Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 29-нд "Зоос” банкыг Монголбанкны ерөнхийлөгчийн 659 тоот тушаалаар татан буулгаж, Засгийн газрын тогтоолоор Төрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэвч энэ ажиллагаа хууль ёсных байсан уу, дампууруулсан хэргийн эзэд ямар хариуцлага хүлээсэн, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах, Төрийн банк байгуулагдахад оруулсан Засгийн газрын 100 орчим тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт зэрэг асуудал одоог хүртэл нэгмөр болоогүй байна. Эхний асуудал шийдэлд хүрээгүй байхад дараагийн алхам хийж буух эзэн буцах хаяггүй болох вий гэдгийг УИХ-ын төвшинд зарим гишүүн ярьж, сануулж эхэллээ.
"ЗООС” БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЭХЛЭЛ ИЙМ
Эдүгээ Төрийн банкны хуучин суурь болсон "Зоос” банкны дампуурал ингэж эхэлжээ. Хятадын хөрөнгө оруулалттай "Huvia Mongolia” компани "Зоос” банкинд таван сая ам.долларыг хадгаламж нээлгээд хадгалуулсан гэдэг. Гэтэл 2009 онд тус банк санхүүгийн хямралд орж Хятадын компани хадгалуулсан мөнгөнөөс хүү авах гэрээ байгуулжээ. Банк эхний үед хадгаламжийн хүүг өгч байснаа сүүлдээ хүүний төлбөрийг нь өгөхөө больсонд "Huvia Mongolia” компани шүүхэд гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр компанийн харилцагч "Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, гадаад төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг дутуу хүүтэй зээл олгож, "Huvia Mongolia” компанийн хадгалуулсан таван сая ам.долларыг хувьдаа эргэлдүүлсэн гэж буруутгасан ч шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн 2012 онд цагаатгажээ. Уг хэрэгт тухайн үеийн банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн захирал Х.Пүрэвсүрэн нар холбогдон шалгуулж байв. Гэвч Ш.Чуданжийгийн хэргийг тусгаарлаж, бусад нь цагаадсан шүүхийн тогтоолтой ажээ.
"Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийг банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоож, 2012 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн ял оноож байв. Тухайн үед түүний бага насны хүүхэдтэйг шүүхээс харгалзаж Өршөөлийн хуульд хамруулан ялыг нь хэдэн сараар хойшлуулж, хохирлын 1.6 тэрбум төгрөгийг барагдуулах шийдвэр гаргаж байжээ. Гэвч одоог хүртэл тэрээр ялаа эдэлж, хохирлоо нөхөн төлсөн эсэх нь шүүх, хуулийн байгууллагын шатанд тодорхойгүй байна. Ш.Чуданжий нарын хэрэг "Зоос” банкыг дампууруулах эхлэл болсон гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.
Г.Уянга: ЗАСГИЙН ГАЗАР АЛДАА ГАРГАСАН
Тиймээс ч уг хэрэг мандахтай зэрэгцэн "Зоос” банкыг албадан татан буулгасан байдаг ажээ. Монголбанкны ерөнхийлөгчийн татан буулгах тушаалд "....Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг, тэдгээрийн анхны шаардлагыг гарган өгч чадахгүйд хүрч өөрийн хөрөнгө алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон..” гэдгийг үндэс болгожээ. Харин Засгийн газрын тогтоолд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалахаар "..."Зоос” банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж 95.1 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкыг байгуулах...” тухай дурдсаныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан саяхан УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулгын хариуд онцлов.
УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн "Зоос” банкны асуудал хөндөгдөх ёстойг мэдэгдэж буй. Тус банкны дампуурлаас хохирч үлдсэн 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч түүнд хандаад буй. "Анх жижиг хувьцаа эзэмшигчид надад хандсан. Иргэдийн тавьсан хүсэлт, цуглуулсан баримтуудыг үзэхэд "Зоос” банкны асуудлыг эргэж ярих гарцаагүй нөхцөл үүссэн байсан. Юуны түрүүнд "Зоос” банк дампуурч татан буугдсан гэж ойлгож байгаа ч суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан гэдэг нь баримтуудаар тодорхой боллоо. Төрийн банкны хувьчлалтай зэрэгцээд "Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал давхар хөндөгдөх ёстой. УИХ-ын тогтоол ч ингэж гарсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан” гэж тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"ЗООС” БАНК УЛСАД 58 ТЭРБУМЫН ӨРТЭЙ
"Зоос” банк дампуурах үеийн нөхцөл байдал ямар байсан тухай Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Жавхлангийн мэдээллээр "Зоос” банкинд банкны эрх хүлээн авагч тогтсоноос хойш 63.6 тэрбум төгрөгийн зээл авлагыг эргэн төлүүлж, "Зоос” банк хувьцаат компаниаас төлбөрийн нэхэмжлэлтэй иргэн хуулийн этгээдийн 54.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ. Үүний дотор Засгийн газрын бондын төлбөрт 37.1 тэрбумыг төлжээ. Өөрөөр хэлбэл, "Зоос” банк улсад 58 тэрбумын өртэй гэсэн үг.
Түүнчлэн өнгөрсөн сарын 30-ны байдлаар 69.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 83 хувь буюу 58 тэрбум төгрөг нь "Олон овоот” компанид, үлдэх 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг нь 176 зээлдэгчид хамаарч байгаа аж. Тус банкны тайлан тэнцэл 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 873 сая төгрөгийн цэвэр актив хөрөнгөтэй, нийт төлбөрийн дүн нь 68.5 тэрбум төгрөг, үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал 67 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд "Зоос” банк компанийн нийт актив хөрөнгийг Засгийн газрын бондын төлбөрт тэнцүүлэн шилжүүлж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохоор ажиллаж байна гэж Монголбанк мэдээлэв.
ЭХЛЭЭД ЗАСГИЙН ӨР, ДАРАА НЬ...
Анх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилготой хэмээн "Зоос” банкны бүтцийг өөрчилж, Төрийн банк байгуулахад зориулж 100 орчим тэрбум төгрөгийн бонд гарган санхүүжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг эргэж харвал УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулга яалт ч үгүй анхаарал татна. Нүглийн нүдийг гурилаар хуурна гээчийн үлгэрээр харилцагчдаа хамгаалах алхам нь 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон явдал болж хоцорчээ. Харин томчууд нь их, бага хэмжээгээр ашгаа хүртсэн гэлцдэг.
Жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэмцэл, хөдөлгөөн өрнүүлсэн ч одоог хүртэл гомдлоо барагдуулж чадаагүй явна. Гэвч одоо ч тэдний асуудал бүрхэг байгааг Монголбанкны мэдэгдлээс харж болохоор ажээ. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Зоос” банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг хуваарилах саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос хэлэлцүүлсэн байдаг аж. Гэвч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар "Зоос” банкин дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуульд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн "Зоос” банк хувьцаат компанийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Засгийн өрийг нэн тэргүүний асуудал болгожээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал тодорхойгүй байна.
ДАМПУУРАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮҮ?
Үүнээс гадна зургаан жилийн өмнөх "Зоос” банкны дампуурсан нөхцөл байдал хийгээд одоогийн Монголбанкны мэдээллээс нэг асуудал урган гарч ирж байна. "Зоос” банк татан буугдах үед 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг албаныхан ярьж байна. Гэтэл 87.9 тэрбум алдагдалтай гэх "Зоос” банкны 86.6 тэрбум хөрөнгө Төрийн банкыг байгуулах эх үүсвэр болсныг тухайн үед төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлд ярьж байжээ.
Тэгэхээр Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн бараг алдагдалтайгаа тэнцэх хөрөнгөтэй байсан "Зоос” банк дампуурах нөхцөл үүссэн үү, жижиг хувьцаа эзэмшигчид хэзээ хохирлоо барагдуулж болох зэрэг асуудлууд тодорхой болох биз ээ.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл