Стандартгүй тоглоомын талбайн “ХАМГААЛАГЧГҮЙ” хохирогчид


Монгол Улсдаа хамгийн ачаалал өндөртэйд тооцогдох ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсох иргэдийн ихэнх хувийг мөчдийн хугарал буюу гар, хөлөө хугалсан хүүхдүүд эзэлж буй талаарх "Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ” нэртэй сурвалжилгыг өмнө бид бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаа хүүхдүүдийн гар, хөл хугарах болсон шалтгааныг эрэн сурвалжиллаа.

ГССҮТ-өөс сурвалжилга хийж байх үед гар, хөлөө гэмтээсэн хүүхдүүдийн цөөнгүй хэсэг нь байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх хариултыг өгсөн юм. Тус төвийн эмч нар ч мөчдийн хугаралтай хүүхдүүдийн дийлэнх нь гадаа тоглох үедээ бэртсэн байдаг хэмээн тайлбарласан. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын сурвалжилга”-аараа Монгол Улс орон сууцын гадаах хүүхдийн тоглоомын талбайн стандарттай эсэх, тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа болон эцэг, эхчүүд орон сууцынхаа тоглоомын талбайд хэр сэтгэл хангалуун байдгийг сурвалжиллаа.

МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН СТАНДАРТГҮЙ ГЭВ

100 айлд байрлах нэгэн орон сууцын хорооллын хүүхдүүд "бөгс эргэх” зайгүй хэцүүхэн талбайд тоглож харагдана. Тодруулаад хэлбэл, бидний хэлж заншсанаар 11 дүгээр хороололд байрлах "Голомт” банктай орон сууцын хүүхдүүд гэр хорооллын айлын дунд зэргийн "амбаар” шиг талбайд тоглож байх юм. Хүн харахад чөлөөтэй ч хөдөлж, хүссэнээрээ ч гүйж чадахааргүй юм шиг талбайд тус байрны хүүхдүүд эргэн тойрондох аюулыг ч үл ажран тоглож байв. Тоглоомын талбай жижигхэн бас дээрээс нь цементээр цутгажээ.

Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байлаа. "П” хэлбэртэй тус байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Уруу байрлалтай. Учраас хүүхэд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орохгүй гэх баталгаа үгүй. Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал ийм ч бид харсан ч хараагүй мэт, хэлээ хазаад, нүдээ аниад өнгөрдөг. Гэтэл манай улсад орон сууц худалдаж авна гэдэг "тэнгэрийн умдаг” атгасантай адил.

Банкны өндөр шаардлагыг арай гэж давсан иргэд өндөр хүүтэй зээлд хамрагдан өөрийн гэсэн орон сууцтай болж буй. Гэвч худалдаж авч буй орон сууцын маань тоглоомын талбай аюулгүй байдлыг хангасан уу гэдгийг анзаарч, бодолгүй шууд худалдан авалт хийдэг. Эцэст нь үр хүүхдүүд маань гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй.

Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд манай улсад хүүхдийн тоглоомын талбайн ямар стандарт мөрдөгддөг, үүнд хэн хариуцлага тооцдог эсэхийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорив. Бид энд холбогдох мэргэжилтнээс тодруулга авах гэсэн ч "Энэ талаар ярилцлага өгөх боломжгүй. Манайх энэ талаарх асуудлыг хариуцдаггүй. Зургаан жилийн өмнө хариуцдаг байсан. Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж байхгүй” гэх хариултыг өглөө.

ХҮҮХДҮҮД ЦЕМЕНТЭН ТАЛБАЙ ДЭЭР УНАЖ, БЭРТЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хариуцахгүй, манай улсад энэ талаарх стандарт ч байхгүй гэх хариултыг өгсөн учраас бид иргэдтэй уулзаж ярилцахаар Баянгол дүүргийн VI хороонд очив. Биднийг очих үед хүүхдүүдийн сургууль цэцэрлэг амарсан болохоор тэр үү өдрийн хоолны цаг болсон ч 44 дүгээр байрны гадаа хэдэн хүүхдүүд тоглож байлаа. Бид тоглоомын талбайн ойролцоо зогсох нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Түүнийг И.Сарангэрэл гэдэг бөгөөд 44 дүгээр байрны оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан.

Тэрбээр "Би бага ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Манай байрны тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэж хэлэхэд тун бэрх. Хамгийн аюултай нь гэвэл, хүүхдийн тоглоомын талбайд машин оруулж тавьдаг. Үүнээс болж хүүхдээ хараа хяналтгүй тоглуулна гэдэг үлгэр гэх үү дээ. Энэ тэндээс ёрдойж гарсан төмөрт хүүхэд хөл, гараа авчих гээд их хэцүү шүү дээ. Жил бүр л төсөвлөсөн гээд хэдэн тоглоом тавьдаг. Гэхдээ тэр нь жил болохгүй эвдэрчихдэг. Гэх мэт асуудал олон.

Иргэд хий дэмий бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд миний хүүхэд тоглож байгаад гэмтэхийн бол хариуцлага хүлээх газар хаана ч байхгүй. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай цементэн талбайтай. Түүнийгээ ч гүйцэт хийж дуусгаагүй, цагаан шороо бужигнаад л байж байдаг. Чи ч харж байгаа байх. Уг нь нийтийн эзэмшлийн талбайд хувийн компани барилга барих гэхэд зөвшөөрөл өгөхгүй байсан гэсэн. Тэр компани тоглоомын талбайг чинь тохижуулж өгье гэсэн юм билээ. Тэгээд одоо бүрэн ч тохижуулаагүй нэг дутуу юм үлдсэн. Түүнд нь хүүхэд тоглоод л байх юм даа” гэв.

Энэ мэтчилэн дүр зураг Нийслэлийн аль ч дүүрэгт харагдана. Ийнхүү ярилцсаны дараа бид Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний хэлж заншсанаар 19 дүгээр хорооллын оршин суугч Т.Дашнямтай ярилцав. Тэрбээр байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талаар "Манай дүү таван настай. Байрны гадаах тоглоомын талбайд тоглож байгаад унаад гараа хугалчихсан.

Гэхдээ хариуцлагыг нь хэн ч хүлээгээгүй. Бид өөрсдөө эмчилгээний зардлаа гаргасан. Ер нь зөвхөн манай байр гэлтгүй Улаанбаатар хотод байгаа ихэнх орон сууцын тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй. Цемент цутгачихсан. Манай дүү цементэн дээр унаад л гараа хугалсан. Өөр олон хүүхэд бий, гар, хөлөө гэмтээсэн.

Гулсуур, дүүжин даажин, савлуур ч хэцүүхэн. Бүр цементэн хавтантай тоглоомын талбайд савлуур хүртэл байрлуулчихсан байдаг. Тэр нь дээрээс унасан хүүхэд ямар гэмтэл авах нь тодорхой шүү дээ. Толгой тархиа гэмтээх асуудал бол бүр олон. Ер нь манай улсад стандарт байдаг ч юм уу бүү мэд” хэмээн ярилаа. 

МОНГОЛ УЛС ДӨРВӨН СТАНДАРТЫГ ДАГАЖ МӨРДДӨГ 

Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг гэнэ. Харин манай улс үүний дөрвийг нь л дагаж мөрддөг аж. Тодруулбал, дээрх дөрвөн стандартад орон сууцын гаднах талбай хурц ирмэггүй, автозам, машины зогсоолоос хол, зогсоолын дээр байрлуулахгүй зэрэг заалтыг тусгажээ.

Гэвч манай улсад энэ стандарт бүрэн мөрдөгдөж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын стандартад зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий Нийслэлийн баригдсан орон сууцууд зогсоол нь дээр тоглоомын талбай барьсан байх нь энүүхэнд. Мөн бид томоохон хотхонуудад очсон.

Тухайлбал, "Маршал таун” зэрэг томоохон хотхонуудын тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, резинэн хавтан зэргийг байрлуулсан байлаа. Мөн  хүүхэд тоглоход тохиромжтой том тоглоомын талбай, олон төрлийн тоглоомыг ч суурилуулжээ. Манай сурвалжлах хэсэг хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хариуцсан байгууллага болон барилгын зөвшөөрөл олгодог НХТЕТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

А.ГЭРЭЛТ-ОД: СТАНДАРТЫН ДАГУУ ЭСЭХИЙГ БИД МЭДЭХГҮЙ

/Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга/

-Дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн газар байшин хорооллын хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хариуцдаг гэлээ. Танай дүүргийн хувьд ямар ажил хийж байна вэ?

-Бид Чингэлтэй дүүргийн хэмжээнд бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гэсэн хоёр байдлаар байшин хорооллын дундах орчныг тохижуулдаг. Бичил цэцэрлэгийн хүрээнд томоохон талбайнуудад ногоон байгууламж бий болгож, мод тарьж байна. Тоглоомын талбайн тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зөөлөвчтэй резинэн хавтанг байрлуулдаг.

Хүүхдийн тоглоомын талбайд ногоон байгууламж илүү их байгуулахыг эрмэлздэг ч талбай багатай учраас төдийлөн хангалтай байж чаддаггүй. Бид иргэд болон СӨХ-ноос ирсэн саналаас хамаарч гулсуур, сагс болон хөлбөмбөгийн талбай барьдаг.

-Зөөлөвчтэй резинэн хавтан суурилуулахыг хичээж байна гэлээ. Гэтэл нийслэлийн ихэнх орон сууцын тоглоомын талбай цементэн хавтантай байхад зарим нь резинэн байдаг. Ер нь манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг уу?

-Сүүлийн найман жилийн хугацаанд гулсуурын доод талд резинэн хавтан байрлуулж байгаа. Харин стандарт нь хангадаг эсэх талаар хүмүүс үргэлж шүүмжилдэг л дээ. Хаймар үнэртээд байна, хүүхдийн эрүүл ахуйд нөлөөлөөд байна гэдэг. Гэхдээ хүүхдүүдээ цементэн дээр тоглуулж байснаас резинэн хавтан нь дээр гэж үзсэн. Учир нь цементэн дээр унаад гар, хөлөө хугалах эрсдэл илүү өндөр.

Тиймээс БНХАУ болон Монгол Улсдаа үйлдвэрлэсэн резинэн хавтанг хүүхдийн тоглоомын талбайд байрлуулж байна. Стандартын шаардлага хангах эсэхийг мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага гаргана. Бид аль болох хүүхдүүдийг унаж, бэртэх аюулаас хамгаалаад л явж байна. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг бол мэргэжлийн байгууллага нь гаргаад ирж болно. Одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй. Мөн бид тоглоомын талбайд хайрга, элс дэвсэж байгаа.

-Энэ жил хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Дүүргийн хэмжээнд 70 гаруй бичил цэцэрлэг, тоглоомын талбай байдаг. Бид тохижилт үйлчилгээний компанитай гэрээ байгуулаад арчлалт, цэвэрлэгээ хийдэг. Энэ жил тоглоомын талбай байгуулах ажил байхгүй. Тиймээс хуучин тоглоомын талбайг сэргээн засварлахаар болсон. Одоогоор байшин хорооллын дундах таван тоглоомын талбайн засварыг хийгээд дуусаж байна.

Д.ХАН-УУЛ: ЗУРАГ ТӨСЛИЙНХӨӨ ДАГУУ БАРИАГҮЙ БОЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

/НХТЕТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/

-Барилга барих зөвшөөрлийг олгохдоо хүүхдийн тоглоомын талбайд ямар шаардлага тавьдаг вэ?

-Манай байгууллага Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжийн зөвшөөрлийг олгодог. Хүүхдийн тоглоомын талбайн тухайд барилгынхаа зураг төсөлд тусгасан байдаг. Тухайлбал, томоохон цогцолбор барилга барьж байгаа тохиолдолд тохижилтын ажлыг иж бүрэн хийх шаардлага тавина. Мөн өмчилсөн газар, бага талбайд барилга барьж байгаа тохиолдолд тухайн орчныхоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн тохижилтын ажил хийх шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьдаг.

Зураг төсөлд нь ч тусгаж өгдөг. Энэ асуудлыг яагаад онцолж байна вэ гэвэл, хотын төв буюу барилгажсан хэсэгт газар олголт харьцангуй жижигхэн байдаг шүү дээ. Хот байгуулалтын тухай хуульд нийт газрын 30 хувьд ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийнэ гэж заадаг. Уг заалтын дагуу компаниудад шаардлага тавьдаг. Гэхдээ 30 хувь гэдэг хангалттай хэмжээ биш л дээ. Маш бага хэмжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 166 тоот тогтоолоор "Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах тухай” журам батлагдсан. Уг журмаар нэгэнт барилгажсан орчинд нийтийн эдэлбэр газрыг хэрхэн тохижуулах, иргэн хуулийн этгээдийн хөрөнгөөр барих бол яах эсэхийг зохицуулдаг.

-Хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг гэлээ. Стандартад заасан ямар нэгэн нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд тухайн барилгыг ашиглалтад хүлээж авах уу?

-Эхлээд барилгын зураг төслийг баталдаг. Зураг төсөл гурван үе шаттай. Нэгдүгээрт, эхний загварчлалын зургийг манай байгууллага баталдаг. Загвар зурганд тухайн байгууламжийн аль хэсэгт ногоон байгууламж байгуулах, ямар төрлийн тоглоомын талбай байх, хэдэн машины зогсоолтой байх зэргийг баталгаажуулдаг. Түүнийг нь дараагийн үе шатны зураглал хийхдээ нарийвчлан гаргадаг. Зураглалын дагуу эсэхийг Улсын комисс хүлээж авахдаа үзэж, шалгадаг. Хэрвээ зураг төслийнхөө дагуу бариагүй бол хүлээж авдаггүй.

-Хүүхдүүд цементэн хавтантай тоглоомын талбайд тоглож байгаад гар, хөлөө хугалах нь ихэссэн. Хүүхдийн тоглоомын талбайн стандартад ямар хавтантай байх талаар заасан уу. Сүүлийн үед зарим барилга резинэн хавтантай болсон байна?

-Тийм зургийн стандартчилал байлгүй яах вэ. Мод хоорондын зайг ч хүртэл зааж өгсөн. Бага насны буюу 1-5 насны хүүхдийн тоглоомын стандартын хэмжээг хүртэл зааж өгдөг. Өсвөр насны хүүхдүүдийнх тусдаа хэмжээтэй.

-Орон сууцын гаднах хүүхдийн тоглоомын талбайн хавтан цементэн байх уу, резинэн байх уу гэдгийг барилгын компани нь зураг төслөө гаргахдаа өөрсдөө шийддэг гэсэн үг үү?

-Зураг төсөл хийх үед тухайн компанид зургийн компани мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Мэдээж мэргэжлийн хүн барилгын зураг төсөл гаргаж байгаа бол бага насны хүүхдийг цементэн дээр тоглуулахгүй шүү дээ. Барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа зураг төслөөсөө зөрсөн тохиолдол гардаг. Зураг төсөлдөө хүүхдийн тоглоомын талбай резинэн хавтантай байна гэчхээд барихдаа цемент цутгачихсан тохиолдол гардаг.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ улсын комисс тухайн барилгыг ашиглалтад бүрэн хүлээж аваагүй бол шаардлага тавьж, стандартын дагуу хийлгэнэ. Энэ асуудал хөрөнгө оруулалттай холбоотой байдаг учраас сүүлийн үеийн томоохон хотхонууд хэрэглэгчдийнхээ ая тухыг их боддог болсон байна. Орон сууц амьдрахад тав тухтай, аюулгүй бол хэрэглэгчид хурдан худалдаж авна шүү дээ. Нэг үеэ бодвол тохижилтын ажил чанаржиж байгаа. Нэг хэсэг зөвхөн барилгыг нь бариад тохижилтын ажлыг хаядаг үе байсан.

БАРИЛГЫН КОМПАНИУД ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭСЭН ЭЦЭГ, ЭХЧҮҮД

Хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзахад ийн ярьж байна. Үндэсний хэмжээнд аюул учруулж буй хүүхдийн мөчдийн хугарлыг бууруулахад хэн хариуцлага хүлээх вэ. Хэт өндөр үнэтэй орон сууц худалдан авсан эцэг, эхчүүд үү. Аль эсвэл анхны зураг төслөөсөө огт өөр байр барьсан барилгын компаниуд уу.

Барилгын компаниуд зөвхөн барьсан орон сууцаа хурдан зарж борлуулахыг л нэн тэргүүнд тавина уу гэхээс таны хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулна гэдэг юу л бол. Манай компанийн барьсан барилгын тоглоомын талбайд танай хүүхэд тоглож байгаад гараа хугалчихлаа, бид эмчилгээний зардлыг нь гаргая гэнэ гэвэл үлгэрийн далай. 

Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн үр хүүхдийн төлөө л ам нээхгүй бол өөр хэн ч дуугарахгүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандарттай ч дагаж мөрддөггүй улсад бид амьдарч байна.Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбайд цемент цутгаж байгаа нь хүүхдүүд гар, хөлөө хугалах нэг томоохон шалтгаан болж байгаа нь сурвалжилгын явцад мэдэгдэж байлаа. Эс бөгөөс стандартгүй тоглоомын талбайн "хамгаалагчгүй” хохирогчид ГССҮТ-ийг дүүргэх нь...

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ, Н.БАТЗАЯА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.