Анагаах ухаан бол хүн төрөлхтний түүхийн туршид туйлын учир битүүлэг зүйл байсаар ирсэн. Оюутнууд үхдэл цогцос дээр ажиллаж дадлагаждаг болсноос хойш нааштай өөрчлөлт гарсан нь үнэн. Гэвч цогцос олох асуудал хамгийн бэрхшээлтэй зүйл болсноос булш ухах далд бизнес цэцэглэн хөгжиж эхэлжээ. Энэ тухай товч өгүүлье.
Грэндисон Харрис
Грэндисон Харрис Жоржи мужийн Анагаах ухааны коллежийн боол байв. 1852 онд худалдан авсан энэ хүнийг албан ёсоор сургуулийн манаач гэдэг байж. Үнэн хэрэгтээ тэрээр цогцос хулгайлагч байсан юм. Тэрээр энэ ажлыг 50 гаруй жил хийж, оюутнуудад шинэхэн цогцос дээр ажиллах боломж олгодог байжээ. "Ажил олгогчид” нь түүнийг хэрэгтэй багаж хэрэгслээр бүрэн хангаж, бичиг үсэг хүртэл зааж өгснөөр хэн хэзээ нас барж, хаана оршуулагдсаныг мэдэж байх боломжтой болсон гэнэ. Шарилыг ухаж авсны дараа бунхан дээрх цэцгийг туйлын гоёмсгоор байрлуулдаг онцлогтой байжээ. Иргэний дайны дараа Харрис боловсролтой эрх чөлөөтэй хүн болов. Тэрээр Жоржи мужийн нэгэн бяцхан хотын шүүгч болсон байна. 1911 онд насан эцэс болтлоо албан тушаалаа ашиглан шорон, эмнэлгээс шинэхэн цогцоснуудыг коллежийн мэдэлд шилжүүлж байжээ. Тэрээр булш ухах ажлаа хүүдээ өвлүүлэн үлдээсэн байна. Харин түүнийг хаана оршуулсныг хэн ч мэддэггүй гэдэг.
Авраам Линкольны шарилыг хулгайлах гэж оролджээ.
Булш ухагч бүр анагаах ухааны төлөө зүтгээгүй юм шүү. 1870-аад онд "Том Жим" хочит Кенналлийн толгойлсон хуурамч мөнгө хийгчид Чикагод ноёрхож байв. Гэтэл толгойлогчийн баруун гар баривчлагдаж 10 жилийн ял эдлэх болжээ. Үүнтэй эвлэрээгүй Жим Авраам Линкольны шарилыг хулгайлж, эрх баригчдаас 200 000 доллар, дээр нь өөрийн хүнийг чөлөөлөх шаардлага тавихаар завдаж байв. Гэвч бүлэгт шургалсан нууц албаны ажилтан энэ тухай мэдсэнээр сөрөг арга хэмжээ авч чадсан байна. Дээрэмчдийн бүлгийнхэн ч толгой дараалан баригджээ.
Шарил наймаалагч эмнэлэг
Лондон хотын эмнэлэг бол олон жилийн турш оюутнуудыг жинхэнэ шарил дээр дадлагажуулж байсан газар юм. Саявтархан хийгдсэн малтлагын үеэр эмнэлгийн арын хашаанд барагцаагаар 500 орчим хүний араг ясны үлдэгдэл илэрчээ. Тэдний олонх нь эмнэлэгт амь насаа алдсан өвчтөнүүд юм. Тэднийг судалгаанд ашигласны дараа шууд булдаг байж. Хэрэгцээнээсээ илүү гарсан цогцоснуудыг бусад байгууллагад зарж ашиг олдог байжээ. 1832 онд Уильям Миллард гэгч хүн эмнэлгийн илүүдэл цогцсыг авах гэж яваад газар дээрээ баригдсанаас энэ асуудал илэрч бөөн шуугиан болжээ. Эцсийн эцэст эмнэлэг нэр төрөө хамгаалан гарч харин Уильям Миллард шоронд нас барсан байна.
Жон Скотт Харрисоны шарилыг тойрсон тэмцэл
Жон Скотт Харрисон бол АНУ-ын ерөнхийлөгч Уильям Генри Харрисоны хүү, өөр нэг ерөнхийлөгч Бенжамин Харрисоны эцэг байсан юм. Тэрээр 73 настайдаа нас барж Огайо мужийн Анагаах ухааны коллежийн хажууд байдаг оршуулгын газарт бунхлагджээ. Оршуулгын ажиллагааны үеэр түүний гэр бүлийнхэн саявтархан нас барсан тэдний хамаатан Август Девиний булш хөндөгдөж, цогцос нь үгүй болсныг мэдсэн байна. Энэ явдлаас хойш Жон Скоттын хүү цагдаа дагуулан ирж коллежийн барилгыг хөндлөн гулд нэгжсэн ч юу ч олсонгүй. Харин манаач нь их сандарч байгааг ажиглан цааш явсаар коллеж доод талдаа том подвалтай байсныг илрүүлжээ. Тэр эндээс юу олсон гэж санана? Ердөө саяхан оршуулагдсан хайрт эцэг Жон Скоттын нь цогцос нүд хальтрам зэрэмдэглэгдсэн хэвтэж байв. Бага Жон галзуурах шахаж коллежийн эсрэг кампанит ажил эхлүүлжээ. Коллеж өөрийгөө зөвтгөн, цогцос ашиглах эрхтэй болохоо нотолж, харин "материал” хаанаас ирдгийг мэдэхгүй гэж гүрийснээр бүх зүйл туйлын аюултай түвшинд хүрч, "хувийн арга хэмжээнд” хүрэх шахжээ. Эндээс ялзарч эхэлсэн өөр 40 цогцос олдсоны дотор Август Девиний цогцос ч байжээ. Жон Скотт, Август нарыг дахин оршуулж, цогцос хулгайлагч 2 этгээдийг баривчилснаар бүх зүйл дууссан байна.
Жон Бишоп ба түүний дээрэмчид
Заримдаа "шинэхэн шарилын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг оршуулгын газар хангаж дийлэхгүй байх” үе гарч байжээ. Булш ухах ажлыг 12 жил хийсэн Жон Бишоп өөр арга сэдсэн байна. Тэрээр 1831 оны 11-р сард Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдэд толгой дээрээ том шарх бүхий жаал хүүгийн цогцсыг авчирч өгсөн нь ноцтой эргэлзээ төрүүлсэн байна. Эмч нар хариулт авчирч өгөх шалтгаар Бишопыг хүлээлгээд цагдаа дууджээ. Ингээд хэрэг мандаж Бишоп тэргүүтэй дээрэмчид тэнэмэл, гуйлгачин хүүхдүүдийг "агнаж”, цогцсыг нь эмнэлгүүдэд худалддаг байснаа хүлээжээ. Бас болоогүй, шүдийг нь сугалж шүдний эмнэлгүүдэд аваачиж өгөн нэмэлт ашиг олдог байсан гэнэ. Тэднийг дүүжлэн хороосон бөгөөд энэ явдал залуу зохиолч Чарльз Диккенсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул орон гэргүй гудамжны жаалуудын тухай хэд хэдэн бүтээлийнх нь сэдэв болжээ.
Мэриленд мужийн Анагаах ухааны сургууль ба Фрэнк
Энэ сургууль нь "цогцосны мэргэжилтэн” Фрэнкийн хүчээр түүхий эдээр халгиж цалгиж байсан газар гэлцдэг. Сургуулийн эмч, профессоруудын бичиг баримтан дотор энэ тухай тодорхой бичсэн байсан нь хадгалагдан үлджээ. Илүүдэл цогцсыг бусад сургуулиудад дамжуулан худалддаг байсан бөгөөд муутгахгүйн тулд виски дотор хийдэг байж. "Бараа” хэрэгцээт газар ирсний дараа ийм сайн вискиг яагаад асгах хэрэгтэйг ойлгож мэдээгүй оюутнууд зүгээр л ууж орхидог байсан гэнэ. Зарим үед Фрэнк цэнгээний газруудад хямд үнээр өгдөг байсан ч гэж ярьцгаадаг. Хэсэг хугацааны дараа нутгийн оршин суугчид байдлыг гадарлаж эсэргүүцэл илэрхийлэх болов. Нэг удаа хилэгнэсэн олон сургууль руу довтолж хичээлийн байрыг нь шатааж орхисноор энэ бурангуй явдалд цэг тавьсан гэдэг.
Элизабет Росс
Цогцос хулгайлах нь нилээд бөх зүрхтэй эрчүүдийн ажил баймаар. Гэвч Элизабет Росс гэгч хүдэр том биетэй ирланд эмэгтэй бол цагаандаа гарсан архичин, хулгайч байгаад зогсохгүй нэг өрөөгөө хямд үнээр хөлслуулж, тэнд орсон хүмүүсийг алж хүүрийг нь Лондонгийн эмнэлэгт аваачиж худалддаг байжээ. Нотлох баримт хангалттай байсан тул Россыг цаазалж биеийг нь "анагаах ухааны хөгжлийн төлөө” үйлсэд зориулжээ.
Оршуулж амжаагүй шарилууд
1830-аад онд Лондон хотод талийгаачийг оршуулж амжаагүй байтал хулгайд алдсан тохиолдол 100 орчим бүртгэгджээ. Ихэнх тохиолдолд талийгаачдын гэр бүл рүү утасдаж мөнгө шаарддаг байсан гэнэ. Хайртай хүмүүстээ сүүлийн удаа хүндэтгэл үзүүлэхийг хүссэн гэр бүлийнхэн нь энэ шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй байсан гэнэ. Кларк хочит дээрэмчний бүлэг тун удалгүй баригдаж шангаа хүртжээ.
Булш ухагчид хүн аварсан нь
Тэр үеийн хүмүүс амьдаараа оршуулагдахаас тун их айдаг байж. Айх үндэслэл ч байсан бололтой. 1824-04-15-нд Жон Мачинтире гэдэг хүнтэй яг ийм явдал тохиолджээ. Түүнийг үхсэн гэж тооцсон ч Жон төрөл төрөгсөд нь цугларч гашуудан байхыг, түүнийг оршуулж байгааг мэдэрч байсан гэнэ. Гэвч хөдөлж, дуугарч огт болохгүй бие нь хөшиж орхисон байж. Удалгүй агааргүй болж улмаар өт хорхойн хоол болох золгүй хувь тавилангаа бодон айдаснаас өөр юу ч мэдрэхээ больсон үед гэнэт булшийг нь ухаж, түүнийг авснаас гарган авчээ. Гэвч оюутнуудын өмнө туршлагын ширээн дээр хэвтэх нь тэр. Хурц хутгаар чээжийг нь зүсэж эхлэх үед Жон хөшингө байдлаасаа гарчээ. Ингэж хачирхалтай байдлаар аврагдсан гэдэг.
Сэтгэгдэл