» » Д.Ганбат сайд аа, хязгаар тавьснаас шинэ ажлын байр нэмэгдүүлсэн нь дээр биш үү

Д.Ганбат сайд аа, хязгаар тавьснаас шинэ ажлын байр нэмэгдүүлсэн нь дээр биш үү


Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай” танилцуулга хийжээ.

Түүнээс өмнө нь буюу ердөө л өглөө нь энэ тухай хөндөгдөх мэдээлэл цацагдангуут автомашин борлуулдаг худалдааны төвүүдэд машины үнэ даруй 50-100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар худалдаачид хэлж байв. Энэ бол мэдээж зах зээлийн "хуулиараа” овжин загнаж буй хэрэг. 
Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээж байгаа энэ үед өөрсдөө үйлдвэрлэгч орон биш байж ингэж импортын автомашины тоог хязгаарлах нь хэр зохистой санаачилга юм бол доо. Ийнхүү хязгаарлалт тогтоох шалтгаанаа манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай холбон тайлбарлажээ. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ гэсэн байна. Үндсэндээ олны нэрлэж заншсанаар буруу "рультэй” машинаас болж ослын тоо нэмэгдээд байгаа юм байна гэсэн ойлголт явж байгаа гэсэн.
Гэнэтхэн жолооны хүрдний байршлаас болж ийн асуудал хөндөгдөж байгаа нь олны хардлагыг төрүүлэхээс аргагүй. Учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад импортоор ирж байгаа машинууд жолооны хүрдний байршлаасаа шалтгаалаад 5-6 сая төгрөгийн ханшийн зөрүүтэй байдаг. Буруу талдаа буюу жолооны хүрд нь баруун талдаа байрласан нь ихэнхдээ Японоос орж ирдэг бөгөөд арай хямд. Түүнийг л амьжиргаагаа залгуулж буй автомашины ченжүүд болон хэрэглэгчид авдаг. Харин зүүн талдаа жолооны хүрдтэй машин АНУ, солонгос болон европын орнуудаас ирдэг. Зөв рультэй гэдэг ганцхан шалтгаанаар бусад машинаас 5-6 сая төгрөгөөр илүү ханштай гэсэн үг. Мэдээж амьжиргааны түвшин дээгүүр хүмүүст бол 5-6 сая төгрөг гэдэг юу биш санагдах биз. Харин машин байтугай гар утсаа ч линзингээр авах шахдаг дундаж амьдралтай өрхүүд яах болж байна вэ. Өөрөөр хэлбэл машины үнэ өснө гэсэн үг. 
Нөгөөтэйгүүр бид тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай боловч хамгийн энгийн хэрэглээ болчихоод байгаа приус л гэхэд мөн японоос орж ирдэг, буруу рультэй машин. Шатахуун бага зарцуулдгаараа "алдартай”, тав, тух, эдэлгээ зэргээсээ шалтгаалаад иргэд япон машинд ам сайтай байдаг. Даанч Зам, тээврийн хөгжлийн сайдын танилцуулгын дагуу бол приусын ч үнэ өсөх болох нь ээ. 
Уг нь дэлхийн 190 гаруй орноос 56 нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлээр хөдөлгөөнд орохыг зөвшөөрдөг. Үндсэндээ хуульдаа заачихсан гэсэн үг. Харин Америк, Австрали, Канад зэрэг 133 улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг. Үүнийг дагаад үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн жолооны хүрд солих үйлчилгээ бий болчихоод байгаа. Тухайлбал Япон, Филиппин, Чили, Саудын Араб зэрэг улс энэ төрлийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг. Яагаад энэ туршлагыг нутагшуулж, ажлын байр нэмэгдүүлэх талаас нь бодолцож болохгүй байгаа хэрэг вэ. Төр, засгийн удирдлагууд ингэж хязгаар тогтоох талаар дэмий ярьж суухын оронд өөр бусад боломжийг судалвал олон нийтэд илүү хэрэгтэй шийдэлд хүрч болно. Тухайлбал дээр дурдсан жолооны хүрдний байршил солих үйлчилгээг нэвтрүүлж бас хэрэгжүүлж болох л учиртай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.