“Монголын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл түүхчид болон Түвдийг өмгөөлөгчдийг түгшээв”
Далай ламын айлчлал болоод манай улсын гадаад бодлогын асуудалд олон улсын хэвлэлүүд анхаарлаа ихээр хандуулж байна. Тухайлбал, "The New York Times” сонин шинэ оны анхны дугаартаа бидэнтэй холбоотой анхаарал татсан материалыг нийтлэжээ. Нийтлэлд өгүүлснээр "Олон зууны тэртээ удирдагчид нь Далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урьж залахгүй гэв. Тус улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн үг Түвдийн шашны тэргүүн Далай ламын амаргүй асуудлаас үүдэн дахин нэг улс Хятадын дарамт шахалтад өртсөнийг харууллаа.Ц.Мөнх-Оргил сайд ярихдаа тус улсын Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламд Монголд айлчлах боломж олгосонд уучлал хүсч, тус Засгийн газрын үед түүнийг дахиж айлчлахгүй гэсэн тухай "The Associated Press” уламжилжээ. Монголын хариу үйлдэл зарим судлаачдыг гайхшруулсны учир гэвэл тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Далай лам гэдэг хүртэл монгол үг аж. Хятадын Засгийн газар хэдий эсэргүүцсэн ч Монголын Засгийн газрын урилгаар бус, дан ганц шашны шинж чанартай хэмээгдсэн Далай ламын айлчлал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхлэн дөрвөн хоног үргэлжилжээ. Үүний хариуд Хятадын тал Монголын дээгүүр албан тушаалтнуудтай хийх уулзалтуудаа цуцалсан юм.Хятад Энэтхэгт дүрвэн амьдарч буй Далай ламын айлчлалуудыг цуцлахыг шаардан дэлхийн бүх улс, үүний дотор өрнөдийн орнуудад ч дарамт шахалт үзүүлсээр иржээ. Хятадын коммунист намын удирдагчид түүнийг Хятадаас Түвдийг салан тусгаарлахыг санаашрагч дайсан гэж тодорхойлдог ч Далай лам өөрөө Түвдэд илүү өргөн цар хүрээтэй автономит эрхийг л хүсдэг гэдгээ хэлсээр ирсэн юм.Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэнд гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлж байгаа. Уг нь сүүлийн уналтын өмнө Монголын эдийн засаг уул уурхайн олборлолтын ачаар хурдан өсч байсан билээ. Үүний сацуу тус улс Хятад, Оросоос ямар нэг хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болжээ.Уламжлалт буддын шашинтай, Түвдийн буддизм болон Далай ламын түүхтэй эртний холбоотой тус улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл түүхчид болон Түвдийг өмгөөлөгчдийг түгшээсэн байна.Колумбийн их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт, "Энэ үйл явдал Хятадын зүгээс үзүүлэх тодорхой дарамт шахалтыг дипломат аргаар барин тогтоох боломж дэлхий даяар улам бүр хумигдаж буй үйл явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол жижигхэн, далайд гарцгүй Хятадын хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” хэмээн өгүүлсэн талаар болон өөр сонирхолтой асуудлуудыг хөнджээ.
Сэтгэгдэл