УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсад айлчилж байна


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга, Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ.

 

"Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав

УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсад айлчилж байна

Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа.

 

 

Эрхэмсэг ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер УИХ-ын дарга М.Энхболдод Кувейт Улсад тавтай морилон саатахыг хүсээд "Кувейтийн сан”-гийнхаа талаар танилцуулав. Тус сан өнөөгийн байдлаар дэлхийн 160 улстай хамтран ажиллаж, энэ санхүүгийн жилд 1.9 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа аж.

 

 

Тэрбээр "Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим асуудал шийдлээ хүлээж байна” гэж тэмдэглээд Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна. Мөн Шүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулагчийн асуудал байгаа. Бид холбогдох судалгааг хийгээд танай талын техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж байна. Цаашид зам тээвэр, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна” гэлээ.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд "Монгол-Кувейтийн хамтын ажиллагаа харьцангуй богинохон түүхтэй боловч авто зам, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт та бүхний хийж хэрэгжүүлсэн төсөл, тусламж дэмжлэгт манай ард түмэн ямагт талархалтай ханддаг. Парламентын ордон барихад зориулан олгосон санхүүжилтийг ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байна. Шүрэнгийн УЦС-ын асуудлаар тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргах байх. Манай эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа учраас Засгийн газар энэ байдлыг гэтлэн давах тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байна. Түүнчлэн танай улс, "Кувейтийн сан”-тай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Та бүхнийг, Сангийн удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь үзэж танилцахыг урьж байна” гэлээ.

 

 

Эрхэмсэг ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер урилгыг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд "Сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзье. Зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ. Шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэлээ.

 

ТОДРУУЛГА: Монгол Улс, Кувейт улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон. "Кувейтийн сан”-гаас Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн чиглэлийн авто замыг тавихад 58.2 сая ам доллар, Тайширын УЦС-ын бүтээн байгуулалтад 19.8 сая ам долларын зээл олгосон. 1999-2000 оны зудын гамшгийн үеэр 500.0 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн Эрхэм дээд Эмир Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан 276.6 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

 

Кувейтийн Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрийн үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа.

 

 

Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв.

 

"Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүн Кувейт улсын тусгаар тогтнолыг дэмжиж, Иракийн эзлэн түрэмгийллийг буруушааж байсан улс орны нэг нь Монгол. Бид үүнийг үеийн үед санаж, Монгол Улсад хүндэтгэлтэй хандсаар байх болно. Түүнчлэн манай Эрхэм дээд Эмирийн хамгийн дуртай улс орны нэг нь Монгол гэдгийг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Тэгэхээр Монгол Улс бол Кувейтийн Засгийн газар, ард түмэнд хамгийн ойр дотно улсуудын нэг билээ. Цаашид манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээж авсанд нь Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганимд талархал илэрхийлээд 11 дүгээр сарын 26-нд болсон сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, парламентын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж, Кувейтийн хууль тогтоох дээд байгууллагад амжилт хүсэв.

 

Тэрбээр "Хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжих нь тухайн улс орнуудын Засгийн газар хоорондын болон эдийн засаг, хөрөнгө оруулалт, бусад салбарын хамтын ажиллагаа хөгжихөд чухал үүрэгтэй юм. Парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд парламентын удирдлагууд болон гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал. Таныг Монгол Улсад тааламжтай үедээ айлчлан очихыг урьж байна” гэлээ.

 

 

-Сүүлийн 20 гаруй жилд манай хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ойрхи Дорнодын улсуудаас Монголтой хамгийн ойр дөт, үр ашигтай хамтран ажиллаж байгаа улс бол Кувейт. XXI зууны эхээр эхэлсэн "Мянганы зам” төслийн үйл ажиллагаанд Кувейтийн Засгийн газар идэвхтэй оролцож, 500 шахам км замыг барьж байгуулсан. Баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр болох Тайширын УЦС-ыг байгуулахад Кувейтийн сангийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрхэм дээд Эмирийн санаачилгаар Кувейтийн судалгааны төв Улаанбаатар хотод байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. Байгаль цаг агаарын хүндрэл тохиолдсон үед кувейтчүүд Монголын ард түмэнд тусалсан. Энэ бүгдэд Монголын ард түмэн талархдаг бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагааны сайхан жишээ болж үлдсэн юм.

 

 

Харилцаагаа цаашид улам өргөжүүлэхийн тулд 2017 онд хоёр талын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх талаар манай талаас санал тавьсан байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танай Засгийн газрын тэргүүнд хандаж, Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давахад тусламж дэмжлэг үзүүлнэ үү хэмээсэн албан захидал ирүүлснийг Та анхааралдаа авч, дэмжиж өгөхийг хүсэж байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв.

 

 

Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим "Үндэсний Ассамблей Таны болон танай Засгийн газрын хүсэлтэд анхааралтай хандах болно. Эрхэм дээд Эмир Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгөх ёстой гэж үздэг учраас нааштай шийдвэр гарах нь тодорхой” гэж онцлон тэмдэглэлээ.

 

Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, мөргөлдөөн сөргөлдөөнийг намжаах, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

 

ТОДРУУЛГА: Кувейт улс ардчилсан, хаант засаглалтай орон. Улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний ассамблей. 50 гишүүнтэй. Бүх нийтийн, эрх тэгш, нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгогддог. Үндсэн хуулийнхаа дагуу Засгийн газрын гишүүдийн тоо Үндэсний ассамблейн гишүүдийн 1/3-ээс хэтрэх ёсгүй. Үндэсний ассамблейгаас баталсан хуульд Эмир гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Эмир Үндэсний ассамблейг тарааж, 2 сарын дотор нөхөн сонгууль явуулах эрхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Эль-Кувейт хотоос мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.