Н.Энхбаяр Монголын төрд "өшөөтэй”. Өөрийг нь "эзгүй цөлд усгүй хаясан” энэ төрд өш санахаас ч аргагүй. Тиймээс л МАХН-ын нэрийг сэргээж, улс төрийн нам байгуулан төрийн эсрэг тэмцэж эхэлсэн гэж ойлгогддог.
Харин энэ тэмцэлдээ төрд гологдсон хүмүүсийг маш ихээр татан оролцуулж байна. Намдаа гологдсон, төрийн байгууллагаас халагдсан, төр ажиллаж байхдаа төсвийн мөнгийг шамшигдуулж, яллагдаж байсан, улс төрийн нэр хүндээ алдсан хүмүүс Н.Энхбаярын хүрээг тэлсээр. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАХН-д элсээд байна. Түүнийг намдаа гологдож, ирэх сонгуулиар тойроггүй болсон хэмээн эх сурвалжууд дүгнэж байгаа.
Н.Энхбаяртай нэгдэн, нэг тугийн дор алхаж яваа хүмүүсийн зорилго нэг. Тэд бүгд л өөрийг нь "ус хаясан чулуу” шиг мартаж орхисон нам, төрөөс "өшөө авах”.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "энэ хүнээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү” хэмээн ярилцлагадаа дурьдсан байдаг. Н.Энхбаярыг "номер нэг” байхад бүгд л дургүй байсан. Тиймээс л төрийн тусгай хамгаалалт нь бууж амжаагүй байхад авлигын хэргээр яллаж орхисон. Үүнийг хэн өширхөхгүй мартаж чадах вэ. Н.Энхбаяр лав биш.
Ардчиллын нэг сайхан зүйл нь ард түмэн увайгүй удирдагчаасаа цус гаргалгүй салж болдог тогтолцоог хэлдэг. Харин Н.Энхбаярыг ард түмэн гэхээсээ төр, засгийн эрхийг баригчид цус гаргалгүйгээр "хөөж” орхисон юм. Үүнд л хорсож, зэвүүцэхдээ өшөө авахаар зэхэж, өөрийн хүрээг "төрд хорсогчид”-оор бүрдүүлсээр байгаа юм.
Энэ таамгийг үгүйсгэх аргагүй. МАН-ын зургаан сайд огцорч, АН болон "Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нар "хоолонд орлоо”. МАН-ын сайд нарыг халаа сэлгээ их хийсэн хэмээн Засгийн газраас хөөсөн. Гэвч саяхан шинээр томилогдсон сайд нар ч ялгаагүй халаа сэлгээ хийсээр байна. Хийх хийхдээ бүр эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг төрийн өндөр албан тушаалд томилох боллоо.
Эндээс төрд яллуулж, хоног хугацаагаа төмөр торны цаана үлдээсэн хүмүүс яаж төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэд өөрийг нь буруутгасан, өөрөөс нь нүүр буруулсан бүгдээс хонзонгоо авна уу гэхээс, чин зүрх сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх нь юу л бол.
Харин Шадар сайд Ц.Оюунбаатарыг юу ч мэдэхгүй дээ генерал П.Дашийг өөрийн зөвлөхөөр томилсон гэж андуурч болохгүй. Тэр тусмаа 40 жил төрд зүтгэсэн хөгшин улс төрчтэй хуулийн тухай яриад л хэрэггүй. Шадар сайд энэ томилгоо нь хууль бус гэдгийг сайн мэдэж байгаа. Гэвч түүнд шахалт ирсэн. Мэдээж "номер нэг” түүнд шахалт үзүүлж, П.Даш генерал Шадар сайдын зөвлөхөөр томилогдсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс л хууль зөрчихөөс аргагүй хүрсэн.
Уг нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Монгол Улсын Шадар сайдад "ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн” хэмээн албан бичиг хүргүүлж. Өөрөөр хэлбэл, П.Даш нь ОБЕГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан учраас Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ялласан юм. П.Даш нь хэдийгээр 2014 оны 12 дугаар сард суллагдсан ч Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа юм. Гэтэл түүнийг хууль зөрчин байж төрийн өндөр албан тушаалд томилсон нь цаанаа учир шалтгаантай.
АТГ-аас "албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд/төрийн алба/ томилох нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг зөрчсөн. Тиймээс мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллана уу” гэсэн албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлжээ. ЗГХЭГ-ын шийдвэрээс хамаарч, генерал П.Даш зөвлөхийн албан тушаалдаа үлдэх үү үгүй нь гэдэг нь тодорхой болно.
Гэвч төрд хорсогчид П.Дашаар төгсөхгүй. Нийтлэлч, улс төрч Баабарын "Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хорлолоо. Цаашид ч хорлох асар их ирээдүй байна” гэж хэлснээс үзэхэд Н.Энхбаярын "өшөө авалт” дуусах болоогүй байна. Харин ч эхэлж байж мэднэ ...
А.Аюуш
Үндэстэн.мн
Сэтгэгдэл