Төмсөөр Тэрбумтан болсон нь


 Төмсөөр Тэрбумтан болсон нь

Ямар ч харамч хүн ганцхан зүйлд тун өгөөмөр байдаг бөгөөд түүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй. Тэр бол бор ходоод нь! 

Үүнийг нь мэдсэн хятад залуу маш мэргэн арга олж, Тэрбумтан болж чадсан тухай энд бичмээр байна. Учир нь манай Монголд нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа дүү нарт минь хэрэг болох гайхамшигтай бизнес санаанууд түүний намтарт их байлаа. 

Хятадын тэрбумтан, "Бяцхан төмс” хэмээх сүлжээ рестораныг үндэслэгч, Лю Шинь 1965 онд Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд ажлаасаа халагдан, хувийн бизнесээ эхэлсэн Лю Шинь ногоо, загас, хувцас худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө л 7000 юань хуримтлуулж чадсан байна.

Түүний эхнэр нь хоол сайхан хийдэг байсан тул, бусдын адил хүн бүрийн идэх дуртай түгээмэл хоолны гуанз нээжээ. Гэвч энэ оролдлого нь талаар болж, юу ч үгүй дампуурав.

Лю Шинь аргагүйн эрхэнд дахин худалдаагаа хийж эхэлсэн байна. Тэр ихэвчлэн гуанз рестораны эздийн мах, ногоо, гурил, будааг нь татаж өгдөг байлаа. "Эд нар хийж болоод байгаа бизнесийг би яагаад хийж чаддаггүй билээ?” гэсэн асуултыг Лю хөвгүүн өөртөө тавьдаг байлаа. Тэр нэг мөсөн дампуурсан байв.

Нэгэн өдөр хадам аав нь хөдөөнөөс тэднийд зочлон ирээд, хүргэн хүүтэйгээ оройжин хууч дэлгэж гэнэ. Хүргэнийхээ нууц чадварыг олж харсан хашир өвгөн хоосон зэмлэхээс зайлсхийн, үйлс бүтээх хүслийг нь дэмжсэн цөөн ухаалаг үг үлдээжээ. Хөдөөгийн хэгжүүн өвгөний энгийн бөгөөд амьдралд ойр үгэнд шимтэн суухдаа, Лю Син "Хожмын тэрбумтан” болох санаагаа олсон юм. Хадам нь,

- Та нар бусдын адил ногоо хуураад байвал, мөнгөний бурхадыг нь гэртээ зална (Бусдын үйлчлүүлэгчдийг татна гэсэн үг) гэдэг тийм ч амар зүйл биш дээ гэсэн битүү утгатай үг хэлээд охиндоо хандаж,

- Чи эмээгийнхээ хийдэг байсан бяцхан төмсний шөлийг санаж байна уу? Өнөөдөр надад бяцхан төмсний шөл хийж өг гэж лүндэн буулгав. Охин нь аавынхаа зарлигийг дагаж, зах дээрээс хамгийн жижиг төмснүүдийг нь түүвэрлэн худалдаж аваад, "Эмээгийн шөл”-ийг нь хийж өгөв. Лю төмсний шөлний амтыг бишрэн, эхнэртээ хэлж гэнэ.

- Чи ийм сайхан шөл хийдэг байснаа яагаад надаас нуусан юм бэ? Чамтай сууснаас хойш би энэ хоолыг анх удаа идэж байна гэхэд эхнэр нь,

- Манай нутагт энэ хоолыг хамгийн ядуу хүмүүс иддэг юм. Тэгээд чамайг голох болов уу гээд хийж өгдөггүй байлаа гэв. Залуу,

- Маргаашнаас эхлээд хоёулаа "Эмээгийн шөл”-ний гуанз нээнэ ээ! гэж хэлээд, эхнэрийнхээ сайхан хоолны амтанд урам нь сэргэж, "Хадам аавынхаа магтаал, зэмлэл хоёрын буяныг даах хүргэн гэдгээ харуулах юмсан” хэмээн нойр нь хулжин хоножээ.

 

Зураг дээр: Бяцхан төмс зоогийн газарын үндэслэгч Лю Шинь зураг авахуулах дургүй хүн тул ийм л зураг олдсон.

Хадам эцгийн айлчлал "Бусдаас ялгарч чадвал чи амжилтанд хүрнэ” гэсэн сургамжыг Лю Шиньд хатуу ойлгуулсан юм. Ингээд 1993 онд Лю Шинь "Бяцхан төмс” гэдэг нэртэй жижигхэн зоогийн газар Мүгдэн хотод нээхдээ, ердөө 3000 юаны хөрөнгө оруулалт хийжээ.

Тэрээр нэг порц төмстэй хоолыг 10 юанаар үнэлээд, дээр нь 1 юаны үнэтэй бин урамшуулал болгон үнэгүй дагуулж өгөхөөр тооцоолсон байна. 

Нэг порц хоолыг нэг хүн идэхэд бардаггүй бөгөөд үлдсэнийг нь Лю хөвгүүн зоогийн газарынхаа реклам бүхий саванд хийж өгдөг журам тогтоожээ.

Үйлчлүүлэгчид үлдсэн хоолоо гэр болон ажил дээрээ авчиран дахин иднэ.

Энэ бол "Бяцхан төмс” зоогийн газрын амьд сурталчилгаа болж, хаа сайгүй тархана гэдгийг Лю урьдчилан тооцоолсон байжээ.

Түүний эхнэр шарсан төмс, чанасан төмс, жигнэсэн төмс, буурцагтай төмс, махтай төмс, ногоотой төмс гээд л олон төрлийн хоол шинээр зохиож, хоолны цэс нь 150 гаруй нэрийн хоолтой болов. 

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Удалгүй Мүгдэн хотод "Бяцхан төмс” гэдэг зоогийн газарын хоол нь амттай, порц нь арвин юм байна” гэсэн яриа ам дамжин яригдах болов. Үг хөлгүй ч тархахдаа амархан байдаг. 

Нэг мэдэхэд 2 жил өнгөрч, Лю Шинь 2 сая юаны ашиг хуримтлуулсан байв. 1995 онд түүний зоогийн газарын түүхий эдийн нөөц хүрэлцэхээ байж эхлэв. Учир нь үйлчлүүлэгч ихсэхийн хирээр түүхий эдийн эрэлт нэмэгджээ.

Гэтэл тариачид бяцхан төмсийг тариалах сонирхолгүй байв. Иймд цөөхөн хэдэн нийлүүлэгч нарынх нь тариалсан төмс зоогийн газрынх нь хэрэгцээг хангаж чадахаа байлаа. 

Лю Шинь бяцхан төмсний шинэ сортыг өөрөө тариалахаар шийдэж, анхны жил 1,5 сая юань зарлагадав.

Төмс гэдэг бол ихээхэн олз ашигтай бизнес гэж үзэж байсан болохоор, Лю Шинь мөнгийг хайр найргүй зарлагадаж байлаа. 

Лю Шинь ХАА-н эрдэм шинжилгээний институтэд хандаж, дахин нэг сая юань зарлагадав. Хамгийн гол нь түүнд төмсний эрэлт хэрэгцээг бат найдвартай хангаж чадах бааз суурь хэрэгтэй байсан юм.

Мөн өөрийн зоогийн газарыг шинээр өөрчлөн байгуулах шаардлага өмнө нь тулгарч, 1996 онд Мүгдэн хотод 6 сая юаны зээлээр 4 давхар байшинг худалдан авав. 

Ийнхүү Лю овогтын анхны Бяцхан төмс нэртэй брэндийн ресторан нээлтээ хийжээ. Улмаар 1997 онд Бяцхан төмс "小土豆” барааны тэмдэгтээ бүртгүүлж, "Бяцхан төмс” нэрийн хоолнуудынхаа зохиогчийн эрхийг баталгаажуулав.

Дараагийн жил нь хүн ам ихтэй Шаньдун мужын төв Жинань хот руу байлдан дагууллаа эхлэв. Гэвч найз нөхөд нь "Шаньдунд төмсийг их хэрэглэдэггүй шүү дээ” хэмээн зөвлөсөн боловч тэрээр өөрийн шийдвэрийг "Зөв” гэдэгтээ бат итгэлтэй байлаа. 

Нээлт хийгээд, эхний 3 өдөр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг үнэ төлбөргүй хоолоор дайлжээ. Лю Шинь "Бяцхан төмс” зоогийн газарын хоолны амтыг үйлчлүүлэгч нарт мэдрүүлж чадсанаар Жинань хотын зах зээлд баттай зогсож чадсан юм.

Түүний байлдан дагуулал үргэлжилж, 1999 онд Бээжин, Тианжин, Шенжень хотууд болон Хэнань, Жиансу, Хэбэй, Өвөр монгол зэрэг муж, орнуудад салбарууд нь нээгдэв. 

Эдүгээ "Бяцхан төмс” брэнд 130 гаруй салбар бүхий нийтийн хоолны аварга сүлжээ ресторан болж, 2008 он гэхэд түүний хөрөнгийн хэмжээ 130 сая доллор болон өсчээ.

"Мөнгө босгох мянган санаа" ном



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.