-Өнгөрсөн сонгуулиар Баяндалайчуудынхаа итгэлийг хүлээж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд иргэд, сонгогчиддоо хандаж сэтгэлийн үгээ илэрхийлнэ үү?
-Зургаадугаар
сарын 29-нд ээлжит сонгууль болсон. Нутгийн зон олон, намын гишүүд
дэмжигчид маань надад итгэл хүлээлгэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр
сонгосон явдалд талархаж байгаа. Баяндалайчуудыг төрд төлөөлөх төлөөлөгч
болсондоо баярлахаасаа илүү маш том үүрэг, хариуцлага ирсэн гэж ойлгож
байгаа.
-Та
урьд нь сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч байсан хүний хувьд сум, орон
нутгаа маш сайн мэдэх учиртай. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээс эхлээд
Баяндалайчуудыг төлөөлөхөөр болсон. Хамгийн түрүүнд юу хийж хэрэгжүүлэх
вэ?
-Миний
хувьд 40 хүртлээ энэ сумандаа ажиллаж амьдарч байгаа. Сум орон нутагт юу
шаардлагатай байна, ард иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байгаа, юу
хийх хэрэгтэй байгаа зэргийг хамтдаа харж, туулж яваагийнх сайн мэднэ.
Цаашид мөрийн хөтөлбөрт тусгагдсан маш олон зүйлүүдийг хийж
хэрэгжүүлэхэд хаана хаанаа хамтарч ажиллах болно. Баруун бүсийн тулгуур
төв нь Баяндалай сум. Манай сумын хувьд уул уурхай хөгжөөгүй, томоохон
үйлдвэрлэл, үйлчилгээ байхгүй ч өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан
хөгжиж байгаа. Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрүүлэхэд шаардлагатай байгаа соёлын төв, спорт цогцолбор зэргийг
барьж байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Аймгийн хэмжээнд 1967
онд баригдсан чулуун барилгатай соёлын төвтэй сум ганц манайх л үлдсэн.
Тиймээс чухал шаардлагатай байгаа соёлын төвийн барилгын асуудал нэн
түрүүнд шийдэгдэнэ. Мөн сумын төлөвлөлт, тоосжилт, зам, талбай, ногоон
байгууламж, гэрэлтүүлэг зэргийг яаралтай шийдэх ёстой.
.
-Автозамын асуудал ямар шатанд явж байгаа вэ?
-Даланзадгад-Гурвантэс
чиглэлийн баруун бүсийн авто замын ажил удаан хугацаанд үргэлжилж
байгаа. Энэ жилийн хувьд шороон замын далан хийгдээд хучилт хийгдээгүй
ажил нь зогсонг байдалд орсныг аймгийн ИТХ-ын ажлын хэсэг гарч шалгаж
үзсэн. Гүйцэтгэгч компани нь цаанаасаа өгсөн мөнгөнд нь тохируулаад
шороон даланг нь хийчихсэн юм билээ. 20 гаруй км шороон даланд хатуу
хучилтыг нь хийх боломж байгаа эсэх талаар Аймгийн ИТХ судалж, ярилцаж
байгаа.
-Уул уурхайгүй сумын хувьд иргэдийнхээ ажил, амьжиргааг дээшлүүлэх ямар боломж байна?
-Манай
сум нэгдүгээрт уул уурхайгүй, хоёрдугаарт аймгийн төвтэй ойрхон, хар
замаар бараг холбогдсон учир хүн амын төвлөрөл багасаж, худалдан авалт
буурч байна. Сум орон нутагт ажлын байр бий болгох, хүн амын суурьшлийг
бий болгох үүднээс аймгийн чанартай хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрийг
авто зам хөгжиж байгаа энэ үед сумын төвийг түшиглэж байгуулах боломжийн
талаар аймгийн удирдлагуудтай ярьж байна. Манай суманд эсгийний үйлдвэр
ажилладаг юм. Түүнийг тоног төхөөрөмжийг нь сайжруулаад ажлын байрыг нь
нэмэгдүүлээд зах зээл, нийлүүлэлтийг нь өргөжүүлэх боломж нөхцлийн
талаар судлаж байгаа. Түүнээс гадна талх нарийн боовны цех, жижиг
үйлдвэрийг ард иргэдийн санал асуулгад тулгуурлан бүтээж, бий болгохын
төлөө анхаарлаа хандуулж байгаа.
-Баяндалай сумын малчид, иргэдийн аж амьдрал ямар байна вэ?
-Аймгийн
хэмжээнд ярихад манай сумын ард иргэдийн амьжиргаа, худалдан авалт
бусад уул уурхайтай сумдтай харьцуулашгүй л дээ. Малчид малынхаа түүхий
эдийг борлуулаад нэг удаадаа л болж байна. Сумын төвийн төсвийн
байгууллагын ажилчид бол өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн дунд
хэцүүхэн л амьдарч байна.
-Өмнөх сонгуулийн үеэр өрсөлдөгч тал шүүх, цагдаад хандсан явдал гарсан?
-Өрсөлдөгч
талын нэр дэвшигч биднийг гурил будаа тараасан, ард иргэдийн дунд
бооцоот дааганы уралдаан зохион байгуулсан гэсэн хоёр асуудлаар цагдаад
хандсан юм билээ л дээ. Тэр асуудал бол бидэнд огт хамааралгүй, зохиомол
зүйл байсан болохоор хууль шүүхийн байгууллага нь үнэн худлыг нь
шүүгээд хэрэгсэхгүй болгосон.
.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил малчид иргэд, төв хөдөөд хэр хангаж байна?
-Зуны
улирал сайхан болсон хэдий ч ногоо хатаж, эрт намар болж байна. Аймгийн
Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд
өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг
багцалж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Сумын хувьд
400 гаруй малчин өрхтэй. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тал дээр
тодорхой төлөвлөгөөний дагуу суманд ажлууд хийгдэж байгаа байх. Энэ өвөл
цас их унах магадлалтай гэдгийг ахмадууд хэлж байгаа. Манай сумын хувьд
булаг шанд ширгэж, худгийн ус ундрага багассан учир дэрс, сахилдаг гээд
хадлан хийх ногоо, ургамал ховор л доо. Гэхдээ сум, баг, малчид өөрсдөө
боломж нөхцлөөрөө хадлан, өвс, тэжээл базааах нь зүйтэй.
Баярлалаа.
Ярилцсан Ж.Сайнжаргал
Сэтгэгдэл