Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны нэмэгдсэн өртгийн татварыг 10 хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Хуулинд энэ өөрчлөлт орсноос хойш Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом нэмэгджээ. Монголбанкинд 2013 онд 6.6 тонн алт тушааж байсан бол 2015 онд 15 тонн, өнгөрсөн онд 18.3 тонн болон өсчээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар 2.2 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 20 хувийн өсөлттэй байна.
Алт тушаалт ингэж нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэг өөрчлөлт авчирч байна. Мөн улсын төсөвт төвлөрөх ашигт малтмалын татвар өсч буй. Өнгөрсөн онд гэхэд алт олборлогчид 41.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Одоо манай улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж буй. Валютын нөөц цаашдаа ч нэмэгдэх хүлээлттэй байгааг Төв банкнаас хэлж байна.
Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, алтны салбарыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар "Алт-2" хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарна хэмээн үзэж байна.
В.Бат
http://www.shuud.mn/content/read/482119.htm
Сэтгэгдэл