Ж.Мөнхбат: Г.Доржзодов өөрөө надаас нэг сая доллар нэхэж, Австралийн визийг долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаардсан


Тэрбээр "Та бүхэнтэйгээ Архангай аймгаас, өөрийн тойргоосоо мэндчилж байна. Хэвлэл мэдэээллийн зарим байгууллага, цахим хэрэгслээр иргэн Доржзодов  гэдэг хүн "ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат надад сая доллар амласан, манай эхнэр хүүхдийг гадаадад сургуульд явуулж өгнө” гэсэн гэх мэтчилэн үндэслэлгүй, огт худлаа  мэдээллийг зохион байгуулалттай тараасан байна. Энэ тухай би  дөнгөж сая, гар утасны сүлжээтэй газар орж ирээд мэдлээ. Тиймээс үнэн бодит мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна.

 

Ж.Мөнхбат: Г.Доржзодов өөрөө надаас нэг сая доллар нэхэж, Австралийн визийг долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаардсан

Доржзодов гэдэг хүн өөрөө надтай нэг л удаа  гуравдагч хүнээр дамжуулж ирж уулзсан. Энканто спорт цогцолборт уулзсан. Уулзаад Доржзодов өөрөө надад "60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юмаа гэдэг үнэнийг би одоо Монголын ард түмэнд  үнэнээр нь дэлгэж, нэвтрүүлэг хийж бодит үнэнийг үзүүлье.  Үүний төлбөрт та нар надад  нэг сая доллар төл” гэсэн. Тийм их мөнгө надад байтгуай намд байхгүйг би хэлээд, энэ асуудлыг ингэж наймаа тохиролцооны аргаар биш, хууль хяналтын байгууллагаар үнэнийг нь тогтоолгоё гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Доржзодов "тэгвэл 800,000 доллар болгож бууруулъя, надтай энэ асуудлаар  Женко Баттулга Херогийн Баатар нар хоёр ч удаа уулзаж санал тавьсан. Та нар миний тавьсан саналыг хүлээж авахгүй бол, надад өөр гарц байгаа шүү. Надад энэ хэмжээний мөнгөнөөс гадна манай гэр бүлд Австрали улсын визийг долоо хоногийн дотор гаргаж өг, тэнд бид 10 жил чимээгүй амьдаръя” гэж хэлсэн. Мэдээж, би ямарч боломжгүй энэ саналыг нь хүлээж аваагүй, бид нар гэмт хэрэг хийсэн биш, хуурамч эвлүүлэгт юу гэж мөнгө төлөхгүй, хууль зөрчихгүйг түүнд хэлсэн. Ердөө ийм л товчхон яриа болсон. Энэ яриа зөвхөн бид хоёрын дунд болоогүй, Доржзодовын өөрийнх нь  зуучлуулж уулзсан гурав дахь хүн нь сонсч л байсан. Гэтэл өнөөдөр өөрийнхөө тавьсан саналыг намайг тавьсан мэтээр нийгэмд тарааж байгаад харамсч байна. Үнэн ялгагдана, ялна. 

 

Дашрамд дурдахад Доржзодовыг манай цагдаагийнхан хамгаалалтад авсан байна, энэ бол зөв. Сонгуулийн бохир технологийн оролцогч нар элдэв халдлагад өртөх магадлал ихтэй байдаг. Хамгийн сүүлд Тайванийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийгөө хутгалж, надад халдлаа хэмээн сонгогчдоор өрөвдүүлээд сонгогдсон, дараа нь энэ нь илчлэгдсэн байдаг. Ийм эрсдлээс хамгаалсан нь зөв. Хэрвээ энэ хүнд ямар нэгэн зүйл тохиолдвол  МАН,  МАН-ын сонгуулийн штаб зохион байгуулсан мэтээр олон нийтэд ойлгуулах болзошгүй дүр зураг харагдаж байна.

 

Ер нь энэ удаагийн сонгууль маш бохир болж байна. Манай намыг гэхэд гурван сонгууль дамнуулан энэ 60 тэрбум гэдэг эвлүүлгээр гүтгэлээ. Ард түмэн одоо энэ сэдвээс залхсан, учрыг нь ойлгодог болсон гэдэгт итгэлтэй байна. Ард түмнээ хүндэтгээд улс гэр, төрийнхөө тэргүүнийг шударга өрсөлдөөн, бодлогын мэтгэлцээн дундаас сонгож тодруулахыг уриалж байна" хэмээжээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.