М.Энхболдыг балбах санааны цаад нууц юу байв?


 
М.Энхболдыг балбах санааны цаад нууц юу байв?М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Одоо тэрбээр намаа ялагдалд хүргэсэн гол буруутан болж, бүх хариуцлагыг нуруундаа үүрэх гэж байна. Бас болоогүй ээ, түүнийг ялагдлаас өөр олон шалтаанаар буруутгаж, МАН-ын хамгийн "хар” мөртэй нэгэн болгов.
Хамгийн гол нь хэн М.Энхболдын бурууг дуудаж, "булхайг” илрүүлэв. Хариулт нь, бодож байснаас тэс өөр буюу тэрбээр намынхаа нөхдөөс бүх буруутгалыг сонсож байгаа билээ. Тодруулбал, М.Энхболд гэгч томоохон тээг тушаа МАН-ын доторх зарим нэгэн фракц бүлгийнхний хөлд орооцолдож, намын удирдлага, цаашилбал, Монгол Улсын засаг, төрийн тэргүүн болоход саад болсоор байгааг бүгд мэднэ.
Энд хэний тухай бичиж байгаа ч мөн мэдэж байгаа гэхэд буруудахгүй. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн муугаас болж ялагдаагүй гэдэг нь одоо улам бүр тодорхой болсоор байна. Тодруулбал, МАН-ын доторх Зүүний хүчний холбоо түүнийг дэмжиж ажиллаагүйгээр үл барам эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсныг тэдэнтэй ойр байх эх сурвалжууд баталсаар байна.
Тэрхүү нам доторх сөрөг бүлэгт МАН-ын хийгээд Монголын удирдлага болох асар том ашиг сонирхол бий ажээ. Өөрөөр хэлбэл, улсын хамгийн том намын удирдлага байснаар сонгуульд олонх болсон тохиолдолд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг авах бүрэн боломж үүснэ. Цаашилбал, ард түмэнд таалагдах нийтлэг аргуудыг хэрэглэснээр Ерөнхийлөгч болох ч бололцоо бий болно. Тиймээс МАН-ын эл фракцад ирэх дөрвөн жилд М.Энхболд л биш бол өөр хэн нь Ерөнхийлөгч байсан хамаагүй гэдгийг жиргээчид барим тавим нотолж байгаа.
Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл М.Энхболд тэднийг буруутгаж, өөрийгөө зөвтгөсөнгүй. Үүнийг олон нийт "Тэнэгийн дотор уужуу” гэж ярьж байгаа ч нөгөөтэйгүүр "Ард түмэн тэнэг биш. Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа дор нь харуулна гэдгийг мань эр ойлгож байгаа” ч гэцгээх болсон.
Энэ нь ч үнэн болж, Зүүний хүчнийхэн ойрын үед элдэв арга саамаа барж гүйцэв үү яав, муухан боевик киноноос дээр гэмээр үйл явдлын тухай бүх хүнд ярьж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тэдний бай энэ удаа М.Энхболдыг биш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу чиглэжээ. Үүнийг хараад, хэрвээ М.Энхболд хүлээцтэй хандалгүй, эсрэг дуугарсан бол дуусашгүй хэрүүл үүсэх байж гэж бодогдмоор. Тиймээс яаж хатгаад хөдөлж өгөхгүй байгаа М.Энхболдоос хатгуур зүүгээ сугалаад дараагийн бай руугаа хүч тавин хөдөлж буй нь энэ бололтой.
Гэвч бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд тав алхалгүй баригдах хүмүүсийг хөлсөлж, бусдын, тэр дундаа Шадар сайдын амийг аваар ир гээд сууж байна гэхээр арай л үнэмшил муутай санагдсаныг нуух юун. Манай улс үе үехэн булчин шөрмөс, зодоон цохионоороо гадаадад нэрээ гаргаж байгаа энэ үед Шадар сайдыг бүрэлгэх гэсэн "Жи” ажиллагааны тухай л дэлхий битгий сонсоосой гэж найднам.
 
Х.Маргад
 
erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.