.Энхсайханд том төслүүдийг хариуцуулсны цаана цагтаа "Энержи ресурс”-д багтаж явсан Монголын бизнес-улстөрийн 14 олигархийн нэг гэгдэж байсантай нь ч холбоотой мэт. Ингээд ганц "Энержи ресурс”-ыг шалгаруулах нь хэтэрхий аз туршсан хэрэг учир тэдний хамтрагчаар Хятадын "Шинхуа”-г гол хамтрагчаар оруулахаар шийдэж, нэмэрт нь Японы Сумитомо группыг хальт хамтрагч болгосон.
Гэвч Х.Баттулга болон түүний нөхдийн хүчин чармайлтаар өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр З.Энхболд томоохон мэдэгдэл хийснээр асуудал ахиад л царцав. Ингээд Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-д өргөн баригдаагүй Тавантолгойн гэрээг судалж дүгнэлт гарган зогсоож чадсан юм. Энэ хооронд "Шийдлийн” Засгийн газрын гол хамтрагч солигдсон ба улстөржилт зун, намар дамнан өрнөсөөр ирлээ.
Засгийн газрыг хөдөлгөж магадгүй дараагийн томоохон үйл ажиллагаа ч Тавантолгойтой холбоотойгоор л өрнөв. Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайдын суудалд суулгах гээд чадаагүй ч өөрийн бүлэгтээ уг яамыг авч үлдсэн Х.Баттулга Тавантолгойн асуудлаар ахин дайралтад орлоо. Тэр нь УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж өөрсдийн боловсруулсан УИХ-ын шинэ тогтоолын төслөө дэмжүүлэхээр гарын үсэг цуглуул эхэлсэн явдал байв. Үүнийг нь зогсоохын тулд Х.Баттулгын хамтран зүтгэгч Б.Батзаяаг баривчлах ажиллагаа явагдах нь тэр. Хар баасанд болсон баривчилгааны дараах ажлын эхний өдөр Х.Баттулга, Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал хийж 41 гишүүний гарын үсэгтэй огтоолын төсөл өргөн барих гэж байгаагаа мэдэгдэв.
Үүний сацуу Тавантолгой, төмөр зам тойрсон асуудлаас болж Б.Батзаяаг барьж хорьсон түүнд нь А.Гансүхийг болон өөрийг нь холбогдуулах гэж байгааг хэлэхийн сацуу энэ нь "баялгын төлөөх өрсөлдөөн” болохыг ч илчиллээ.
Тэгэхээр уг асуудал дээр хэн хэн нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа хоёр бүлэглэлийн энэхүү тэмцэл энд хүрээд улам хурц байдалд орсон нь тун ойлгомжтой байна. Харин хаана хүрч дуусах нь одогоор тодроогүй байгааг ч хэлэх хэрэгтэй.
Асуудал даамжирвал "Шийдлийн” Засгийн газарт унахаас өөр гарц алга. Байг гэхэд Тавантолгойн асуудал ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын үед шийдэгдэхээр хойш шидэгдэнэ. Ингэснээр Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй хэвээр үлдэх нь тодорхой болоод байгаа юм.
Г.Хуяг
gereg.mn
Сэтгэгдэл