Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ. Улмаар "Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийг хийж эхэлсэн билээ. Энэ хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Харин өнөөдрийн байдлаар "Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргаад байна. 2017 онд нийт 122 мянга орчим ахмад "Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан.
Бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг энэ сарын 20-оос эхлэн "Хаан”, "Төрийн банк”, "Капитал” банкны дансаар дамжин олгохоор болжээ. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа аж.
Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.
Сэтгэгдэл