“Алтжин”-гийн Г.Алтан нэг сая ам.долларын барьцаандаа Төрийн банкийг хувьчилж авах уу


“Алтжин”-гийн Г.Алтан нэг сая ам.долларын барьцаандаа Төрийн банкийг хувьчилж авах уу

 

Гэр бүлийн хэрүүл маргаан, галд шатсан "Бөмбөгөр” худалдааны төвийн  дуулиант  хэргээрээ цууд гарсан "Алтжин” компанийн захирал Г.Алтан авгай ойрноос МАН-ынхаа байраар  эрлэгдэн,  дарга нараасаа урьд өмнөх их хэмжээний өр зээлээ сэт сэвээгүй нэхэж  шаналгадаг болжээ.  Социализмийн үед Лениний музей гэгдэж байсан байшинг саяхан болтол МАН-ынхан эзэмшиж байлаа. Гэвч 90-ээд оноос хойш зориулалтаар нь ашиглаагүй юм. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Америкт хулгайн замаар арилжаалагдсан дэлхийд нэн ховор Т.Батаар үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эх нутагт нь авчирч хууль бусаар хил давсан бусад "ах дүүс”-ийг нь ч бас олж цуглуулан үлэг гүрвэлийн музей байгуулах болоод ирэхээр л манай дарга нар төрийн мэдэлд байх ёстой Лениний музейн өнөөх байшингаа гэнэт санан МАН-аас буцааж авахаар болсон билээ. Гэтэл МАН-ынхан нь өндөггүй ээ. Төрийн өмчийн хорооныхон баахан өргөдөл гомдол бичиж бүтэн жил гаруй шүүх дээр заргалдсаар байгаад арай ядан аваад хотын захиргааны данс бүртгэлд зоож өгснөөр тэнд Үлэг гүрвэлийн музей нээгдэв. Гэсэн хэдий ч зарга заальхай тасраагүй л байна. Яасан гэхээр шүүх хурлын үеэр нэгэн хачирхалтай баримт сөхөгдсөн юм. Энэ нь МАН-ын дарга нар  аль эрт Лениний музейн байшинг барьцаанд тавьж,  Г.Алтангаас нэг сая ам.доллар аваад "баас” болгож орхисон хэрэг байв,  Тодруулбал, 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, Г.Алтан нар Лениний музейн барилгыг барьцаалан зээлдэх гэрээнд гарын үсэг зурахдаа нэг сая ам.доллараа сарын 2.9 хувийн хүүтэй байхаар тооцсон байлаа.

Г.Алтангаас ингэж нэг сая ам.доллар авчихаад төлөхөөс цааргалсан  МАН-ын дарга нар нь сүүлдээ  "Чи дахиж шүүхэд хандаад энэ мөнгөө Засгийн газрын нөөц хөрөнгөөс  гаргуулж авбал яасан бэ” гэсэншүү хорлонтой ятгалга хийж үзсэн боловч тэдний дураар болох юм гэж юу байхав. Бас Г.Алтан нь ингээд ямар  нэг сая ам.доллараа  ноолийн цаас шиг хогийн сав руу хаялтай биш, ёстой ацан шалаанд орох нь тэр ээ. Уг нь мань хүн намынхантайгаа овоо хожоотой наймаа хийлээ гэж анх их л баяр хөөртэй харайж, Лениний музейн зарим өрөө тасалгааг буулган, алсдаа худалдааны төв юм уу, эсвэл өөр ямар нэг бизнесийн томоохон ашиг олох төв болгох санаатай байсан нь тийнхүү талаар өнгөрөв.  

Харин одоо тэр намынхаа дарга нартай нэг сая ам.долларын барьцааныхаа дэнчин дээр ярьж тохиролцон, төрийн мэдлийн аль нэг томоохон компанийг хувьчилж авахаар улайрч байгаа аж. Юун түрүүнд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ирэх онд Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болсон нь Хонгконгийн хятадуудтай банк байгуулах гэж хөөцөлдөж байсан Г.Алтангийн шунал тачаалыг улам өдөөж өгчээ. Гэхдээ мань хүн ийм наймааны эцэст дахиад араараа тавиулж мэдэх юм. Яагаад гэвэл Төрийн банкийг анх байгуулсан үүх түүх нь тэр жил гайхалтайгаар татан буугдсан "Зоос” банктай шууд холбоотой, ихээхэн маапаантай асуудал юм л даа.

Хувийн эзэмшлийн "Зоос” банкыг үүсгэн байгуулагчид нь Д.Батбаяр болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэн байлаа. Тэд өөрсдийнхөө "Ой мод” компанийн ашиг орлогыг хуримтлуулж явсаар 2005 онд "Зоос”-ыг байгуулжээ. Тэгээд 2009 оны үед банкныхаа активыг өргөжүүлж, шинэ менежментээр улам эрч хүчтэй ажиллахын тулд тухайн үеийн нийт хувьцааныхаа 25 хувь буюу гурван сая 666 мянга 677 хувьцааг Европын сэргээн босголт, хөгжлийн банканд худалдсан  байв. Гэвч "сахил хүртээд шал дордов” гэгчээр үүнийх нь цаана гадныхантай нийлсэн дотоодын "дайснууд” нь эгзэгтэй цаг мөчийг хүлээн отож суусныг яахан мэдэх билээ. Ерөнхий сайд асан С.Баяр нь гэнэт бие муудлаа гээд албан тушаалаас огцорч, оронд нь Сү.Батболд гарч ирмэгцээ шууд "Зоос”-ыг татан буулгаж хаяад, санхүүгийн суурин дээр нь Төрийн банкийг байгуулсан нь одоо болтол маргаан дагуулсаар байгаа юм.  Тухайлбал, өнөөдөр Хөрөнгийн биржийн бүртгэлд өнөөх татан буулгасан "Зоос” банк нь байж л байх жишээтэй. Сонин юм шүү.

Харин "Зоос” банкийг татан буугдахаас өмнө "Алтжин”-гийн захирал Г.Алтангийн хүү Э.Сүрэнгийн нэр дээр хоёр сая 447 мянга 997 хувьцаа байсан бөгөөд Хөрөнгийн биржийнхэн хожим үүнийг нь гүйлгээнд оруулалгүй тусгаарлаж байв. Тэгээд сүүлд нь Төрийн банкныхантай ярилцаж байгаад хувьцааны  мөнгийг нь гаргаж өгсөн гэдэг. Ийм том ажил амжуулж өгснийхөө төлөө харин тэр үед Сангийн сайд байсан С.Баярцогт мэтийн хүмүүс шанд нь дөрвөн тэрбум орчим төгрөгийн "урамшуулал” хүртсэн гэх яриа ч бий.

"Зоос”-ын эзэд болох Д.Батбаяр, түүний хүүхдүүд  банкныхаа гурван сая 700 мянга гаруй хувьцааг өөрсдийн нэр дээр хэвээр үлдээсэн нь одоо төр, иргэний хооронд үүссэн дуусдаггүй маргааны гол сэдэв, сэжүүр болж байна. Мөн "Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигч 630 гаруй монголчууд, 140 орчим гадаадын иргэд мөнгөө авч чадахгүй, хохирсоор л байгаа юм. Иймээс учир мэдэх хүмүүс "Зоос”-ыг татан буулгаж, Төрийн банканд эрх шилжүүлэхийн тулд нууцын зэрэглэлтэй гэрээ хийсэн нь хувьцаа эзэмшигчдийг ямар ч мэдээлэлгүй болгож  "хөл хорьсон” боловсон дээрэм болж өнгөрсөн гэдэг  юм билээ.  

Тэгвэл ирэх онд Төрийн банкийг  хувьчлах чимээнээр  Г.Алтан авгай дээрх нэг сая ам.долларынхаа барьцааг намынхаа том дарга нарт дахин дахин сануулж гүйгээд байгаа нь дараагийн бас нэг будлиан нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэхдээ яг авдаг дээрээ тулаад ирвэл "Зоос”-ын жинхэнэ эзэн Д.Батбаяр болон түүний хүүхдүүд Г.Алтанд "Уучлаарай, чөтгөр гоймонд дурлав гэгчээр та одоо юу ч билээ. Холхон байж үз, бид нэр төр, бизнес гээд хамаг юмаараа хохирсны хувьд давуу эрхтэй” гэх биз.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: www.ulsturch.mn
Линк: http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=2014

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.