Манай сонин №076 (2773) дугаартаа Баянзүрх дүүргийн VII хороо, Сансар орчимд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн талаархи сурвалжлага хүргэсэн билээ. Сурвалжлагын явцад Сансарын аюулгүйн тойргоос "Кемпински” зочид буудал хүртэл километр хүрэхгүй зай дахь ганц гудамжинд 38 ломбард үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхой болсон юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 560 гаруй ломбард зөвшөөрөлтэй бөгөөд эдгээрийн 200 орчим нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өмнөх сурвалжлагаараа Сансар орчим дахь ломбардууд иргэдэд долоо хоногийн хугацаатай зээлийг 9-10 хувийн хүүтэй олгохдоо ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг болохыг хүргэсэн билээ. Түүнчлэн ингэж бусад дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ломбардаас харьцангуй өндөр хүүтэй зээл олгож буйгаа 24 цагийн үйлчилгээ үзүүлсний нэмэгдэл хөлс гэж байсан юм. Хэдийгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж зээл олгодог ч хэн ч хариуцлага тооцож, ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй учраас зээлийн хүүгээ дур мэдэн өсгөөд зогсохгүй, барьцаанд тавьсан эд зүйлийг нь зарж, борлуулсны үнийн дүнгийн зөрүүг иргэдэд олгодоггүй байна. Уг нь арилжааны банкууд 1.6-1.8 хувийн хүүтэй зээл олгодог. Гэтэл ломбардууд 8-10 хувийн зээл олгож байгаа нь зээлийн хүүг зохицуулах талаар ямар нэг хяналт байхгүй, цаашлаад ямар байгууллага ломбардны үйл ажиллагааг хянах талаарх эрхзүйн орчин дутмагаас дээрх асуудал үүсч буй. Товчхондоо, хуулиас гадуур иргэдийг шулж, эрхийг нь зөрчиж байгаад хяналт тавих зайлшгүй шаардлагатай гэдгийг цатдаагийн байгууллага тогтоочихсон. Гэтэл өнөөдрийг хүртэл эл асуудал шийдэгдээгүй л байна.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлийг зориулалтын сейф, дохиолол, камер гээд харуул хамгаалалттай газарт хадгалах ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороо, Сансар орчим болон бусад дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ихэнх ломбард дээрх стандартыг мөрдөж ажиллахгүй байна. Аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо стандарт биелүүлсэн эсэхийг шалгаж үйл ажиллагаа эрхлэх нэг жилийн гэрээ байгуулдаг юм байна. Харин гэрээний хугацаа дуусах үед дахин сунгалт хийхдээ өмнөх шигээ шалгаж сүр болгодоггүй гэх. Тиймээс л ломбард нэртэй мөнгө хүүлэгчид улам даварч, байрны подваль дахь оготнын нүх шиг жижигхэн өрөөнд иргэдэд өндөр хүүтэй зээл олгож, мөнгө хүүлэх бизнесээ улам цэцэглүүлсээр байна. Цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах сануулга тогтмол өгдөг гэх. Гэсэн ч том толгойтой ломбардуудын эздэд үүнийг нь үл тоогоод зогсохгүй, зээлийн хүүгээ амандаа орсон тоогоороо өсгөж буй. Эндээс л ломбарданд тавих төрийн мэдэл хүчгүйджээ гэдэг нь тодорхой харагдана.
Үйл ажиллагааг нь хэн зохицуулж, ямар байгууллагаас нэгдсэн нэг шугамаар зөвшөөрөл олгох нь тодорхойгүй ч гэлээ барьцаанд тавьсан эд зүйлийг худалдан борлуулсан тохиолдолд хэрхэхийг хуулиар эохицуулсан тусгай заалт байдаг юм байна. Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэдгийг тусгайлан зааж өгчээ. 286 дугаар зүйлийн гуравт зааснаар "Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлээ төлөхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч мөнгөө төлөөгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс хохирлыг барагдуулж үлдсэн мөнгийг иргэнд буцаан олгоно” гэж заажээ. Ямартай ч хууль дүрэмдээ их л тодорхой заагаад өгчихөж. Гэтэл уг хууль
хөрсөндөө үл буугаад зогсохгүй хулгайч, ломбард хоёр хамтарч ажилладаг, улмаар хулгайн гэмт хэргийг өөгшүүлэх гол хөшүүрэг болж буйг Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан шалгалтаар илрүүлсэн байдаг.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Барьцаалан зээлдүүлэх газарт тогтмол шалгалт хийдэг. Үүний үр дүнд хулгайн эд зүйл барьцаалсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлж, хэргийг шийдвэрлэсэн. Эндээс үзвэл, хулгайн гэмт хэргийг өөгшүүлэгч нь яах аргагүй ломбард. Тухайн иргэнээс эд зүйлийг нь барьцаалахдаа хямд өртгөөр л авч байвал иргэний үнэмлэхийг тэр бүр нягталдаггүй. Мөн үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага биелүүлдэггүй. Өнөөдөр шалгаад зөрчил илрүүллээ. Маргааш шаардлага хүргүүлээд дараа нь шалгахад өмнөх шигээ л байж байдаг. Шаардлага биелүүлдэггүй, дээр нь дохиолол, хяналтын камер тавиагүйгээс болж жилд 3-4 ломбардад хулгай ордог” гэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Жижиг, дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Байгалмаагаас дараахь асуултад хариулт авлаа.
Ч.БАЙГАЛМАА: ЛОМБАРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭЗЭНГҮЙДСЭН САЛБАР
-Ломбардын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог юм бэ?
-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь Монгол Улсын MNS 5274:2003 стандартын шаардлага хангаж, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн болон Онцгой байдлын газраас дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулдаг. Энэ стандартад найман метр квадратаас дээш талбайд үйл ажиллагаа явуулах, хуулийн этгээд байх, насанд хүрээгүй иргэдэд үйлчлэхгүй байх, үйлчилгээгээ баталгаажуулсан баталгааны хуудастай байх, барьцаанд авсан үнэт зүйлийг гэмтээж, сэвтэхээс хамгаалсан зориулалтын сейфэнд хадгалах гээд бүх зүйлийг зааж өгдөг.
-Танай хэлтсээс ломбардуудад хяналт, шалгалт хийдэг үү?
-Хоёр жилийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай хамтарсан шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрснийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлсэн. Хамгийн гол нь ломбард ямар байгууллагад харьяалах нь өнөөдрийг болтол тодорхой болоогүй. Тиймээс ядаж эхний ээлжинд бүртгэлжүүлж, мэдээллийн сантай байлгах үүднээс манай хэлтэс хариуцаж байна. Зарим дүүрэгт аль хэлтэс нь хариуцахаа ч мэдэхгүй байгаа.
-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ломбардад Цагдаагийн хэлтсээс нь хяналт тавьж, энэ асуудлыг хариуцаж, эрх олгодог гэсэн.
-Ганц нэг дүүрэг л тийм байгаа. Манай дүүрэг ч гэсэн Цагдаагийн хэлстээс бичиг авдаг. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулна. Тохижилтын гэрээг хороотой байгуулахаас эхлээд хог тээвэрлэх гэрээг нь хүртэл хийдэг.
-Тухайн жилд дүүргийн нутаг дэвсгэрт хэдэн ТҮЦ байрлуулахыг судалгаанд үндэслэж шийдвэр гаргадаг. Ломбардын хувьд үүн шиг тооцоо судалгаа хийж, хэдэн ломбардад шинээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэж төлөвлөдөг үү?
-Манай байгууллага иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээж аваад, шалгаж үзсэний үндсэн дээр зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Түүнээс биш ломбардын тоо нэмэх үгүйг зохицуулах эрхгүй. Гэхдээ VII хороо буюу Сансар орчимд ломбардын зөвшөөрөл шинээр нэмж өгөхгүй байх бодлого баримтлаад жил гаруй болж байна. Гэтэл үйлчилгээ эрхлэх эрхэнд нь халдлаа гэсэн гомдол ирсэн. Бидэнд ингэхээс өөр арга алга. Өөрийн тань хэлснээр Сансар орчмын гудамжинд 38 ломбард үйл ажиллагаа явуулдаг.
-Эдгээрийн үйл ажиллагааг цэгцлэх тал дээр танайх бусад байгууллагад санал хүргүүлж байв уу?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хэд хэдэн удаа асуудал тавьсан. Энэ үеэр гурван заалтыг дотоод журамд нэмж тусгах зөвлөмж өгснийг биелүүлсэн.
Албаны хүмүүсийн хэлснээс үзвэл ламбардын үйл ажилагааг цэгцлэх цаг хэдийнэ ирсэн гэдэг нь тодорхой ойлгогдож буй байх. Монгол Улсад үйл ажиллага явуулдаг банкуудыг Монгол банк бодлогын хувьд зангиддаг. Харин үнэт цаас болон даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага,
хадгаламж зээлийн хоршоог Санхүүгийн захицуулах хороо зохицуулдаг.
Гэтэл адилхан санхүүгийн үйчилгээ үзүүлдэг ломбардыг харгалзах эзэнгүй орхисноос болж иргэд хохирч байна. Хэдийгээр тухайн иргэн cайн дураараа ламбардаар үйлчлүүлдэг ч үүнийг нь ашиг хонжоо болгох ёсгүй. Тиймээс ломбард нэртэй мөнгө хүүлэгчдийг цэгцэлж, санхүүгийн сахилга баттай болгох цаг хэдийнэ иржээ гэдгийг Сангийн сайд болон бусад албаны хүмүүст дайя.
Г.НАЦАГ-ЭРД ЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл