-Тэдний цалинг хэвээр үлдээхээр боллоо-
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцлээ. Хууль зүйн сайдын төсвийн багцыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга З.Энхболд харьяа агентлаг, байгууллагуудын өнгөрсөн 10 жилийн төсвийг он, оноор нь асууж, нэг ёсондоо шалгалт авлаа. Учир нь төрийн байгууллагууд цалингаа хасуулах дургүй байгаа учир спикер сүүлийн жилүүдэд төсөв нь өссөн гэсэн тоон үзүүлэлтийг олон нийтэд ил болгохыг хүссэн гэнэ. УИХ-ын Тамгын газрын төсөв ч сүүлийн 10 жилд 6-7 дахин өссөн байна. Тэд цалингийн 10 хувь болон туслах, зөвлөхүүдээ цомхтгон эдийн засгийн хүнд үед хэмнэлт хийхэд бэлэн байгааг З.Энхболд дарга хэллээ.
Түүний шалгалтад аль ч байгууллага сүүлийн 10 жилийн төсвөө он дарааллаар хэлсэнгүй. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг л гэхэд 2010-2012 онд төсөв өндөр байсан учраас яамны төсвийн багц ч өссөн гэсэн тойм хэлэв. Хууль зүйн үндэсний хүрээлэн 2010 онд нэг тэрбумын төсөвтэй байсан бол энэ онд 529 сая, ирэх онд 650 сая төгрөгийн төсөвтэй ажиллана.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2009 онд 1.9 тэрбум, 2010 онд 5.2 тэрбум, 2011 онд 13.3 тэрбум, 2012 онд 19.7, 2014 онд 17.9, энэ онд 18.8 тэрбум төгрөгийн төсөвтэй болж огцом өссөн байна. Энэ нь иргэдийн шинэчилсэн бүртгэл болон сонгуулийн жилийн бэлтгэл ажилд тоног төхөөрөмжийн зардал их гарсантай холбоотой гэж тус газрын дарга Ц.Пүрэвдорж хэллээ. Гэвч УИХ-ын дарга "Сүүлийн жилүүдэд лавлагаа авдаг ТҮЦ машин олон болсон. Гэвч УБЕГ-аас нэг ч хүн ажлаас халагдаагүй. Уг нь ТҮЦ машины ажлыг гараар гүйцэтгэдэг байсан хүмүүс ажилгүй болох ёстой” гэв.
Архивын ерөнхий газарт ямар ч тооцоо байхгүй, нарийн тоо мэдэхгүй гэж төлөөлөл нь хэллээ. Авлигатай тэмцэх газар 2012 онд 10.1 тэрбум, 2013 онд 11 тэрбум, 2014 онд 13.1 тэрбум, 2015 онд 9.9 тэрбумын төсөвтэй ажиллаж байгаа аж. Үндсэн хуулийн цэц гэхэд 2011 онд 10 сая, 2015 онд 812 сая төгрөгийн төсөвтэй байна.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө нууцалж байлаа. Тус газрын дарга Н.Лүндэндорж тоогоо буруу хэлэхээс сэрэмжилж байна гээд төсөвт эзлэх хувиар нь хэллээ. Тус газрын төсөв салбарын төсвийн 0.30-0.40 хувийг эзэлдэг гэнэ.
Ингээд бүх байгууллагын төсвийг сүүлийн 10 жилээр гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд танилцуулах үүргийг УИХ-ын даргаас Сангийн яамныханд өглөө. Төсөв хэр тэлснийг иргэд мэдэж байх ёстой гэж үзлээ. Дарга нар, удирдах ажилтнууд нь байгууллагынхаа төсвийг цээжээр мэддэг байх ёстойг сануулав.
Ингээд хуулийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй, хэвээр үлдээхээр болов. Энэ саналаа төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм. Улс төрийн албан тушаалтны цалинг 30, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар энэ он дуустал гурван сарын хугацаанд бууруулахаар энэ оны төсвийн тодотголд тусгасан. Ингэж цалингаас 1.8 тэрбум төгрөг хэмнэхээр тооцсон юм.
М.Цэцэг
Зууны мэдээ
Сэтгэгдэл