Есөн аймагт зуд нүүрлэж болзошгүйг анхааруулав-
Хүйтний эрч Сибирээр дамжин Монголд ирэх учраас энэ жил маш хүйтэн өвөл болно гэдгийг албаныхан анхааруулж байгаа. Өчигдөр Шадар сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссынхонтой хуралдаж энэ жилийн өвөлжилт ямархуу болох, аль аймгуудад зуд нүүрлэх талаар мэдээлэл солилцсон юм. Тодруулбал, сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэгт зуд тохиож болзошгүй байгаа гэнэ. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ. Тодруулбал, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй.
Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрсэн байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн улсын хэмжээд өвөлжилт ямархуу байгаа талаар дараах мэдээлийг өгч байсан юм.
П.Сэргэлэн: Энэ өвөл 6.9 сая мал оторлоно
Энэ өвөл улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас отор хийхээс аргагүй аж. Иймээс малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар төлөвлөж байна. Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн хувьд 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.
Ямартай ч энэ оны өвлийн мал аж ахуйн салбарын өвөлжилт бэлтгэлийг бүх шатанд хангуулахаар албаныхан ийнхүү ажиллаж байна. Тэгвэл хөдөө орон нутаг энэ бичин жилийн хахир өвөлд хэр бэлтгэлтэй байгаа талаарх мэдээллийг зарим аймгийн Засаг дарга нараас асууж тодруулсан юм.
А.Гылымхан: Булган суманд өвөлжилт хүндэрч болзошгүй
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан: Өнгөрсөн долоодугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээж авахдаа өвөлжилтийн бэлтгэлд анхаарлаа хандуулж ирсэн. Одоогоор манай аймаг өвөлдөө бэлэн болсон. Гэхдээ зарим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тухайлбал, аймгаас 300 километрийн зайд оршдог Булган суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тэнд цас нэлээн зузаан орчихоод байна. Жил болгон Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан руу 50-иад мянган мал оторлодог байсан. Гэтэл энэ жил малын мялзан өвчин гарсантай холбогдуулан Ховдынхон тийшээ оруулахгүй гэсэн. Учир нь Хөдөө аж ахуй яамнаас зөвшөөрөлтэй оруул гэсэн чиглэл өгсөн юм байна лээ. Энэ асуудлаас болж мал оторлож чадахгүй хүндхэн байдалд байна. Бид энэ талаар Ховд аймаг руу, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОБЕГ-руу хандчихаад хариугаа хүлээж байнаа. Хэрвээ асуудал шийдэгдвэл 50-иад мянган мал дээрх аймгийн сумд руу отор хийхээр төлөвлөж байна. Бид энэ жил 60 мянган тонн өвс бэлдэхээс 62 мянган тонн өвс бэлдсэн. Сумдад шаардлагатай нүүрсээс ард иргэд 80-иад хувийг нь бэлдсэн. Юутай ч Булган сумаас бусад суманд өвөлжилт гайгүй байна.
Г.Батсуурь: 97894 толгой мал өөр аймаг сумын нутагт оторт гарна
Говьсүмбэр Засаг дарга Г.Батсуурь: Манай аймгийн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажил 93.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд нийт 139 өрхийн 97894 толгой мал гадны аймаг сумын нутагт оторт гарахаар байна. Засгийн газрын 2016 оны 322 тоот тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлээд байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 2015 оны үлдэгдэл 2.46 тн тэжээл 26.7 тн өвс байна. Энэ онд аймгийн аюулгүйн нөөцөд 120 тн өвс, 2.12 тн тэжээл шинээр бэлтгэж улсын нөөцийн салбарын хашаанд байршуулсан. Аймгийн хэмжээнд нийт 312.1тн өвс, 16.33 тн тэжээл нөөцөд байна. Малчин өрх бүрийг хонин толгойд шилжүүлсэн нийт малынхаа 25 хувийг хоногт нэг кг өвс, 0.1 кг тэжээл, 0.2 кг хужир, шүүгээр тооцож, 60 хоногийн нөөц бэлтгэх, нэг хонин толгойд 15 кг бууц нөөцлөх, худаг, уст цэгийг дулаалах, дулаан хувцас, хөдөлмөрийн багаж хэрэгслэлээ базаах талаар нийт малчдад албан даалгавар хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Баянтал сумын малчид өвс 939 тн, гар тэжээл 60 тн, хужир шүү 18.7 тн, үйлдвэрийн тэжээл 116 тн-ыг тус тус бэлтгэж нөөцөлсөн байна. Шивээговь сумын малчид өвс 188.1 тн, тэжээл зургаан тонныг бэлтгэсэн. Сүмбэр сумын малчид өвс 1103.9 тн, тэжээл 33.9 тн, хужир шүү 19.5 тн-ыг тус тус бэлтгэж нөөцөлсөн” гэлээ.
Ямартай ч ихэнх аймаг өвөлжилтийн бэлтгэлийг дор бүрнээ маш сайн базаасан хэмээн хэлж байгаа ч анхны цаснаас л эхлэн бэлтгэл ажлын чанар шалгагддаг. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дорнод аймгийн урд сумдаар цас их хэмжээтэй орсон. Нутгийнхны хэлж буйгаар дахиад цас жаахан нэмж орвол зуд болох аюултай байгаа аж. Тиймээс нутгийнхан энэ өвөл гал алдах вий хэмээн айж сууна. Судалгаагаар нийт малчны 70 орчим хувь нь залуу малчин байдаг гэнэ. Тиймээс эдгээр залуу малчид цас зудтай өвөл гал алдаж, малаа олноор нь алддаг. Ийн хэлэхийн учир нь зуны саруудад хадлан тэжээлээ бэлдэхийн оронд энд тэндэхийн найр наадам хэсэж явсан малчид дараалан орсон цаснаар малынхаа тэн хагасыг хар дансанд оруулчих тохиолдол ч өмнөх жилүүдэд гарч байсан. Малчид үүнээс сургамж авч жил жилийн зун наадам хэсч зугаалдгаа больж, хийсч ирдэггүй хэлж ирдэг өвөлд хөл алдахгүй байх хэрэгтэйг албаныхан ч анхааруулж байгаа билээ.
Олон жилийн туршид бичин жилийн өвөл хатуу болж, зуд болно гэдэг. Энэ үед хэдэн малаа зуданд тавиад туучихгүйхэн шиг аваад гарах бэлтгэлээ бид сайн хийх хэрэгтэй. Тиймээс өвөлжилт хүндэрдэг бичин жилийн өвөл чинь одоо хаяанд ирчихээд байна шүү малчид аа.
Эх сурвалж:
Сэтгэгдэл