-Хэдийгээр О.Баасанхүү ХЭГ-ын дарга, сайд С.Баярцогтыг өргөн барьж байгаа ч цаана нь АН-ын толгой хэсгийнхэн харагдаад байна-
Өнөөгийн эрх баригч АН-ын дотоод тэмцэл хурцадсаар байна. МАН-ын
зургаан сайдыг Шинэчлэлийн Засгаас хөөн гаргаж, орных нь сайд нарыг
томилохтой холбоотой асуудлаар энэхүү байдал улам цэцэглэсэн. Эдүгээ
тэр нь АН-д хэн нь хэн бэ гэдэг тэмцэлд хүргээд байгаа нь тун
ойлгомжтой байна.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар өөрийн
Засгийн газарт орох сайд нарыг сонгож нэр дэвшүүлэх "хууль”-тай ч түүнд
энэхүү эрхийг нь АН-ын дарга З.Энхболд болон намынх нь фракциуд
олгохгүй байсаар эцэст нь нэг юм өглөө.
Хэдийгээр өнгөрсөн
хавар Зи өөрөө АН-ыг фракцгүй болгож байгаагаа зарласан боловч сайдын
суудлаас болж МоАХ, "Алтан гадас”, "Шонхор”, МҮДН-ээрээ талцан
"алалцсан”. Үүн дээр нь дэд сайдуудын суудал ч нэрмээс болж их юм
болов.
Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг өргөн барихгүй
хэмээн цахалж улмаар намынхаа ҮЗХ-г хуралдуулж, дарга болохыг хүссэн ч
одоогийн дарга нар нь түүнийг шахсаар хурал ч хуралдуулалгүй өргөн
бариулж, огцруулж дөнгөсөн.
Ингээд АН-ын "үүрэг гүйцэтгэгч”
дарга нар болон Гүйцэтгэх зөвлөлөөсөө сайд болгохоор нэрийг нь
дэвшүүлсэн Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарыг Ч.Сайханбилэг өөрийн
танхимдаа оруулахыг хүсээгүй. Тиймээс ч намрын чуулган эхлэх хүртэл
сайд томилох асуудлыг хойшлууллаа гэсэн.
Гэсэн ч З.Энхболд
УИХ-ын даргын "хувьд” хуулийн хугацаандаа буюу энэ сарын 6-ны дотор
сайд нарынхаа нэрсийг өргөн барихыг шаардаж эцэст нь түүнийг
Ч.Сайханбилэг ёсоор болголоо.
Ийнхүү Ч.Сайханбилэг байнга
ялагдаад байгаа учир дараагийн удаа ялахын тулд З.Энхболдыгоо АНУ руу
хуралд явсан хойгуур АН-ынхаа ҮЗХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж
эхэлсэн гэх. Тэр АН-ын ҮЗХ-г хуралдуулахын тулд дор хаяж 100 хүний
гарын үсэг цуглуулах шаардлагатай.
Энэ сацуу нэгэнт МАН-ыг
Засгаас гаргасан учраас дэд сайд нарыг нь мөн чөлөөлөв. Тэгээд орных нь
дэд сайд нарыг томилох гэтэл бас л фракц, бүлэглэлүүдийг төлөөлсөн авч
ч болохгүй, хаяж ч болохгүй нөхдүүдийн нэрс ороод ирэх нь тэр. Тиймээс
бас л томилж чадахгүй гацаанд орчихсон.
Энэ нь ч
Ч.Сайханбилэгийг ҮЗХ-ны гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах нэг гол
нөхцөл болсон нь тодорхой. АН-аас дэд сайд нэр дэвшээд байгаад
Д.Цэрэнчимэгийг Дорнодын АН-ын олонх гишүүд эсэргүүцсэн бол Н.Мөнхдашийг
бас л Дарханы АН-ынхан эсэргүүцэв.
Мөн сайд, дэд сайд нарын
асуудалтай холбоотойгоор АН-ын дэргэдэх АЗХ төдийгүй АН-ыг шинэчлэх
хөдөлгөөний залуус ч асуудлыг ултай суурьтай авч үзэхийг шаардсан.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэсэн байр
суурийг илэрхийлсэн.
Энэ бүхэн АН-ын дотоод тэмцэл улам
хурцдаж байгааг харуулахын сацуу, нэг л юм болох нь гэсэн хүлээлтийг
үүсгээд байсан. Нээрээ ч асуудал ёсоороо болж Ч.Сайханбилэгийн Засгийн
газрыг бүрэн болгосон ч эргүүлээд ЗГХЭГ-ын дарга буюу Ч.Сайханбилэгийн
нэг тал нь болох С.Баярцогтыг огцруулах тухай тогтоолын төслийг
З.Энхболд хүлээн аваад байна.
Энэхүү тогтоолын төслийг
Өргөдлийн байнгын хорооны дарга МАХН-аас УИХ-д орж ирсэн "оймсонд
хавчуулагдагч” хэмээх О.Баасанхүү өргөн барьсан ч түүний ард З.Энхболд
нар байгаа гэх бор шувуу хаа сайгүй нисч эхлээд байна. Барьцаа, барьцаа
давхар барьцаа гэсэн дарааллаар АН-ын улстөр үргэлжилсээр байна.
Г.Самбаа
gereg.mn
Сэтгэгдэл