Сонгууль ойртох тусам төр, засгийн төвшинд баялагтай холбоотой асуудал
гацаж, хүний амь сүйдэх болов. Тун саяхны жишээ гэвэл, Өмнөговь аймагт
байгаль хамгаалагч амиа алдлаа. Тост, Тосон бумбын нурууны асуудлыг
шийдэхгүй явсаар тийм юм болсон. Саяхнаас л "орсон борооны хойноос”
гэгчээр ярьж эхлээд байна. Үүнээс гадна засгийн шийд хүлээсэн бас нэг
асуудал бий. Тэр нь Гацууртын орд, Ноён уулыг хэрхэх вэ гэсэн хүлээлт.
Тэнд хоёр дахь Тосон бумба болох нөхцөл хэдийнэ бүрдчихэж. Хэдхэн
хоногийн өмнө алт ухаж байсан хоёр нинжа шороонд дарагдаж амиа алдсан
бол Онцгойгийнхон очиж цогцсыг нь гаргасан. Эдийн засаг элгээрээ
хэвтэж, иргэдийн амьдрал улам хүндэрсэн энэ үед Ноён уулыг бараадан алт
ухаж, Налайхын нүүрсний амуудад амь дүйж яваа хүмүүсийг буруутгах
аргагүй. Ажилтай нь дэнжигнэж байхад ажилгүй, орлогогүй нь өөр яах ч
билээ. Тэглээ гээд хүний амиар өргөл өргөөд байж болох уу. Өнөөдөр амтай
болгон Ноён уул түүх, дурсгалын өлгий гэж ярьж байгаа.
Тэр үнэн. Хүннүгийн үеийн булш, бунхан бүхий бидний хайрлаж, хамгаалах
ёстой газар. Тэгвэл Гацууртыг хэрхэн ашиглах, Ноён уулыг тусгай
хамгаалалтад авах, эсэх нь тодорхойгүй байлгаж нинжа нараар алт
ухуулсаар байгаагийн цаана юу байна вэ. Тухайлбал, нинжа нарыг зохион
байгуулж турхираад байна гэсэн асуудал байдаг.
Хэн, ямар зорилгоор гэдэгт янз бүрийн таамаг гардаг. Үнэндээ бол
цагдаа, тагнуул гэхчилэн хүчний байгууллагад нэлээн дээхнэ ажиллаж
байгаад гарсан хүмүүс хараа хяналтгүй яваа залуус, хөдөөнөөс хот
бараадаж амьдралд хөлөө олохгүй яваа ах дүү садан муутай нэгнийг "Их
мөнгө олж сайхан амьдрах боломжтой” хэмээн татаж авч, зохион байгуулж
алт олборлодог, ямар нэгэн асуудал гарахад гэмт хэргийн бай болгоод
түлхчихдэг явдал цөөнгүй гарч, хэвлэлээр бичигдэж байсан түүхтэй.
Тэгэхээр энэ дундаас хэн, юу хожоод байна вэ. Бас нэг асуудал бол тэр
хавийн байгаль орчин ихээр сүйдэж, Тосон Заамар "Тоосон” болж
замарсантай адил бүрхэг ирээдүйн дүр зураг Сэлэнгэ аймгийн Мандал
сумынхныг түгшээх болсон.
Нутгийн иргэд өнөөдөр Гацууртын орд тойрсон асуудал нэг мөр болоосой
хэмээн халаглаж сууна. Мөн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад хурдан
оруулж өгөхийг хүсч байгаа юм. Гэтэл тэр нь цаашаа ч үгүй, наашаа ч
үгүй гацчихсан. Уг нь Засгийн газар оны эхээр Гацууртын ордыг
стратегийн ордод авсан. Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулж хямралыг
эмчлэхээ мэдэгдсэн. Ноён уулыг ч бас улсын тусгай хамгаалалтад авч,
эдийн засгаа ч, түүх соёлоо ч давхар анхаарахаа амласан биш бил үү.
Гэтэл өнөөдөр Гацууртын ордыг хэрхэн ашиглах нь шийдгүй. Ноён уулыг
хамгаалалтад авах талаар ч сураггүй. Нэг л их хэрэлдсэн хүмүүс. Эх оронч
мөн, биш гэсэн талцал. Эндээс үр дүн гарна гэж үү.
Уул уурхайн сайд Р.Жигжидийн мэдэгдсэнээр бол Гацууртын стратегийн
орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг хөрөнгө оруулагч нартай
үндсэндээ тохиролцсон гэж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын хуульд
заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтооно.
Роялтийн гурван хувийн татвар авна гэсэн мэдэгдэл хийсэн. Төр нэгэнт
шийдвэрээ гаргасан бол ажил хэрэг болгодог баймаар. Гэтэл төрийн бус
байгууллага нэртэй элдэв шаардлага тавьсан хүмүүс байсхийгээд жагсч,
цугладаг. "Алтан загасны үлгэр”-т гардаг шиг шахалт, шаардлагуудыг нь
гүйцэлдүүлэх гэж УИХ, Засгийг газар бужигнадаг.
Тэр хооронд Их хурал дахь намын бүлгүүд, хувь улстөрчид олон нийтэд
таалагдах шийдвэр гаргах гэдэгсэн үү, эсвэл эх орончийн дүр эсгэдэг үү
эргэж буцсаар, эцэстээ эргэлзээ тээнэгэлзээ арилсан юм алга.
Цаашилбал, ард түмний, Сэлэнгэ аймгийн Мандал сумынхны санаа бодол
ямар байгааг тэдний нэрийг барьсан иргэний хөдөлгөөн нэртэй хэдэн
хүний ашиг сонирхлоос ялгаж сурмаар. Түүний үндсэн дээр, дооргүй өрнөөд
байгаа шоугаа дуусгамаар.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл