2015 оны 11 дүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач амьд ахуй цагтаа Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж шуугиан тарьж тухайн компаниудыг нэлээд сандаргаж байсан билээ. Түүний нэг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг (50 хувь) "Саус гоби коэл транс" компани. Тус компани Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулахаар улайрч байсан нь ил болж, нэг хэсэг дуулиан тарьж байсан. Энэ асуудал нэг хэсэг намжсан ч эргээд сөхөгдөөд эхэлжээ.
Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон байсан. Үүнийг нутгийн ард түмэн эсэргүүцэж, тэмцэлээ эхлүүлээд байгаа аж.
Тодруулбал, "Сауд гоби коал транс” ХХК 153 мянган га талбайд эзэн сууж, Засгийн газрын хуралдаан болохоос тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий Хуршуутын голд тэрэг техникээ байршуулан кэмпээ байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж ажлаа эхэлсэн байна.
Үүнийг харсан нутгийн иргэд, нутгийн удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн боловч, тус компани үүнийг үл хайхран гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж эхэлсэн байна. Одоогоос жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад авч байсан юм. Гэтэл яг нэг жилийн дараа 153 мянган га талбайг ашиглаад эхэллээ.
Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хамгийн их эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар улайрч байгаа нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Сауд гоби коал транс” ХХК юм. Тус компани нь ашиглалтын 43153.96 га талбайд үйл ажиллагаа явуулдаг.
Гурвантэс сумын ИТХ, ЗДТГазар "Саус гоби коэл транс" гэх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаниас нэлээд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг улсын байцаагчаар батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ мэт зөрчилийг үл хайхран Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Сауд гоби коал транс” ХХК үйл ажиллагаа явуулахаар улайрч эхэллээ.
Эх сурвалж: Chuhal.MN
Сэтгэгдэл