Засгийн газар гэдэг нь парламентийн засаглалтай улс орнуудад төрийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ удаагийн Засгийн газар тэр дундаа мэргэжлийн гэх тодотголтой. Ер нь сүүлийн жилүүдэд Засгийн газар болгон өөр өөрсдийн нэршилтэй, түүнийгээ тодотгосон үйл ажиллагааны чиглэлтэй байсан. Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар олон зүйлд шинэчлэл авчирч, улс орны үйл ажиллагааг өөрөөр явуулж болдог юм байна гэдгийг иргэдэд харуулсан бол Ч.Сайханбилэгийн удирдсан Шийдлийн Засгийн газар хүндхэн шийдвэрүүдийн ард гарч, багагүй ажил амжуулсан байдаг. Хэдийгээр эдгээр тэдний хийж хэрэгжүүлсэн ажилд алдаа, оноо байсан ч ажил нь ид ундарч байгаа салбарынхныгаа сайдгүй удааж, сахилга алдаж байсан удаагүй. Өнөөдөр БСШУСЯ эзэнгүй байна. Гэвч элсэлтийн шалгалт, сургууль төгсөгчдийн асуудал, тусгай сургуулиудын зөрчилдөөн гээд толгой өндийх завгүй үед нь "сайдаар уях” нь сайны шинж биш байлтай. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуцлага тооцож байна гээд салбарын сайдыг нь огцруулсан.
Мэдээж Ж.Батсуурь сайдад алдаа, оноо байсан л байх. Гэхдээ сонгуулийн өмнө түүнийг огцруулсан нь байгаа оносон гэхээс илүү 65 суудал авсан том нам хариуцлага ярьдаг, тооцдог гэдгээ харуулах гэсэн шоу хийлээ гэж харагдаад байгаа юм. Учир нь Ж.Батсууриас өмнө Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож өгөхийг нийгэм даяар шуугисан. Хүний амь нас гэдэг юугаар ч солишгүй эрдэнэ. Гэтэл хоёрын хоёр хүний амь нас эрсдэж, нэг цэрэг нь амьдралын баталгаагүй болтлоо зодуур нүдүүрийн бай болчихоод байхад "Гар, хөлөө хөлдөөсөн цэргийн талаар яаманд мэдээгүй” хэмээн хээв нэг ярих сайдыг тэр цээжээрээ хамгаалаад өнгөрсөн.
Гэвч салбарт нь хүчин зүтгэж буй цэргүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байгаа сайд мэргэжлийн сайд мөн үү. Үүрэгт ажлаа үнэмшилтэйгээр хийж чадахгүй байгаа Засгийн газраа МАН-ынхан яагаад өдий хүртэл толгойг нь илэв гэдэг сонирхолтой асуулт. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг огцруулах талаар яригдаж байсан ч тэгс гээд намжсан. Харин эгзэгтэй энэ үед эвийг олж Сайдаа томилж чадахгүй байгаа Засгийн газартай хариуцлага ярих цаг болсон мэт. Эгзэгтэй энэ үед эвийг олж Сайдаа томилж чадахгүй байгаа Засгийн газартай хариуцлага ярих цаг болсон.
Боловсролын салбарын сайдгүй болсон ч дэд сайд ажлаа үргэлжлүүлж буй. Гэвч БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ баталсан. Хэдийгээр Ё.Отгонбаяр томилолт өвөртөлсөн ч буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ. Хилийн чанадад очоод хийх ажлаа л эртнээс төлөвлөж, бэлтгэхээс илүү гарч боловсролын салбарт тэгтлээ анхаарна гэдэг юу л бол. Ер нь бол УИХ-д 65 суудал авсан том нам, эрх баригч улс төрийн хүчинд ганц сайдыг томилох бол ганцхан өдрийн л ажил. Гэтэл бүхэл бүтэн хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад албан ёсны сайдын сураг ч үгүй, ард нь санаа тавьж байгаа ч албан тушаалтангүй сууна. Уг нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, гишүүн асан Т.Ганди, МУИС-ын захирал асан Я.Төмөрбаатар зэрэг хүмүүс БСШУС-ын сайдад яригдаж байгаа талаарх мэдээлэл бий.
Гэвч сайдын асуудлаа нам дотроо ч ярилцаагүй байгааг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өөрийн байр сууриа илэрхийлэхдээ дуулгаад авсан. Мөн өөрөө энэ суудал руу зүтгэх ямар нэгэн хувийн амбиц байхгүй гэдгээ ч дуулгасан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианаар боловсролын салбар хөлд нь чирэгдэж, хүүхэд, залуус ирээдүйгээ шийддэг эмзэг торгон үед хөнгөн асуудлын "гол” болж үлдээд байгаа юм биш биз.
Хэдийгээр сайдыг үүргийг Ж.Мөнхбат гүйцэтгэж байгаа ч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч хэмээх гурван давхар дээлийг хэзээ тайлуулах вэ. МАН хэзээнээс давхар дээлийг эсэргүүцэж ирсэн. Ялангуяа Ж.Мөнхбат тэрхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж явсан нөхөр. Гэтэл гурвын гурван давхар дээл нөмөрчихөөд "гунхаж явах" нь хэр ёс зүйтэй вэ.
Б.Өрнөх
http://www.jirgee.mn/page/more/3606
Сэтгэгдэл