Иргэд балгасандаа үлдэж, эрх мэдэлтнүүд Их тэнгэрийн ам руу нүүнэ


 

Монголчууд гамш­гийн нөхцөлд амьдарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон. Улиг болтол давтсан утааны асуудлыг орхиё. Харин биднийг улирал харгалзахгүй түгшээж байгаа нь газар хөдлөлт. Хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэх. Хамгийн гол нь Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь буюу найман баллын бүсэд 28  хувь, долоон баллын бүсэд 30 хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий.

Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай "тооцоо” хийх боломжгүй гэдэг. Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориу­лалт­тай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чад­варын үнэлгээ хийхэд  278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ. Товчхон дурьдахад ийм.

Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байн­гын хорооны хурал­даанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюул­гүй байдлын талаар мэдээ­лэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын  захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.

Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөд­лөл­төд тэсвэргүй 14 блок барилгыг буул­гаж шинээр барих асууд­лыг шийдвэрлэх шаард­лага­тай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яарал­тай­гаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарс­ныг гишүүдэд танил­цуулав. Мөн эрсдэл үүс­сэн үед Төрийн ордных­ныг шилжүүлж байр­луулах бэлтгэлийг ч хан­гасан байна. 

Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, түүний Там­гын газар, Засгийн газ­рыг түр байрлуулах болом­жит байрыг сонгож. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн ажлын албыг Их тэнгэр дэх XXIV байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувил­барыг сонгосон байна.

Ийнхүү төв ордныхон Их тэнгэрийн ам зэрэг агаар салхи сайтай, аюул­гүй газар руу нүүх нь. Харин нийслэлээр зог­солт­гүй хөдөө орон нутгийн­хан нурахад бэлэн бол­сон балгасандаа үлдэх юм байна.

Иргэдийн ажиллаж амьдардаг 1970 оноос өмнөх барил­гад үнэлгээ хийх шаард­лагагүй гэж үзсэн хэрнээ Төрийн ордонд Ажлын хэсэг томилж нүх сүв болгоныг шал­гасан байх нь. Төрийн ордон хэзээ мөдгүй нураад унах нь юу бол. Түүнээс өм­нө эдийн засгийн хям­рал, утааны асуудлаа ярилцая.

С.Уянга

Зууны мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.