Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд "Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна.
Эцэг эхийн төлөөлөл Ю.Дарийжав "Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд нийт 213 хүүхэд суралцдаг. Энэхүү 213 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бүжгийн дугуйлангийн багш Б.Хулан, концертмейстер Ц.Оюунчимэг нарыг ажлаас нь халсан. Энэ нь хүүхдийн эрх ашгийг шууд хохироож байгаад эцэг эхчүүд өргөх бичиг барьж, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаатай уулзсан.
Ингэснээр Б.Цэнгэлмаа эцэг эхчүүд болон хүүхдүүд, өөрийн ажилчдын өмнө уучлалт гуйж эргүүлэн ажилд авахаа мэдэгдсэн. Гэтэл нэг хоногийн дараа өөрийн гаргасан шийдвэрээ цуцалж хоёр багшийг дахин халсан. Яагаад эргэн халсан гэхээр хоёр багшийг байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзсэн. Учир нь, манай эцэг эхийн зөвлөл өмнөх өдөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хүүхдийн ордны хоёр багшийг халлаа гэсэн мэдээлэл цацсан байсан юм. Одоогийн энэ Ардчилсан нийгэмд бид яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болохгүй гэж. Энэ хүн тус байгууллагыг удирдах чадваргүй болохоо нотлон харууллаа.
Өнөөдөр 213 хүүхдээс зөвхөн 50 хувь нь хичээлдээ явж байгаа. Үлдсэн хүүхдүүд яагаад явахгүй байна гэхээр "Бид хуучин багштайгаа хичээллэмээр байна, шинэ багштай хичээллэхгүй" гэж гомдоллож байна. Б.Цэнгэлмаа захиралтай удаа дараа уулзах гэсэн боловч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар бидэнтэй уулзахгүй байгаа. Мөн бид зохих ёсны дээд байгууллагуудад өргөдөл, гомдлоо өгсөн байгаа. Хариу мэдэгдэл одоохондоо ирээгүй байна" гэв.
Сэтгэгдэл