Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталж, УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээсэн нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс” компанитай холбоотой талаар эх сурвалжууд хэлж ярьж байна. Учир нь Засгийн газраас ийм шийдвэр гарахаас өмнө Сангийн сайдын компани тус орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орчихоод байсныг нутгийн иргэд хэлж байгаа аж. Тэгэхээр Сангийн сайд уг асуудалд тайлбар өгөх ёстой юм.
Учир битүүлгээр амиа алдсан ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл тус газар нутгийг амиараа хамгаалж байсан болохыг Монголчууд мэддэг болсон. Гэвч Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоохдоо байгалийн нөөц газарт авах ёстой 153 мянган га газрыг зориуд гадаа нь үлдээсэн бололтой. Ямартаа л Хуршуудын голд "Саус гоби коал транс” ХХК тэрэг техниктэйгээ дайран орж ирж, кэмпээ байгуулан, зам тавьж, хөрс тэгшилж эхэлсэн тухай нь нутгийн иргэд сошиалаар мэдээлсэн билээ. Ийм мэдээлэл засгийн хуралдааны өмнөх өдөр анх гарсан юм.
Уг нь ”Саус гоби коэл транс” ХХК-ийн талбайд Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаяр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал,Ч.Энхзаяа нар хамтран хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан ч, Сангийн сайдын "Саус гоби коал транс” ХХК үл тоож, кэмпээ барьсан байгаа юм. Тэгэхээр тус компанийн тухайд Сангийн сайд гэсэн том артай учир хууль журмыг үл тоож буй бололтой.
Тиймээс ч уг асуудлаар Сангийн сайд тайлбар хийх ёстой. Ирвэс хамгаалагч залуугийн учир битүүлэг үхлийн учиг шалтгаан нь түүний Тост, тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авах ёстой гэсэн тэмцэлтэй холбоотой байсан гэдэгт эргэлздэггүй хүмүүс нийгэмд олон байдаг. Түүнчлэн ихээхэн харуусал дагуулсан уг асуудалтай холбоотой шийдвэрийг засгийн нөхдүүд гаргаж буйгаа мэдээгүй гэж харах ёстой юу. Ямар ч байсан заагаас гадна үлдээсэн 153 мянган га газар болон "Саус гоби коал транс” ХХК-ийн үйл ажиллагааны идэвхжил санаандгүй тохиолдол биш байх.
Гишүүн асан Ц.Оюунгэрэл Тост, тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан хүний нэг. Тэр ч үүднээсээ энэ талаарх байр суурийг medee.mn сайтад илэрхийлэхдэээ "-УИХ-ын тогтоолыг санаачлахдаа 896527 га-аар оруулж ирсэн. Энэ тогтоолын дагуу Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га-г хасаад тогтоосон байна. Миний таамаглаж байгаагаар 153 мянган га-г хамгаалалтаас гаргаж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж байна гэж харж байгаа. Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлвэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болно. Ийм газрыг тусгай хамгаалалтаас гаргачихаад байгаа юм. Засгийн газар УИХ-ын батлагдсан тогтоолд тусгагдсан хэмжээгээр хилийн заагийг тогтоох ёстой. Гэтэл 153 мянган га-гаар дутуу тогтоосон байна. Энэ асуудлыг Засгийн газар дээрээ дахиж ярих ёстой. Одоо Гурвантэс сумын Иргэдийн хурал, засаг захиргааныхан тооллогоо хийж үзэх хэрэгтэй. Орон нутаг ашиглалтын зөвшөөрлийг нь өгөхгүй байх эрхтэй шүү дээ. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар Сангийн сайдын хүчинд автаад байна уу гэдгийг олох, Засгийн газрын сайдын хувийн компанитай шууд холбоотой асуудал байгаа учраас АТГ анхаарлаа хандуулах ёстой. Энд маш том ашиг сонирхлын зөрчил явагдаж байна.” гэжээ.
Үнэхээр ч гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлж байгаачлан Сангийн сайдтай холбоотой уг асуудалд АТГ анхаарал хандуулах ёстой юм. АТГ-ын дарга Х.Энхжаргал дарга уг асуудалд анхаарал хандуулж, ашиг сонирхлын зөрчил хийгээд хууль журам зөрчсөн асуудал байгаа эсэхийг нягтлан, шалгах ёстой болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл