Жаргалантын аманд очиж Онцгой байдлын амралтын худгаас чирч явсан хоёр тонны усны саваа дүүргэх зуур Хан-Уул дүүргийн онцгой байдлын албанаас тэтгэвэртээ гарсан нэгэн ахмадтай таван үг солилоо. "Ах нь урьд ажиллаж байсан хамт олондоо нэг өдрийнх нь хоолыг дааж хүргэж өгөхөөр явж байна, сэтгэлд уяатай байдаг юмаа" гэхийг нь сонсоод нэг өдрийн зардал хэд орчим төгрөг болдогийг сонирхов. "300000 болдог гэнэ. Ах нь тэтгэврийнхээ яг талаар нь юм цуглууллаа" гэх буурлын сэтгэлийг ихэд бишрэн цааш хөдөллөө.
Богд уул руу өгсөж эхлэхэд улаан шороо босч зам харагдахгүй шахуу болж бид нэлээн зай барин өгслөө. Дээшлэх тусам хад чулуу ихэсч чиргүүлний маань дугуй бөөрөөрөө хагарав. Цаг алдахгүйг хичээн цааш 300 орчим метр хагархай дугуйтай нь чирсээр уулын оройд Дугуй цагаан хэмээх газар хүрч уса авчирч, эцсийн цэгт хүрэв.
Эндээс цааш 1 км орчим хоолойгоор усаа шахдаг, түүнээс цааш маш их бартаатай замаар дахин 1 км орчим явган зөөж байлаа. Бид машины станцаар клубынхантайгаа холбоо барьж чиргүүлийн дугуй хагарсанаа хэлж араас манай зарим хүмүүс ажлаа тараад ирэх гэж байгааг мэдэв. Онцгойгийн алба хаагчид дээшээ голомт руу машинаар хүргэх боломж байгаа эсэхийг асуухад "Эндээс 50м яваад л битүү мод, чулуу, хад байгаа ямарч боломжгүй" гэлээ. Бид ч явганаар явж үзэхээр болж хоосон явахаар 20 литр устай ус цацагч үүрээд дээш мацлаа.
Голомт дээр очиход 5 хоног ууланд хонож хөө тортог, сахал үсэндээ баригдсан онцгойгийн залуус цурманд оруулсан газраа, гал уугисан газруудыг шалгаж байхад нь тааралдав. Тэдний ярианаас ус зөөх ажил хамгийн хүндрэлтэй байгаа тухай, өдөржин шөрмөсөө таттал ус зөөгөөд цурам руугаа цацаад эргээд усандаа явах хооронд дахин өөр газар уугиад эхлэдэг тухай сонсов.
Өдөржин тамираа тасартал ус зөөдөг байна. Хэрэв 2 тонн ус нэг дор хүрээд ирвэл энэ хавийг дахин уугихаас өмнө эргэн асахгүйгээр бүрэн унтрааж чадна гэхийг сонсоод бид "Авчирсан усаа энд чадахгүй ч боломжоор нь дөхүүлээд өгье" гэж хоорондоо ярилцаж шийдээд буулаа. Ингээд дээшээ машинаараа яваад үзэж болох уу? гэхэд онцгойгийн ахалж байгаа ажилтан "Хэрэв чадаад яваад очвол бидэнд бүтэн өдрийн ажил хэмнээд дээрээс нь зам гаргаад дараа манай машин явахад бүр том тус болно" гэсний дагуу бид нар 3 машиндаа байгаа бүх савандаа ус дүүргээд дээш мацлаа.
Хоёрхон км замыг бараг цаг гаран туулж очив. Шигүү мод, том шовх чулуу, намаг, эгц өгсүүр гэсэн саадыг туулсаар цурамны захад очсон биднийг гайхан харах залуусыг хараад яаж ийгээд чиргүүлтэй усаа авчрах боломж байгаа юм шиг совин татсан. Хамгийн хэцүү нь сүүлийн огцом өгсүүр хэсэг л байв. Доош буух замд манай Erdene Khuyagaa онцгойгийнхны хоолыг ачаад өөдөөс ирж байхтай тааралдав. Ингээд доор ирэхэд манай Byambaa Bambuu Ландкруйзер 200 машиндаа чиргүүл чирээд дүүрэн устай каниструуд аччихсан ирээд хүлээж байлаа.
Биднийг цайлж байх зуур харуй бүрий болж запас дугуй, хоол хүнс, ус ундаа, бензин ачсан нөхөд 2 машинтай ирэв. Дугуйгаа угсарч дуусаад 3 машин дээш өгсөх үед 21.00 цаг болж аль хэдийн түнэр харанхуй нөмөрсөн байсан. Энэ үед Zorig Zorigoo маань бас бэлдсэн сэтгэлийн хандиваа аваад ирэв. Ингээд бид дээшээ чиргүүлтэй усаа хүргэхээр өөрсдийгөө хурцлан хөдөллөө. 300м орчим яваад намганд чиргүүлтэй Ланд-80 маань суув. Яаж ч татаад байрнаасаа ч хөдлөөгүй тул чиргүүлээ салгаж татаж гаргалаа. Чиргүүл бас нам зоогдсон тул домкратаар өргөж мод ивэн дараа нь машинаараа угзарч гаргалаа. Энэ үед чиргүүлээ онхолдуулан усаа асгав.
Яг тэр мөчид бүгд хэсэг чимээгүй шоконд орсноо бүгд команд өгсөн юм шиг нэгэн зэрэг ухасхийн "Нээг хоёрын гурваа" гээд өргөж тавьчихаад арван хэдүүлээ 2 тонн устай сав өргөж босгосондоо итгэхгүй баахан хөхрөлдсөн энэ мөч бол хэзээ ч мартагдахгүй хамгийн дурсгалтай мөч байсан байх. Багагүй ус асгасандаа харамссан ч замдаа дээр өгүүлсэн хоолойгоор шахаж байсан уснаас нэмж дүүргээд цааш мацав. Ингээд цааш сантиметр сантиметрээр урагшилсаар уулын тагийн эцсийн огцом дээр ирлээ. Энд нэг машинаараа чиргүүлтэй машинаа чирч дэм өгөөд зүтгэн орой дээр нь гарч онцгойгийнхондоо хүсэн хүлээсэн усыг нь авчирч өглөө.
Энд ирэхэд аль хэдийн шөнийн 1 цаг болсон байв. Ингээд бид санаснаа гүйцээж чиргүүлтэй усаа үлдээн маргааш 2-р ээлжийн залуус дахин ирж дүүргэж өгөхөөр болж бас Дархан цаазат Богд хан уулын орой дээр төмөр хүлэгтэйгээ клубээрээ хамт гарсан анхны бөгөөд бараг сүүлийн хүмүүс болсондоо баярлаж доош бууж гэрийн зүг хөдлөхөд үүр цайж байлаа. Ийнхүү Ландкруйзер клубын 8 машин 13 хүн нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж уул руу мацсан 5 машины 2 хажуугийн будагнууд халцарч, хонхойж сэвтсэн ч харамссан юмгүй сэтгэл нэг л сайхан бууж ирцгээлээ.
Сайн үйлсийг бүтээх явцад багагүй модыг машинаар гэмтээсэндээ хүлцэл өчихийн ялдамд бүхэл бүтэн ойгоо, уулаа хамгаалж үлдэхийн тулд яалт ч үгүй гаргасан шийдвэр байсан юм шүү гэдгийг ойлгож хойшид тавигдах зураг, бичлэгт хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ландкруйзер эзэмшигчдийн клуб ТББ
Сэтгэгдэл