Тавантолгойд хятад ченжүүдийн бус МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШИГ л яригдах учиртай


Өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүд дээр "Тавантолгой 5 тэрбум доллар хүрнэ” гэсэн утга бүхий гарчигтай нийтлэл хэд хэдээрээ гарчээ.

Утгын хувьд "Төрийн Эрдэнэс Тавантолгой ирэх оноос супер ашигтай ажиллана, 5 тэрбум долларын ч үнэ хүрэх боломжтой” гэсэн бөгөөд энэ боломжийг нь одоо тус компанид олборлолт хийж өгөөд, ажлынхаа хөлсөнд  түүхий нүүрс авч зардаг, Хятадын TTJVCO компани хангаж өгөх юм байх. Хамгийн сонин нь TTJVCO компанийн зүгээс Эрдэнэс Тавантолгойн захирал Д.Ариунболдод хаяглаж захидал явуулаад, энэ бүх боломжуудаа бичгээр санал болгосон юм байх. Ингэж сонин бүр дээр шахуу гарсан нийтлэл тодорхой зорилготой, захиалгат "пи-ар”-ын шинж чанартай байдгийг сануулахын ялдамд энэ нийтлэл нь саяхан болоод өнгөрсөн нэгэн үйл явдлыг санагдуулж буйг хэлэхээс аргагүй нь.

Саяхан гэдэг нь ойролцоогоор хоёр жилийн өмнөх үйл явдал.

Тэр үед өдөр тутмын гол хэвлэлүүд дээр "TBF Интернэшнл Группээс Монголын Засгийн Газарт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал тавилаа” гэсэн нэртэй бас л захиалгат мэдэгдэл гарч байв. Энэ талаарх мэдээллүүд өдгөө ч мэдээний сайтуудын архивт хадгалаастай, хүссэн хүн бүхэн хайгаад олж уншихад саадгүй байгаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн Газар яг л өнөөгийнхтэй адил Тавантолгойн төслөө хөдөлгөчих санаатай арга ухаан сийлж, тендер зарлан, тэр тендерт нь "Энержи Ресурс – Шинхуа - Сумитомо” түншлэл ялаад, Засгийн Газартай хэлэлцээр хийгээд эхэлчихсэн байсан үе.

Мэдэгдлийн гол утга нь "Тавантолгойд 5 тэрбум доллар оруулахад бэлэн байна” гэсэн бөгөөд энэ дайны мөнгө өгчих хүмүүс захаас аваад замаар нэг байхад тендер зарлаж, хэлэлцээр хийх хэрэг байхгүй, төслийг бүү явуул гэх үндсэн зорилготой. Өнөөдөр 5 тэрбум долларыг юу юугүй өгөх гээд байсан TBF Интернэшнл гэдэг компани ор сураггүй болсноор барахгүй интернетэд вэбсайт гэх зүйл ч хайлтаар гарч ирэхгүй. Ер нь тэрбум доллараас дээш хэмжээний мөнгө шаардах төслийг бөмбөрцгийн хаана ч тэр "мега” гэж тодотгодог, түүнийг босгоно гэдэг амаргүй ажил болохыг эдийн засаг гадарладаг ямар ч хүн хэлнэ. Гэтэл аливаа том төслийг, тэр дундаа Тавантолгойг хөдөлгөж, эдийн засгаа сэргээх ажил хэрэг эхлэхээр л энд тэндээс тэрбум тэрбум долларын элдэв "боломж” гарч ирдэгийг юу гэж ойлгох вэ? Эдийн засгийн наад захын баримжаагүй ийм яриа, сенсаацуудад үнэхээр итгэнэ гэж боддог бол Монголын төр засгийг ард иргэдтэй нь дүүрсэн тэнэгүүд гэж тооцож буй нь лавтай биз.

Өнөөдөр Ерөнхий Сайд Ж.Эрдэнбат болон УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж нар ямар ч байсан зоримог, шийдэмгий хөдөлж, өмнөх тендерт ялсан  "Энержи Ресурс – Шинхуа - Сумитомо” түншлэлийг дахин хэлэлцээрийн ширээнд урин, Монголчуудын бараг итгэл найдвар нь алдраад байсан Тавантолгойн төслийг хөдөлгөх ажил эхлэхээр болоод байгаа үе. Тавантолгойг ганц Хятадын Шинхуад өгөөд явуулах нь гэх хардлага, сэрдлэгийг ч Засгийн газрын зүгээс няцааж, тодорхой тайлбар, удирдамж гаргасан харагдана. Яг ийм үед Эрдэнэс Тавантолгой компани өр ширээ өнөө маргаашгүй дарна, учиргүй ашигтай ажиллах боломжтой, 5 тэрбум доллар ч олох боломжтой гэх маш танил сенсаци гарч ирэх нь тэр.

Одоог хүртэл TTJVCO, Чалкогийн өрийн хатуу нөхцөлд ороогдоод байгаа Эрдэнэс Тавантолгой маань гэв гэнэт зүйрлэшгүй их ашиг, орлоготой компани болоод хувираадахлаа. Өрөндөө нүүрс авч цааш зардаг TTJVCO гэв гэнэт үйл ажиллагааны зардлаа бууруулж, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний үнийг өсгөж, тэр байтугай 5 тэрбум долларын боломжийг гаргаж ирэх юм байх.

Ингэхэд TTJVCO гэж ер нь ямар учиртай компани вэ?

Анх 2011 онд Тавантолгойн орд газрын Зүүн Цанхийн уурхайд оператоор ажиллах компанийг сонгон шалгаруулах тендер зарлахад Австралийн Макмахон компани шалгарсан бөгөөд 2014 оны дунд хүртэл олборлолт хийсэн хөлсөө авч чадаагүй тул энэхүү авлагаа TTJVCO гэх хятад компанид зарчихаад Монгол Улсаас гараад явчихсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн захидлыг илгээж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ирээдүйд "сэтгэлээ чилээн” суугаа TTJVCO бол Монгол Улсаас авлагаа яаж барагдуулах вэ хэмээн толгой нь гашилж суугаа хятад эзэдтэй компани юм. Тэд олборлолтын хөлсөнд авсан хямд нүүрсийг нутгийнхаа ченж компаниудад зарж, ихээхэн ашиг хийдэг нь ч нууц биш. Өнөөдөр Монголчууд Тавантолгойн нүүрсээ зах зээлийн үнийн ядаж талд нь  ч хүргэж чадахгүй, үнэгүй шахам гаргаж буйн учир ч үүнтэй холбоотой.  

TTJVCO компаниас түүхий нүүрс авч, цааш дамладаг хятад ченжүүдийн томоохон сүлжээ Тавантолгойгоос ихэд ашигтай ажилладаг, тэр дундаа Винсвэй компани 2016 оны эхний хагаст л гэхэд 267 сая хонконг долларын цэвэр ашигтай ажилласнаас үзэхэд хятад ченжүүдийн сүлжээ Тавантолгойгоос салж ядан зууралдаж буйг ойлгож ядах юмгүй. Монголын төр, Монгол Улс Тавантолгойгоо зөв зүйтэй бизнесийн зарчмаар нь хөдөлгөөд, түүхий нүүрсний бүдүүлэг загварыг халж, орчин үеийн цогц менежмент нэвтрүүлбэл Эрдэнэс Тавантолгойгоос түүхий нүүрс дамлан зардаг ченжийн бүлэглэлийн ашиг ор байхгүй болчих учраас л тэр.

Гэвч өнөөдөр ийм явуургүй оролдлогууд бүтэх магадлал муу гэдгийг сэтгүүлчийн хувьд дахин давтаж хэлмээр байна. Монгол Улс хэдий төлбөрийн чадваргүй болж, өрийн хямралд нэрвэгдсэн ч гэлээ өөрийн гэсэн төр засагтай, өөрт байгаа орд газруудыг хууль номоор нь, эдийн засгийн ашигтай хувилбараар явуулах чадамжтайг бид дор бүрнээ санаж явахгүй бол том төслүүдийн хувь заяаг өөрсдийн ашиг сонирхлоор гацаах дуртай элдэв бүлэглэлүүд хэрээс хэтэрлээ.

Тавантолгойд цэцэглэсэн түүхий нүүрсний бизнес, тонн нүүрсийг 20-30-хан доллараар үнэлж гарган Хятадын талд ашгийг үлдээдэг гамшигт загвараас ангижрах алхам хэдийн хийгдэж эхэлсэнд олон нийт, Монголын ард түмэн баяртай байгаа. Монгол Улсын эрх ашиг тонн тутмаас хэдэн долларын ашиг хийж суугаа ченжүүдийн эрх ашгаас яагаад ч доогуур тавигдах учиргүйг эцэст нь сануулья.

Эх сурвалж:

Ц.Барс

http://www.nud.mn/archives/6817


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.