АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /NIITLEL/


АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /NIITLEL/

 

Амьдралын чанарыг амны хөндийн эрүүл мэндийн төлөв байдлаар дүгнэдэг болж байна. Хэдий чинээ амны хөндийн эрүүл мэнд сайн байна төдий чинээ тухайн хүний амьдралын түвшин дээгүүр байх магадлал өндөр байх ба мөн тухайн улс орны хүн амын амны хөндийн өвчлөлийн үзүүлэлтээр хөгжлийнх нь түвшинг тодорхойлж, 
чанартай амьдралын баталгаат байдлыг дүгнэдэг дэлхийн чиг хандлага тогтоод байна. Эрүүл ам нь бидэнд өвдөх өвчингүй, тав тухтай байж, ямар нэгэн сэтгэл санааны дарамтгүйгээр ярих, инээх, амтлах, зажлах, залгих боломжийг олгодгоос гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сахих дадалд хэвших, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, байнгын шүдний үзлэгт хамрагдаж, урьдчилан сургийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх нь амны хөндийг эрүүл байлгах үндэс болдог.� 
Гэхдээ амны хөндийн эрүүл мэндийг сахих мэдлэг, дадал хоёрын дунд асар том ойлголтын зөрүү байсаар байгаа нь түгшүүр болж байна. Өөрөөр хэлбэл шүдээ угаах нь амны хөндийн эрүүл мэндийг сахих хамгийн анхан шатны арга хэмжээ гэдгийг мэдэх боловч яг хэдийд, хэдэн удаа удаа, яаж угаах, ямар хоол хүнс хэрэглэх, ямар амьдралын хэв маягийг эрхэмлэх талаар мэддэггүй. Сүүлийн үед Дэлхийн шүдний холбооноос хоол идсэний дараа шүдээ усаар шууд зайлах нь шүдний паалангийн хатууллаг чанарыг сулруулдаг тул 20-30 минутын дараа зайлж, угаахыг зөвлөж байна. Гэхдээ энэ нь шүдээ угаахгүй, мартана гэсэн ойлголт биш шүү дээ. Шүдээ угааж байх явцад оон дотор агуулагдаж буй фтор нь шүдний паалангийн призмийн түвшинд үйлчилж шүдийг бэхжүүлдэг тул хэсэг хугацааны дараа усаар зайлбал сайн.�
Олон хүн хийжүүлсэн /газтай/ ундаа ууснаас жимсний шүүс уух нь хүний ерөнхий эрүүл мэндийг тэтгэдэг, амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөө нь бага гэж боддог. Гэтэл, ихэнх савласан жимсний шүүсэнд чихрийн хэмжээ их байдаг нь шүд цоорох өвчний шалтгаан болж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэмд сургаж, тэдний өдөр тутмын хоол хүнсэнд чихрийн хэмжээг хамгийн бага байлгах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний эхлэл юм. Иймд зургаан нас хүртэлх хүүхдүүдэд өдөрт 170 грам хүртэл жимсний шүүс өгч болно. Зарим тохиолдолд дөч жарын харьцаатай усаар шингэлж өгөх нь сайн.� 
Эхийн сүү нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, физиологийн хөгжлийн хамгийн сайн үзүүлэлтийн баталгаа болдог бөгөөд ДЭМБ-аас эхний зургаан сар заавал эхийн сүүгээр хооллох, болж өгвөл хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Харин арван хоёр сараас хойш өдөрт долоо болон түүнээс дээш хөхүүлж байгаа тохиолдолд амны хөндийг цэвэр усаар зайлах, сүүн шүдийг сойзоор цэвэрлэж байвал шүд цоорох өвчнөөс сэргийлнэ. Шүд цоорох өвчнөөс гадна шүдний холбогч эдийн үрэвсэл хүүхэд болон өсвөр үеийнхний дунд элбэг тохиолдох болсон шалтгааны нэг нь таргалалт юм. Ялангуяа жин ихтэй 17-21 насны өсвөр үеийнхний нэг килограм нэмэлт жин болон бэлхүүсний тойргийн нэг см илүүдэл хэмжээ болгоны тоогоор шүдний холбогч эдийн үрэвсэл нэмэгддэг талаар эрдэмтэд судалсан байна. Мөн хэт таргалалттай болон, сахарны шижинтэй хүүхдүүдэд шүд цоорох өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг. Сүүлийн үед дэлхий нийтийн тулагамдсан асуудлын нэг нь хүүхдийн таргалалт болж байгаа бөгөөд 3-11 насны хүүхдийн таргалалт дөрөв дахин, 12-19 насны хүүхдүүдийн таргалалт хоёр дахин нэмэгдэж эпидемик байдалд хүрээд байна. Иймд бага насанд нь сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нас насанд нь тохирсон амьдралын зөв хэв маяг, зохистой хөдөлгөөн, зөв хооллолтын талаарх мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй үе шаттай олгож, хэвшүүлэх шаардлагатай байна.� 
Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сүүн шүдийг хэдий чинээ шүд цооролтоос сэргийлж чадна төдий чинээн сүүн шүд нь өөрийн тавилангаар унаж байнгын шүдээр солигдох ба энэ нь хүүхдийн байнгын шүдний шүдлэлтийн зүй тогтол, эрүүний ясны хөгжилд сайнаар нөлөөлж эрүү нүрний гажиг үүсэхээс 70 хувь урьдчилан сэргийлдэг.� 
Ер нь хүн эрүүл, гоо үзэсгэлэнтэй байя гэвэл амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэгт насан туршдаа суралцаж, олсон мэдлэгээ өдөр тутмын дадал хэвшлээ болгохыг эрхэмлэх ёстой. Бүтэн шүдтэй, амны хөндий эрүүл байх нь хоол боловсруулах замын болон бусад системний өвчнөөр бага өвчлөх, ялангуяа зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдийг эрс бууруулдагийг эрдэмтэд нотолсон.�​ 
Амны хөндийн өвчин бол Дэлхийн хүн амын талаас дээш хувь буюу 4 тэрбум хүнийг хамарсан хамгийн их тархсан халдварт бус өвчин төдийгүй бүтээмжийг бууруулж, эдийн засгийг удаашруулж, ядуурлыг бий болгож буй шалтгааны нэг бөгөөд нийгмийн тэгш бус байдлыг илэрхийлэгч хүчин зүйлийн нэг болоод байна.�​ 
Хүн амын амны хөндийн эрүүл мэндийн ялгаатай байдал нь нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаагийн тод илрэл юм. Иймд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг халдварт бус өвчний (ХБӨ) хүрээнд хамгийн их тархсан өвчний хувьд өргөн хүрээтэйгээр авч үзэн, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилт, шалгуур үзүүлэлттэй нийцүүлэн хэрэгжүүлэх механизмыг бий болгох, бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, хоол хүнс, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, жендэр зэрэг бусад хөгжлийн салбаруудын үйл ажиллагаатай уялдуулснаар нийгэм-эдийн засгийн үзүүлэлтэд ахиц гаргах, тэгш бус байдлыг арилгахад эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэх юм. �
ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ.� �

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.