“Босоо” Ганбаагийн мөнгө хаанаас босов???


 
 “Босоо” Ганбаагийн мөнгө хаанаас босов???

Ерөнхийлагчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй С.Ганбаатарыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын саналыг хуваана гэсэн үндэслэлийг шинжээчид барин тавин ярьж байна. Энэ бол их мэдэгчдийн таамаг төдий зүйл болохоос биш МАН-аас нэр дэвшигч М.Энхболд С.Ганбаатарыг Х.Баттулгын саналыг хуваалгах зорилгоор оруулж ирсэн яриа хөөрөөг сонссон хүн алга. Бэл бэнчин тааруу МАХН-аас хэтэвч нимгэн өрсөлдөж байгаа нөхөрт сонгуульд зарцуулах 10 тэрбум төгрөгийг "Рио Тин То” эсвэл МАНАН өгнө гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр өгнө билээ. Нийтлэлч Х.Баатархуяг, судлаач Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар пиарын шинжтэй нэвтрүүлгээр ийн ярьсан.


     Таамаглаж хардах эрх нь хэнд ч байж болох зүйл учраас яах билээ. Н.Энхбаярын нам олон жилийн хоосон улстөржилтөд туйлдсан, мөнгөгүй нь үнэн учраас МАХН нэр дэвшигчдээ 10 тэрбум төгрөг гаргаж өгөх чадваргүй гэж үзэж байна. Энэ бол хардах том шалтгаан мөн. 2009 оноос хойш гудамжинд, шоронд гээд хаа сайгүй улстөр хийсэн Н.Энхбаярын намд мөнгө байхгүй нь үнэн. МАХН-аас өрсөлдөж байгаа С.Ганбаатар нь хэтэвч нимгэн гэдэг нь удаах хардах шалтгаан бас мөн. Ингэхээр 10 тэрбум төгрөг хаанаас гарч болох вэ гэхээр "Рио Тин То” эсвэл МАНАН болж таараад байна. Хардах гол шалтгаан нь энэ. Харин МАХН-аас нэр дэвшигчийн хувьд ард түмэндээ найдаж байна, ард түмэн надад мөнгө өгнө гээд "Нарантуул” зах дээрээс хандивын аян өрнүүлсэн. Хэдэн тэрбумаар нь юу юм, чамгүй мөнгө цуглуулчихаж мэдэх нөхөр.


      Гэтэл дээрх манай нэртэй судлаачид нийтлэлчид "Рио Тин То” МАНАН-гаас өөр гуравдагч хувилбарыг яагаад сөхсөнгүй вэ. Н.Энхбаяр намынхаа нэр дээрээс Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын захиалгыг гүйцэлдүүлэх үү, үгүй юу гэж яагаад бодож болоогүй юм. "Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг Н.Энхбаяраас өвдөг чичрүүлэн айдаггүй юм гэхэд ач тусыг нь бодож явдаг МАН-ын нөлөө бүхий хөрөнгөлөг нөхөд байдгийг мартаа юу. УИХ-ын танхимд ч олноороо сууж байгаа. Бизнест нэрд гаргасан нөхөд ч байгааг мартах хэрэггүй. Нөгөө талаар нэгэн цагт Монгол Улсыг атгаж байсан Н.Энхбаярт гараа сунгах гадны байгууллага байж яагаад болохгүй гэж. Би ч бас дээрх эрхмүүд шиг хардах эрхтэй нэгэн.

     МАН-ын дунд үеийнхэн дотор Н.Энхбаярын оролцоогүй улстөрд хөл тавьсан хэн байгаа юм. Нэр дэвшээд явж М.Энхболдоосоо эхлээд Сү.Батболд, Д.Тэрбишдагва гээд урт нэр хөвөрнө. УИХ-д орж ирээд байгаа МАН-ын залуусын хувьд бол Н.Энхбаяр тэнгэр шиг хол байсан цаг бий. Зургийг нь тавиад мөргөж байсан үе ч бий. Худлаа биш. Энэ мэтээр хардаж сэрдээд байхаар "Рио Тин То” МАНАН-гаас өөр гуравдагч хувилбар харагдаад л байна даа.


С.Баяр

Шуурхай.мн 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.