Жилийн дөрвөн улиралтай Монгол оронд өвлийн зуд, хаврын хахирган цаг малын жилбийг шалгаж, малчдыг ажилтай, анхиатай эсэхийг хатуухан шиг нягталдаг. Найр наадам хэсэн хадлан бордоогоо умартсан анхиа муутай нэгнийх нь малаас байгаль эх чамгүй хороож, хотыг нь харлуулах энүүхэнд.
Хахир өвөл, хавар дуусаж, дэлгэр зун айлчлан ирчихээд байхад юун зуд турхан хэмээх хүн гарч ирэх вий. Өнөө жилийн зун богинохон байж ч мэдэх. Сонгууль, наадам, АСЕМ гэж байтал өвөл хаяанд ирчихнэ. "Бич сүүлээ шарвадаг” гэж хөгшчүүд ярьж буй нь ч учиртай байх. Оны төгсгөл хатуухан болж мэднэ гэж өтгөс буурлууд сануулж байгаа хэрэг. Тэгэхээр оны төгсгөлд бичин жилийн зуд жинхэнэ утгаараа нүүрлэж ч болзошгүйд малчид маань зуны гурав, намрын гурван сардаа анхаарах хэрэгтэй болов уу.
ГАМШИГ НҮҮРЛЭСЭН НЬ ҮНЭН ҮҮ
Малчид ч яах вэ, өвс хадлангаа бэлтгээд хэрэндээ л анхаарах биз. Харин тэднээр далимдуулж хувьдаа ашиг хонжоо хайгчдыг яалтай билээ. "Зуд болоход нохой зоолдог” гэж ярьдаг. Тэгтэл ашиг хонжоо хайсан нөхөд "зоолж”, гадаад, дотоодын хандив тусламжийг зориулалт бусаар зарцуулах явдал байгаа нь харамсалтай.
НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээлэлд "НҮБ-ын нэгдсэн сан (CER¬F)-гаас онцгой байдлын үед зарцуулах 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11.800 өрхийн байдал хүнд хэвээр байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын дээрх тусламжийг хүргэх юм” хэмээн энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд мэдээлэл түгээсэн.
Энэ жил Монгол орны нийт нутаг дэвсгэрт тийм ч айхтар зуд нүүрлээгүй гэх албаны хүмүүс ч бий. Өнгөрсөн жилийн зун гантай байсан, бичин жил болж байгаа учраас хаваржилт хүндэрч магадгүй хэмээн болгоомжлон Шадар сайд, ҮАБЗ-д хэлэлцэн байж "Улс орон зудын нөхцөл байдалд байна” хэмээн албан ёсоор зарлаж, олон улсаас хандив тусламж хүссэн байдаг.
Засгийн газраас зуд болж, өвөлжилт хүндэрч байгааг албан ёсоор зарласнаар НҮБ тусламжийн цогц төсөл бичиж, дээрх 2.4 сая ам.долларыг босгон, Дундговь, Увс, Завхан, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймгийн 45 сумын 4350 өрхөд тусламж үзүүлэхээр болсон юм. Олон улсын Улаан хавирган сар, Улаан загалмай нийгэмлэг, гадаад орнуудын Засгийн газар гээд олон байгууллага санхүүжилт босгон манайд хандивласан бөгөөд хэчнээн байгууллагаас хэдэн тэрбумын хандив тусламж ирсэн, хэдэн хувь нь малчдад хүрсэн гэдэг нь тодорхойгүй.
Малчид, орон нутгийн удирдлагууд "Бэлгийн морины шүдийг үздэггүй” хэмээн хандив тусламжийг нь авдаг. "Энэ жил зуд болоогүй шүү. Мал сүргийн 20-иос дээш хувь нь эндсэн бол зуд гэдэг. Энэ жил нийт малын таван хувь нь ч эндээгүй” гэх сайхан мэдээг ХХААЯ-ныхан хэлсэн.
Хүнс тэжээл, эм аминдэмийг гамшгийн үе болон түүний дараах үеийн гурван сард хэрэглэхээр тооцон худалдан авдаг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Оо, саван, сойз гээд ариун цэврийн хэрэглэлийг ч мөн хугацаагаар хэрэглэхээр тооцон олон улсаас чанартай бараа тусламж болгон өгсөн байдаг.
Мэдээж тусламжийн бараанд юу багтах, ямар хэмжээтэй байх зэргийг нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоон тендер зарласан аж. Тухайлбал, тусламжийн барааны сувилгааны багц нь эм тариа, аминдэм, тариур зэрэг хагарах зүйл ихтэй учир 90х90х60 см гэсэн хэмжээтэй сайн чанарын зориулалтын хайрцагт хийхээр төлөвлөн тусгайлан захиалсан аж. Гэтэл тухайн хайрцагт багтах зүйлийг нийлүүлэх нэгэн компани болон эрх бүхий албан тушаалтай монгол хүмүүсийн балгаар нөгөө захиалсан хайрцагт нь зарим бараа багтахгүй байжээ.
Бидний авсан мэдээллээр нэг өрхөд очиж байгаа тусламжийн хэмжээ нь таван боодол өвс, 25 кг хивэг, ОХУ-аас импортолсон эрдэс долооц (анх оросынх гэж зарласан ч малчдад хятадаас ирсэн долооц хүрсэн нь нийлүүлэгч компанитай холбоотой), мультивитамин, биовит, эм, тариур, загасны тос зэргээс бүрдсэн "Малын сувиллын багц” гэх иж бүрдэл байж.
Эх сурвалж "Тендерт шалгарсан компани малчдад тусламжийн бараа хэрэггүй шахам болсон үед буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд таван литрээр савласан загасны тос хилээр оруулж иржээ. Түүнийгээ манай ундаа, жүүсний нэлээд томоохон компанид хүргүүлэн нэг литрийн хэмжээтэй саванд хийлгэсэн. Гэвч нэг литрийн савлагаа нь 90х90х60 см стандартаар захиалж тусгайлан хийлгэсэн хайрцагт томдон, ам гүйцэд хаагдахгүй, туузан цавуу (скоч)-гаар нааж болохгүй байжээ.
Энэ балагтай тосноос болж тус багцад орсон хамгийн үнэтэй зүйл болох биовит, мультивитамин зэрэг хүн, малд хамгийн хэрэгтэй зүйлс нь хоорондоо харшин хагарах аюулд хүрсэн” гэв. Хаврын хахирган цагт малд хэрэгтэй аминдэм болох "Биовит” бэлдмэлийн зарим нь хагарч очсон тухай гомдол НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт ирсэн тухай эх сурвалжууд хэлж байна.
Мөн тусламжийн өвсийг "Жил өнжсөн, хөхөрч, шарласан өвс байна. Нялх ногоо амссан мал голоод идэхгүй юм” гэж Баянхонгор, Дундговь, Архангай аймгийн малчид төдийгүй, аймаг, сумын удирдлага нь ч ярьж байна.
ЗУДАД ЗОРИУЛАХ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨ ЭЗЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ
НҮБ-ын дээрх байгууллагаас зохион байгуулсан тусламж зохих эзэндээ зарим нь хүрээгүй тухай гомдол ч байна. Хүрсэн нэгнийх нь өвс шарласан, эм тариа нь хагарч, хайрцаг сав нь эвдэрсэн байжээ. Тухайлбал, Дорнод, Өмнөговь аймгийн сумдад мал идэх долооц, сүү орлуулагч нь дутуу очсон, Хөвсгөлийн сумдад хүрэх ёстой өвс, тусламжийн бараа нь товлосон хугацаандаа очоогүй, Сүхбаатарын Уулбаян суманд очсон өвс, хивэгний чанар нь муу байснаас малчид голоод авахгүй, хулгана, мэрэгчдийн зоог болоод агуулахад байгаа сурагтай.
Мөн Дундговийн Эрдэнэдалай, Завханы Отгон сумын удирдлага "Одоо тусламжийн бараа хэрэггүй” хэмээн мэдэгдсээр байхад шахааны, чанаргүй өвс, хивэг, хөлдөж хагарсан эм, хэрэгсэл хүргүүлж, "Малчдадаа тараа” хэмээн зай завсаргүй утасдаж байгаад ч бас гомдоллосон гэнэ. Цаг наашилсан үед тараасан тусламж нэн чухал хэрэгцээтэй байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар нэг айлд 100-гаад ам.долларын тусламж очсон гэх.
Малчдад тусламж хүргэхийн тулд зарласан тендерийн сонгон шалгаруулалтад олон байгууллага, аж ахуйн нэгжийнхэн гомдолтой байгаа аж. "Анх хоёрдугаар сарын эхээр өвс, малын эм, тэжээл нийлүүлэгчид, тээврийн компаниудаас албан ёсны үнийн санал авч, бараа нийлүүлэх санал тавьсан юм. Тэгсэн атлаа цөөн компанид хаалттай тендерт оролцох урилга явуулсан байна лээ. НҮБ гэж итгээд үнийн санал, техникийн үзүүлэлт, нийлүүлэгчдээ үнэнээр нь дурдсан.
Гэтэл "Үнэ, нийлүүлэгч, бараа материалын тодорхойлолт, үзүүлэлт гэсэн бизнесийн нууц мэдээллийг маань аваад жинхэнэ тендерийн урилгаа танил талдаа өгсөн” гэх өвс, тэжээл бэлтгэн борлуулдаг аж ахуйн нэгжүүд, малын эмийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан олон байна. Тендерт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтны танил талынх нь, хандив тусламж, хөдөө аж ахуйн чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй компани шалгарсан байгаа юм.
Компани ямар ч туршлагагүй, бэлэн мөнгөгүй байсан учир мөнгө зээлэх, нийлүүлэгч хайх зэргээс шалтгаалаад ажил нь удааширсан. Хэдхэн хүний хувийн ашиг хонжоо хайсан байдлаас болж НҮБ-ын тусламж малчдад цагтаа хүрэлгүй, яаралтай тусламж гэдэг утгаа алдсан. Хөдөөгийн хүн, малд хоёр, гуравдугаар сарын хахир хүйтэн, мал ид төллөх үед л яаралтай тусламж хэрэгтэй байсан гэдгийг олон малчин хэлж байна.
"Мал аж ахуйн тусламжийг гуравдугаар сард л багтаан өгч чадаагүй бол тэрнээс хойш ирүүлэх шаардлагагүй. Бэлдсэн жаал өвс, тэжээл маань дуусаж, өлдөж ядарсан эх мал хээл хаяж, төл эндэж байсан зутруу үед ирсэн бол хэрэгтэй байлаа. Одоо мал шинэ ногоо идсэндээ ч тэр үү, тэжээл үнэрлэх ч үгүй байна” хэмээн Архангай аймгийн малчин Э ярив.
Уг нь 80-аад жилийн турш малын эрүүл мэнд, үндэсний үйлдвэрлэл, аюулгүй байдлын гол эх болсон мал сүргийнхээ генийг хадгалах, эрүүл мэндийг хамгаалан ажилласаар ирсэн Мал аж ахуйн хүрээлэнгийн ихэд бухимдаж байгаа юм. Монгол малд тохирох, тэжээл, эм бэлдмэлийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд манай хүрээлэнгээс авах боломж байсаар атал хятадаас маш ихээр авчирч малчдад тарааж байгаа нь харамсалтай гэцгээж байлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тусламжаас цаг тухайдаа хүртээгүй малчид олон байна. Одоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Амьжиргааг яаралтай сэргээх” төслөөс ирэх тусламжийн талаар сонсон хүлээж байгаа. Гэхдээ зориулсан эздэдээ тусламж хүртэх үү, бас монгол төлөөлөгчид нь дээгүүрээ хумсалчих болов уу хэмээх хардлага давхар тээж буй юм.
Г.Равжаа
Сэтгэгдэл