ЗАСГИЙН ГАЗАР БОЛ БАГА ДАРГЫН ТУШААЛ БУУЛГАДАГ ГАЗАР БИШ


ЗАСГИЙН ГАЗАР БОЛ БАГА ДАРГЫН ТУШААЛ БУУЛГАДАГ ГАЗАР БИШ

 

Монгол бол Хойд Солонгос биш, Засгийн газар бол цэргийн анги биш. Цэргийн ангидаа, цэргүүддээ тушаал буулгадаг шиг ажиллана гэвэл, Засгийн газарт нийцэхгүй. Шадар сайд ажлын арга барилаа солих цаг болжээ. Хэний тухай хэлэх гээд байгааг уншигч Та тааварласан байх. Тэр хүн бол, олны дунд бага дарга гэж алдаршсан Ү.Хүрэлсүх шадар сайд юм.

Түүнд авах, гээх юм байна. Түүний хэлсэн, – Дарга нар бол гомдоллодог бус шийддэг хүн байх ёстой. Тиймээс би асуудал, гомдлыг сонсохгүй, та нараас асуудлыг хэрхэн шийдсэнийг хүлээх болно гэдэг үгийг нь хэвлэл мэдээллийнхэн дэмжиж өлгөсөн. Шадар сайдыг салбар хариуцсан сайд, дарга нарынхаа "шүүсийг” нь шахаж ажиллуулах нь гэж хүлээсэн. Тэгвэл, энэ нь бас хэтрэл болжээ. Эрүүл мэндийн Яам саяхан сумын эмнэлгийн түргэний машины асуудлыг шийдвэрлэсэн.

Гэтэл, Ү.Хүрэлсүх сайд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг дуудаж, Хэнтий аймгийн нэгэн сумд эмнэлгийн түргэний машин бэлдэхийг үүрэгдсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Мөнгөний эх үүсвэргүй байж, машин худалдан ав гэж үүрэгдсэн байна. Төсөв мөнгө нь хаанаа ч хүрэхгүй, тэгээд ч дөнгөж саяхан сумдын эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдсэн тул "одоохондоо боломжгүй байна л” гэж хариулна шүү дээ. "Үгүй” гээгүй. Үүний төлөө, Эрүүл мэндийн сайдаа чичилсэн, өөрийгөө дөвийлгөсөн суртал ухуулга хийж эхэлсэн нь, дэндүү ёс зүйгүй, шадар сайд Ү.Хүрэлсүх таныг, олны хэлдгээр муухай харагдуулсан үйлдэл боллоо.

Хэнтий аймгийн тэр нэгэн сумыг яагаад онцгойлох болов? гэхлээр, Хүрэлсүх Хэнтийнх, мөн шаардаад буй Бат-Эрдэнэ аварга ч Хэнтийгээс сонгогдсон улс төрчид. А.Цогцэцэг эмчийн тухайд бол Засгийн газарт буй цөөн эмэгтэй сайдын нэг төдийгүй, мэргэжлийн гэж нэрлэгдэж буй Засгийн газарт буй эрүүл мэндийн салбараа тэргүүлж буй цорын ганц мэргэжлийн хүн гэдгийг ч санах нь зүйтэй. Хачирхалтай нь, тэр машин нэхээд байсан нь, угаасаа түргэний тэрэгтэй гэдэг мэдээг нутгийн иргэдээс ирүүлжээ. Бодлого хариуцдаг сайдын ажил үйлс, хариуцлагыг ганц түргэний машины мөнгийг яаралтай олж чадахгүй байна гэдгээр яаран сандран өнгөц дүгнэх нь шударга ёс, зөв үнэлгээнд хэр нийцэх бол? Үүнийг бодож, тунгаах л хэрэгтэй.

Нөгөө талаас А.Цогцэцэгийг яагаад чичлээд эхлэх болов? гэдгийг ч бас бодох л хэрэгтэй мэт. Сайд болно гээд мөнгөө урьдчилан төлсөн хүн ч байсан. Нөгөө талаар, А.Цогцэцэг бол сайд нарын нэрсийн жагсаалтад огт байгаагүй гэдгээрээ ялгардаг. Тиймээс намын гишүүдийн тодорхой сонирхол нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт байгаа, намд мөнгө төгрөг хандивлаагүй, намын сонгууль, харьяалалгүй, цөөн сайдын нэг бол Эрүүл мэндийн сайд Цогцэцэг. Түүний оронд намын харьяаллын хүн тавих санаа цухалзав уу, ямар ч гэсэн зөв буруу ч хамаагүй түншээд, хэвлэлээр дамжуулан нэр хүндэд нь халдаад үзье гэдэг хэний санаа байв аа? Дахиад хэлэхэд, Монгол бол цэргийн диктатуртай Хойд Солонгос биш, Монгол Улсын Засгийн Газар бол бага даргын дураараа тушаал буулгаж байдаг цэргийн анги ч биш.

Эх сурвалж:  Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.