Шинэ оны эхлэхтэй зэрэгцэж эхэлсэн улс төрийн шуурга өнөөдрийг хүртэл 9 сар гаруй үргэлжиллээ. Сонгуулийн өмнөх улстөржилтөөр эхэлсэн уг үзэгдэл сонгуулиар үргэлжилж адаг сүүлд нь АН-ын асуудлаар өндөрлөх тийшээ хандаж эхэллээ. Гэвч АН-ын их хурал ирэх арванхоёрдугаар сард хуралдах учир 2016 он бүхэлдээ улс төрийн бужигнаантай жилүүд байх нь тодорхой боллоо.
Тэгвэл шинэ Засгийн газар бүрдэж үйл ажиллагаа нь жигдэрч буй энэ өдрүүдтэй зэрэгцэн намрын налгар өдрүүд хором хоромоор холдож өвлийн тас хийсэн жихүүн өдрүүд өнөө маргаашгүй айсуй. Нэг л өглөө босоход нойтон цасан бүрхүүл тогтож намрын өдрүүдийг дуусч буйг зарлана. Өглөө бүр сэрээд ажилдаа явах замын утаа униар нь ихэсч, өвлийн бэлтгэл ажил хоолойд тулсан гэдгийг өгүүлж байх шиг. Намрын сэрүү орсон энэ өдрүүдэд эцэс төгсгөлгүй их улстөржилтөө түр хойш нь тавиад өвлийн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Бүтэн жил идэх талх, хоолны гурилдаа санаа зовохооргүй арвин ургац хураах нь нэгэнт тодорхой болсон ч цаснаас л урьтах ёстой цаг наргүй их ажлын ард гарах яагаа ч үгүй байна. Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна.
Өвөлжин, хаваржин улстөржиж сонгуультай золгосон бид наадмын дөрөө зунжин найр наадам хэсэж, айраг цагаа эргүүлдэж суусан. Хот хүрээнийхэн яаж ийгээд халаалт дулаанаа шийдсэн байхад өвлийн бэлтгэлээ бараг л хангачихлаа гэсэн үг. Харин орон нутагт амьдарч суугаа малчдын бэлтгэл ажлыг нэн яаралтай хангуулах хэрэгтэй. Бичин жилийн өвөл бусдаас хатуу, чанга байдаг гэж хөгшчүүл ярьсаар ирсэн. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй жамтай. Тиймээс аюулт нөхцөл байдлаас урдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс л бэлдэж байх нь зөв. Мэдээж малчид өөр өөрсдийнхөө хэмжээнд хадлан тэжээлээ бэлтгэх л байх. Гэвч улсаас өвс, тэжээл сайтар бэлтгэхгүй бол болохгүй. Мөн бэлчээрийн асуудлыг эртнээс зохицуулж, отрын бүс нутгаа ч хамгаалах хэрэгтэй байна. Үүнээс гадна хавраас эхлүүлсэн хөдөлмөрөө талаар болгочихгүй, тарьсан хэдэн тариа буудайгаа цасанд даруулчихгүй хурааж авах нь түүнээс ч дутахгүй том ажил болоод байна. Тиймээс өвлийн хахир хэцүү үе тулж ирсэн энэ үүлэн чөлөөний нар шиг хэдэн өдрүүдэд улстөржилтөө том жижиггүй хойш нь тавиад өвлийнхөө бэлтгэлийг хангах нь зүйтэй.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл