Их тэнгэрт болсон эвлэрэл нэртэй бүлгийн хуралдаан нь АН-ынханд эсрэгээрээ дайн авчирсан. Н.Алтанхуяг хаалга саван гарч ирсэн хуралдааны дараа АН-ынхан эвлэрлээ гэж жиргэсэн ч маргааш нь асуудал тэс өөр өнцөг рүү эргэсэн билээ. Ингэснээр МоАХ фракцийн дөрвөн сайдаа Х.Баттулга гишүүн эргүүлэн татаж, засгийг унагаана гэдгээ ил цагаан хэлж буй.
Анхлан бүлгийн хуралдаан дээр Х.Баттулга гишүүний амнаас гарсан эл үг эрчмээ авч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Ерөнхий сайд хэрвээ хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол МоАХ Засгийн газарт ажиллаж байгаа хоёр сайдаа буцааж татахаас аргагүй болж байна. Ямар ч байсан хууль зөрчсөн увайгүй үйлдлээ зогсоох уу, үгүй юу гэдгийг харж л байя” хэмээсэн тодруулга өгсөн юм.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр МоАХ-ны дөрвөн сайд шуудхан Х.Баттулгын үгэнд орж, ажлаа өгөх үү гэдэг нь асуудал юм. Бүгд л салбартаа юм хийсэн дүртэй харагдаж, ирэх сонгуулиар парламентад тухлахын тулд мөрийн хөтөлбөрт салбарынхаа асуудлыг шургуулахаар яарч буй цаг үе нь. Тэгэхээр санал нэгтэйгээр засгаас хөтөлцөөд гараад явчихна гэхэд бэрхтэй.
МоАХ-ноос засгийн газарт Зам тээврийн сайд М.Зоригт, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар ажиллаж буй. Хэрвээ МоАХ-ноос дөрвөн сайдаа татах шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд хэрхэх талаар Хуульзүйн сайд Д.Дорлигжаваас тодруулахад "Би ийм юм ярихгүй. Ярьсан хүнээс нь очиж асуу” хэмээн уцаарласан юм. Мөн Р.Бурмаа сайд "Чи юу асуугаад байгаа юм. Би тийм юм яриагүй” гэв.
Р.Бурмаа, Д.Дорлигжав сайд нарын ерөнхий хандлагаар бол тэд засгаас гарах бодолгүй байгаа нь тодорхой харагдаж буй юм. Түүнчлэн М.Зоригт, Л.Пүрэвсүрэн сайдууд энэ асуудлаар тодруулга өгөхөөс илт болгоомжилж буй. Эндээс харахад Л.Эрдэнэчимэг гишүүн сайд нараа засгаас татна гэж ярихдаа МоАХ-ны нөхөдтэйгөө зөвлөсөн үү, үнэхээр тэд байр сууриа нэгтгэсэн үү гэдэг нь анхаарал татаж буй юм.
Хэн ч бодсон улстөрийн сонгууль болохын өмнөхөн салбартаа хийсэн, хийх гэж зэхэж буй бүхнээ хаяад фракцийн итгэл үнэмшлээр засгаас гарчихна гэдэг өөрөө хувь улстөрчид өндөр эрсдэлтэй. Хуульзүйн салбар л гэхэд өнгөрсөн намрын чуулганы хугацаанд эрхзүйн шинэчлэлийн хүрээнд 11 хууль батлуулж, хаврын чуулганаар 8-11 чухал хууль оруулна гэж Б.Дорлигжав сайд мэдэгдсэн.
Зам тээврийн яамны хувьд энэ сарын 18-наас Улсын хэмжээнд өрнөх зам барилга, бүтээн байгуулаллтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсний дээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих ажлыг ЗТЯ хариуцаж, бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлэх зэрэг олон чухал ажлууд хүлээгдэж байна. Энэ мэтээр хийх ажлууд нь ар араасаа овоорчихсон, төлөвлөгөөнд орчихсон салбараа тэд сайн дураараа хүлээлгэж өгнө гэдэг юу л бол.
Нөгөө талд Х.Баттулга намынхандаа ам гарсанчлан гишүүнчлэлээсээ татгалзаад, бие даагаад нэр дэвших боломжтой. Гэвч бие дааж нэр дэвшээд, гараад ирлээ гэхэд ирэх парламентийн турш энэ статусаар явах нь түүнд ямар ч ашиггүй. Тиймээс ч нухацтайгаар бодож, МоАХ-ын хүчээр намдаа нөлөөлөхийг оролдож буй нь энэ юм.
Today.mn
Сэтгэгдэл