Хүнсний аюулгүй байдал гэхээр цаасан дээр бичигдсэн олон стандарт, журмаас илүүтэйгээр хугацаа нь дуусаагүй, шинэхэн бүтээгдэхүүнийг хамгийн аюулгүй хэмээн ойлгоно. Гэтэл манайд энэ зүйл аль хэдийнээ хяналтаа алдаж, иргэдийг заналхийлэх болсон гэхэд хилэсдэхгүй.
Уг нь хүнсний бараа худалддаг тухайн газар нь иргэдэд эрүүл мэндэд хоргүй бараа бүтээгдэхүүн худалдах ёстой. Магадгүй энэ шаардлагыг хангаж ажиллана хэмээн тусгай зөвшөөрөл авдаг байх. Цаашлаад хэрэв хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн байгаа бол цаг тухайд нь устгалд оруулсанаар хүнсний аюулгүй байдал хангагдах учиртай.
Гэтэл дээрх байдлыг илт зөрчиж, хугацаа дууссан бараа авахыг уриалж буй цагаандаа гарчихсан дэлгүүр байна.
Тодруулбал их хотод таван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг "GOOD PRICE” MARKET дэлгүүр нь "манайхаас хугацаа дууссан бараа авсан бол буцааж солиулах боломжтой” хэмээн зарлал наажээ.
Уг нь "хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн зарж байгаа үйлчилгээний газрыг нэр, хаягтай нь хууль хяналтын байгууллага, тэр дундаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдвэл, тухайн барааг зарж байгаа газраар борлуулалтаас татуулах, устгалд оруулах, цаашлаад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авахуулна” хэмээн заасан байдаг аж.
Тэгэхээр "GOOD PRICE” MARKET дэлгүүрээс хугацаа дууссан бараа авсан иргэд буцаан солиулах бус, дээрх арга хэмжээг авахуулах ёстой юм.
Уг нь манайхаас бусад оронд хугацаа нь дууссан барааг тухайн хүнсний сүлжээ дэлгүүр, Аж ахуйн нэгжүүд өөрийн зардлаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан устгалд оруулдаг.
Гэтэл манай зарим томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд ашиш орлогоо бодож аливаа баяр ёслолыг далимдуулан хямдрал нэрээр үйлдвэрлэсэн он сар нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн борлуулж иргэдийг хохироосоор ирсэн.
"Гүүд прайс” маркет дэлгүүр хугацаа нь дууссан, муудсан, хадгалах хугацаа заагаагүй бүтээгдэхүүнүүд борлуулж байгаа нь хүнсний аюулгүй байдал гээч зүйлийг уландаа гишгэж байгаагаагаас өөрцгүй. Зөвхөн үүгээр зогсохгүй урьд өмнө нь ч тус дэлгүүртэй холбоотой хэл ам цөөнгүй гарч байсан. Хэрэв тус дэлгүүрээс хугацаа дууссан бүтэгдэхүүн аваад хордох, цаашлаад хүний эрүүл мэнд ноцтой хохирол учирвал хариуцлагыг хэн үүрэх вэ.
Хэрэглэгчээ хүндэлдэггүй, хугацаа дууссан бараагаа илт зарлан борлуулж буй "GOOD PRICE”дэлгүүрийг Мэргэжлийн хяналтын газар хяналт хийн шалгаж, авах ёстой арга хэмжээг авч иргэдэд мэдээлэл хийхийг хүсч байна.
Мөн тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдэд худалдан авалтандаа анхааралтай хандах үүднээс сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээг хүргэж байна.
Эх сурвалж: Fact.mn
Сэтгэгдэл