Өнгөрч буй долоо хоногийн хувьд улс төр, нийгмийн хүрээнд үйл явдал өрнүүн долоон хоног болж өнгөрлөө. Маргааш буюу ням гаригт Ардчилсан нам даргаа сонгох сонгуульт ажлыг орон даяар явуулах гэж байна.
АН-ын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сунгаа өчигдөр дуусгавар болсон. Тодруулбал, намын даргын суудалд Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын таван хүн өрсөлдөж байгаа билээ.
Санал асуулгаар Д.Эрдэнэбат 35525 хүний саналаар тэргүүлж, Ж.Батзандан 30186 хүний саналаар удаалсан амжилттай яваа юм. Харин маргааш 22.00 цагт гэхэд намын даргын нэр тодорхой болно. Дашрамд дуулгахад, АН-ын даргын сонгуулийн саналыг гараар тоолох юм байна.
Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр хуулийн байгууллагад мэдүүлэг өглөө
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг хоёр нэг хоногийн зөрүүтэй АТГ-т мэдүүлэг өглөө.
Ч.Сайханбилэгийг чухам ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан талаар одоогоор тодорхойгүй байгаа юм.
Харин уржигдар Н.Алтанхуягийг сонгуулийн сурталчилгаа хаагдахтай зэрэгцэж АТГ-аас дуудаж байцаалт авав. Уг явдлыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Намайг намын дарга болчихно гэж байж байгаа юм байлгүй" хэмээн тайлбарласан. Түүнийг өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхийг шаардаж байсан юм.
Ингээд намын даргын сонгуулийн сурталчилгаа хаагдаж, намын даргын сонгууль болоход хоёрхон өдөр дутуу байхад ийнхүү сонирхолтой үйл явдал өрнөлөө. Ер нь шинэчлэл ярьж, шинэчлэл хийх гэж байгаа хүмүүс нь үнэхээр намаа шинэчилж чадах уу гэдэг л байна. Сонгуульд дараалан ялагдаж ард түмнээсээ хатуухан дүн авчихаад байхад л тэд бахь байдгаараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн хэвээрээ л байна. Намаа боддогүй, хүнээ боддоггүй тэдний нүдэнд эрх мэдэл, эд баялагаас өөр зүйл харагдахаа байжээ. Сүүлийн өдрүүдэд АН дотор дээр дооргүй шинэчлэл хийнэ гэж баахан цамнасан. Намын даргаа ҮЗХ-ны хурлаасаа сонгож чадахгүй болсон тэд аргаа барахдаа намын дүрмээ шинэчилж шинэ нам болохын тулд их хурлаасаа даргаа сонгоно гэж өөрсдийгөө болон ард түмнээ хуурсан. Аймаг, нийслэл тэргүүтэй 1210 төлөөлөгч сонгон авч их хурлаа хуралдуулж сүржин зураг авахуулахаас өөр үр дүнд хүрч чадаагүй билээ.
Насны хишиг олгох журам батлагдав
Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болж настай буурайнуудын магнайг тэнийлгэсэн билээ. Засгийн газрын хуралдаанаар "Насны хишиг” олгох журам баталлаа. 2017 оны эцсийн судалгаагаар улсын хэмжээнд нийт 122 мянга гаруй ахмад настан байдагаас 121 мянга 905 ахмад насны хишиг авах юм байна. Журамд насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах юм байна.
• 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
• 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
• 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
• 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
О.Сайхан
http://www.zaluu.com/read/fah6ad0g
Сэтгэгдэл