Заншлын цаана


Заншлын цаана Монголчуудын хувьд тахилга нь байгаль хамгаалах өвөрмөц арга байв

Эргэн тойрны орчноос дээш өргөгдсөн газрыг уул гэнэ. Уул нурууд нь чулуун мандлын хөдөлгөөн, тектоник хавтангуудын шахцалдан мөргөлдсөний үр дүнд үүссэн хэмээн газар зүйн ухаанд тайлбарладаг. Эртний иргэншлүүдэд уул нь тэнгэр буюу диваажинтай хамгийн ойр учраас ариун дээд хэмээн үзэж, тахиж ирсэн түүхтэй. Эртний Грек, инкүүдийн соёл, майячуудын иргэншилд ууланд эцэг өвгөдийн сүнс оршдогт итгэж, мөргөдөг байв. Үүнтэй адил Монголд ч уул усаа дээдлэх үзэл өдгөө ч бат бий. Үүнийг үе үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай болсон уулс нотолно.

Анх 1995 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Богдхан, Бурхан халдун, Отгонтэнгэр уулыг төрийн тахилгат уул болгох зарлиг гарган дөрвөн жил тутам тахих болжээ. Ерөнхийлөгч Н.Багабанди Дарьгангийн Дарь Овоо, Алтанхөхийг, Н.Энхбаяр Суварга хайрхан, Ханхөхий, Сутай хайрхан уулыг тахих зарлага гаргасан түүхтэй.

Бүх юмны холимог буюу уулын тэнгэр тайх ёслол

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг 2012 онд баталсан. Уг журмаар уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулдаг болсон билээ.

Энэ дагуу төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол Цэцээ гүний тахилгат овооноо өнгөрсөн лхагва гарагт буюу намрын дунд сарын 25-нд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Төв аймгийн удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд гээд урт жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл, өмнөх тахилгын ёслолуудаас ялгарах зүйл үгүй, ном журмаараа л болсон гэсэн үг. Энэ жил иргэдийн зүгээс тахилгын ёслолыг ихэд шүүмжилсэн хандлагатай байсан нь анзаарагдав. Нэгэнт төр зардалаа хэмнэж, хаана хаанаа бүсээ чангалах тухай ярьж байхуйд энэ мэт үргүй зардал гаргаж буйг шүүмжилсэн хэрэг.

Зардал мөнгийг үл хэрэгсэхэд, уулын тэнгэр тайх ёслол нь өөрөө шог бөгөөд сонирхолтой үйл гэмээр. Уламжлал ёсоор Ерөнхийлөгч төрт ёс, түүхэн заншлаа хүндэтгэн дээдэлж, уул усаа хамгаалахын чухлыг илтгэнэ. Дараа нь хамба ламаар ахлуулсан лам нар ном хурна. Гэтэл буддын шашны ёсонд аливаа уул усанд сүнс оршдог хэмээх ойлголт үгүйн дээр уул хад, овоо сэлтийг тахих ёсон байхгүй гэж үздэг. Төвдийн Сонгцэн Гампо хаан 600-гаад оны үед нутагтаа буддын шашныг анх дэлгэрүүлж эхэлсэн гэдэг. Тангийн үеийн буддын шашинт хятад хатантай байсан нь үүнд нөлөөлсөн хэмээн судлаачид үздэг юм билээ. Хятадын буддын лам, зүтгэлтнүүдийг Энэтхэгээс гэхээсээ Төвдийн хаад, ихэс дээдэс илүүтэй хүндэлж, эрх ямба олгодог байв. Харин эртний бөө мөргөлийн шашинтай асан Төвдөд шинэ шашныг дэлгэрүүлэхийн тулд бөөгийн ёсонд нь тулгуурлан ухуулж байсан аж. Бөө мөргөлийн ёсонд уул усны эзэн, лус савдаг нь чухал байр суурьтай.

Шинэ шашныг нэвтрүүлэхийн тулд хуучныг нь үгүйсгэж, шууд эсэргүүцэж болохгүй нь илэрхий. Тиймээс лус савдаг нь буддын шашинд орсон мэтээр сурталдсан нь төвд ардад нааштайгаар нөлөөлж, лам нарын уул ус тахих ёсны эхлэл болсон түүх товчхондоо энэ ажээ. Гэтэл өдгөө Монгол улсын маань тэргүүн, Ерөнхийлөгч нь толгойлон зохион байгуулж, гол дүрд нь "тоглож” байх жишээтэй. "Энэ бол зүгээр л монгол уламжлал” хэмээн тайлбарлах вий дээ.

Гэхдээ уламжлал гэдэг бол үнэндээ хэдэн зуун жилийн турш давтагдсан дадал зуршлуудаас өөр юу ч биш. Гэсэн ч ахуй амьдрал, итгэл бишрэлээс үүдэлтэй уламжлал, зан заншлууд биднийг "бид” болгон ялгаруулагч гол зүйлс. Харин тэдгээрийг орчин цагт хэрхэн авч үлдэж, юуг нь гээж, яаж дамжуулах эсэх нь анхаарал тавих асуудал байх учиртай. Тухайлбал, төрийн тахилгатай уул руу эмэгтэй хүн гарахыг хориглодог. Эрт цагт ноёлж асан эцгийн эрхт ёсноос үүдэлтэй энэ заншлыг өдгөө ч хадгалдаг нь эргэлзээтэй л ойлголт. Төрийн тахилгын ёслолын үеэр гэхэд сурвалжлахаар очсон эмэгтэй сэтгүүлчдийг уулын бэлд үлдээснийг хамт ажилладаг нэг маань дурсав. Уг нь Үндсэн хуульд төр шашны үйл ажиллагаа явуулах хийгээд хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглодогсон. Тахилгын ёслолыг зөвхөн эрэгтэй иргэдийн татвараар хийгээгүй байлтай. Хэзээ нэгэн цагт манай улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо гэхэд яах вэ хэмээх бас нэг асуудал эндээс ургаж байгаа биз.

Уламжлал гэдэг бол үнэндээ хэдэн зуун жилийн турш давтагдсан дадал зуршлуудаас өөр юу ч биш

Нөгөө талаас уул ус тахих нь монголчуудын хувьд шашнаас илүүтэй байгаль, ан амьтнаа хамгаалах нэг арга байсныг архивын баримтууд нотолно. Тухайлбал, яригдан буй Богд хайрхан гэхэд дэлхийн анхны дархан цаазат ууланд тооцогддог. "Улсын төв архивын албан баримтанд XIIXIII зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг онголон дархалж байсан бол Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазны бичгийн 398 дугаар бүлэгт "Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгожээ. Түүнчлэн 1709 оноос мөрдсөн "Халх журам”-д Хэнтий хан, Богдхан, Зоргол хайрхан уулыг дархан цаазтайг баталсан” хэмээн "Дархан цаазат Богдхан уул” номд дурдсан нь бий. Ийн эртнээс дархалсаар ирсэн Богд ууланд ан ав хийх, гал хөс түлэхийг хориглодог байв. Богд уулын бараа харагдах газар ялтныг цаазаар авдаггүй байсан ч гэдэг.

Харин өнөөдөр дархан цаазтай, төрийн тахилгатай энэ уул улаанбаатарчуудын амралт зугаалгын гол цэг болсон. Гэтэл ойр хавьд нь зориулалтын бие засах газар ч алга. Сүүлийн үед л амрах цэг, сандал сэлтийг хийж тавьсныг эс тооцвол. Угтаа бол төрийн тахилгат, дархан цаазат хайрхан гэдгээрээ байсхийгээд бөөнөөр цуглаж талхлах бус, орчныг нь бохирдуулахгүй, аль болох онгон дагшнаар нь байлгавал жинхэнэ утгаараа зарлигаар дархалсан хайрхан болон хүндлэгдэх учиртай.

Б.Эгшиглэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.