Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх 220 километр хагархай, цөмөрхий замаар явчихаад 360 мянган төгрөгийн замын хураамж төлж байгаа иргэд бухимдалтай байна. Хэний зам болохоороо ийм өндөр хураамж авдаг байдаг юм бэ гэж иргэд гайхаж байгаа юм. Ер нь энэ чиглэлийн зам үргэлж асуудал дагуулж ирсэн. Өдөрт 2 мянган машин энэ замаар явж байгаа. Тэгээд 360 мянган төгрөгийн хураамж авдаг мөртлөө яагаад эргээд зам засвар арчилгаандаа зарцуулдаггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Гол нь замын чанартай холбоотойгоор осол аваар олон гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв тэгээд машин тус бүрээс 360 мянган төгрөг авчихаад замаа сайжруулахгүй юм бол үнийг нь буулгах хэрэгтэй баймаар юм. 360 мянга бол өндөр үнэ. Хэт өндөр энэ үнийг нь төлөхөөс зайлсхийсэн жолооч нар шороон замаар тээвэр хийдгийн улмаас өдөртөө 4-5 машин онхолдож унадаг нь хэвийн үзэгдэл гэдгийг газар дээр нь очихоор хэлэх хүмүүс олон бий.
Нүүрсний тээвэрлэлтэд монголчууд голдуу машин жолоодож буй. Гэхдээ Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Хятадуудад үргэлж дээрэлхүүлнэ. Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг. Харин Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гээд байгаа юм. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Бүгд хятад эзэнтэй бол Таван толгойгоос Цагаан хад хүртэл ганц нэгхэн монгол эзэнтэй компани байдаг аж. Тэрчлэн Монголчууд хятад эздийнхээ ааш аягийг олох гэж зүдрэхийн сацуу хатуу хучилттай зам дээгүүр тээвэрлэлт хийхдээ 360 мянга гэсэн өндөр хураамж төлөх ёстой байдаг. Гэтэл тэр хатуу хучилттай зам нь эвдэрч цөмөрсөн, нарийн гээд эргээд осол аваар гарах нөхцөл болсоор иржээ.
Тэгэхээр уг асуудал дээр холбогдох байгууллагууд анхаарах цаг болжээ. Шороон замаар нүүрс тээвэрлэхэд хөрс ихээр эвдэрч, тоосжилт үүсэн, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж, хүний эрүүл мэндэд хор уршиг дагуулж байдаг. Тиймээс л хатуу хучилттай замыг барьсан шүү дээ. Гэтэл чанаргүй зам барьчихаад эргээд Монголчуудаа мөлжөөд байдаг нь ямар учиртай юм бэ.
Нүүрс тээврийн машинууд 70 тонны даацтай. Харамсалтай нь компаниуд болон хөлсний жолооч нар ашиг орлогоо бодон 100 гаруй тонныг ачдаг. Улмаар осол аваар их гардаг юм билээ. Хятадууд хүнд даацын 8000 машинтай, 4000-ыг нь монголчууд жолоодож, нүүрс зөөдөг гэх мэдээлэл бий. Тэгэхээр тэдний цаана хэдэн хүний амьдрал байгаа бол. Нүүрс тээвэрлэлтийн зам орчны асуудлыг, замын хураамжийн асуудлыг эргэн харах, хатуу хучилттай нэртэй замаа тэр хураамж гэдэг авдаг мөнгөнөөсөө засаж сайжруулах цаг болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл