“Эрдэнэтийн дарга нар иргэдээс газрыг нь булааж байна” гэв


“Эрдэнэтийн дарга нар иргэдээс газрыг нь булааж байна” гэв

Э.БЭРЦЭЦЭГ

 Монгол Улсын хоёр дахь том хот гэгддэг Эрдэнэт хотын  иргэд ойрын өдрүүдэд газрын төлөөх "дайн”-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ арга хэмжээнд ирэх сонгуульд  Орхон аймгаас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй  "Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай нэгдээд байгаа юм. Тэгвэл тус аймгийн иргэдийн төлөөлөл Л.Гүндалайгийн хамт өчигдөр хэвлэлийнхэнд хандав.  Өдгөө 84.4 мянган га газар нутагтай, 90 гаруй мянган хүн амтай Орхон аймагт  газар өмчлөх асуудал хэт удаашралтай, луйвар ихтэй явагдаж байгааг иргэд шүүмжилж байв. Ялангуяа  Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн болон холбогдох албаны хүмүүс, тус аймаг дахь АН-ын төлөөллүүд иргэдийн үгийг огт сонсдоггүй, идэх завшихдаа хэт улайрсан, газар өмчлөх асуудлаар луйвар хийж гаршсан,  Эрдэнэт хотын олигтой, өнгөтэй гэх газрууд бүгд дарга нарын гараар орсон гэдгийг хуралд ирсэн хүмүүс хэлж байв. Тухайлбал, Орхон аймгийн төв Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод Баян-Өндөр хэмээх сайхан уул байдаг. Тэр уулын урд бэлд  арваннэгдүгээр хороолол буюу баячуудын хауснуудын ард талд 3000 өрхөд газар өгч болохоор сул чөлөөтэй газар байдаг.  Тэр газрыг өнөөдөр ногоон байгууламж, усан сан барина гэх нэрийдлээр иргэдэд олгодоггүй. Тэнд буусан, газар авахаар очсон иргэдийг цагдаа хүчний байгууллагаар татан буулгаж, айлгаж, сүрдүүлдэг. Барьсан гэр, майхан зэргийг нь хүчээр нурааж буулгасан, Орхон аймагт иргэдийн эрх зөрчигдөж байна. Ялангуяа газрын асуудал шударга бус явагдаж байна хэмээн тэд шүүмжлэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.